Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бол дорнын биш өрнийн орон

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ дахин хэлэлцэж эхлээд байна. Дахин гэж тодотгохын учир нь уг хуулийг өмнөх парламентаар баталчихсан байсан юм. Ингээд есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байв. Гэтэл одоогийн парламент тогтоол үйлдэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг багц хуулиудынх нь хамт хэрэгжих хугацаанаас нь өмнөхөн татчихсан. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн тухай хуультай дагалдах таван багц хууль гэж бий. Тэр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд юм. Эндээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн тухай хуулиудыг 2017 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр баталчихсан. Үүнээс өмнө дагалдах багц хуулиудыг нь батлах ёстой. Тэгж байж хууль бүрэн утгаараа хүчин төгөлдөр үйлчлэх юм. Харин УИХ одоо таван багц хуулиас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нь сугалан авч хэлэлцэж эхлээд байна.

Маш удаан хугацаанд хэлэлцэгдэж байгаа энэ хууль зарим төрийн түшээдийн багийг хуулж байна. Ялангуяа УИХ-ын гишүүн А.Сүхбат асар хоцрогдсон үзэл бодолтой хүн болохоо харууллаа. Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр түүний хэлсэн үг ийм дүгнэлт хийхэд хүргэв. Тэрбээр уржигдар Их хурлын танхимд хариуцлагатайгаар хэлсэн үгэндээ Монголыг барууны биш дорнын орон гэлээ. Улмаар “Өрнийн соёлын хуулбар болсон хууль манайх шиг дорнын соёлтой ард түмэнд огт таарахгүй” гэж байх юм. Үнэндээ бидэнд дорнын гэх түй ч байхгүй. Одоо бидэнд эхнэр болох хүнээ богтолж авдаг тийм зүйл бий бил үү. Монголчууд аль социализмын үеэс л баруунжсан шүү дээ. Даяаршлын ертөнцөд бид барууны өндөр хөгжилтэй орнуудын бүх зүйлийг эдэлж хэрэглэж байна. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа, эрх ямба эн тэнцүү байна. Хүний эрхийг дээдэлж, хамгаалсан хуультай байна. Өрнийн орнуудын жишгээр соёл, боловсролын салбар маань дэлхийн стандартыг хангаж байна. Зах зээлд бизнесийн чөлөөтэй өрсөлдөх зарчим үйлчилж байна. Ингээд харахаар бид яав ч дорнын орон биш байгаа биз дээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ цаг үед дорнын орны соёлын талаар жишээ хэлье л дээ. Бангладеш, Афганистан зэрэг орнуудад эхнэр хүн нөхрийнхөө эзгүйд хаалгаа хэнд ч тайлдаггүй. Ойр дотнынх нь хэн гуай ч байсан цонхныхоо цаанаас “Манай нөхөр 19:00 цагт ажлаасаа ирнэ. Тэр үед зочлоорой” гэдэг. Дорнын зарим оронд гэр бүлийн баталгаа ч гэж байдаггүй. Харин хуримын хувцастай хосуудын зураг гэрлэлтийн гэрчилгээг төлөөлдөг байна. Нэг ёсондоо гэр бүлийн харилцааг зохицуулсан хууль мөрддөггүй гэсэн үг. Тиймээс ёс жаягаа л дагадаг. Эхнэрээ богтолж авдаг байдал одоо ч тэдгээр оронд мөрдөгдсөн хэвээр байгаа. Тухайн гэр бүл болох хүмүүсийн хоёр талын эцэг, эх тэдний хувь тавиланг шийднэ. Удам угсаа, гарал үүсэл зэргийг сайтар судалж байж шууд гэр бүл болгочихдог. Өөрсдөө шийдвэр гаргаж, хайр сэтгэлээ дагаж амьдралаа холбох нь тун ховор. Эмэгтэй хүн мундаг боловсролтой эр нөхөртэй болохыг хүсвэл хадам талдаа инж болгож их хэмжээний мөнгө төлдөг гэж байгаа. Хуримын ёслолын дараа энэ амлалтаа биелүүлээгүй тохиолдолд нөхөр нь зодож жанчих бол хэвийн үзэгдэл ажээ. Тэр байтугай хоёр, гурван эхнэртэй байхыг нь дорнын ёсонд зөвшөөрдөг. Энэ байдал орчин цагт ч үйлчилсээр байгаа юм. Мөн Япон, Солонгос зэрэг орнуудад эхнэр хүн нөхрөө нэрээр дууддаггүй. “Тэрний аав аа, энэний аав аа” гэж хүүхдийнхээ нэрийг онцлоод байх нь тэр. Харин монголчууд хэзээ байтлаасаа ингэдэг байлаа даа. Өнгөн талаас нь харахад эр хүнийг бурхан мэт шүтэн дээдэлж, нэрийг нь ч хэлэхээс цээрлэдэг зэрэг дорнын соёл манайхны зарим эрчүүдэд сайхан санагддаг бололтой. Ер нь Монголын эрчүүдийг зөнд нь хаявал тэрхүү хоцрогдсон бадрын ёс руу явах хүн олон байна. Ямар сайндаа “Эхнэр, илжиг хоёрыг сардаа нэг удаа зодож байх хэрэгтэй” гэсэн яриаг гаргацгааж, тэрэндээ итгэн хөөрцөглөцгөөж байх юм. Тэднээс бүдүүлэг харанхуй руу тэмүүлсэн энэ мэт олон үзэл санаа цухалзаж байна гээч. Үндсэн хуулиа баталж байхдаа хоёр эхнэртэй байхыг дэмжих санал гаргаж байсан гээд бодохоор арга ч үгүй биз дээ. Тэртээх 1991 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийг батлахаар хэлэлцэж байхад Төв аймгаас Ардын их хурлын депутатаар сонгогдсон, малын их эмч мэргэжилтэй М.Гантөмөр гэх хүн ийм санал дэвшүүлж байсан байгаа юм. Түүний энэ саналыг зарим депутат ч дэмжиж байсан гэдэг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол нийгэмд хүлээлт үүсгэж чухал хуулиудын нэг. Учир нь гэр бүл дэх хүчирхийлэл улам хүрээгээ тэлж, хохирогчдын тоо өссөөр байна. Төрийн бус байгууллагуудын нэгтгэн гаргасан судалгаагаар өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алджээ. Мөн хамгийн эрхэм хүн хэмээн итгэж, хайрладаг эцэг, эх, ах, эгчдээ зодуулж, хорвоог орхисон хүүхдүүдийн тоог харахад даанч халагламаар. Манайхан хүүхдээ бага, балчраас нь ганц нэг тонших байдлаар гар хүрч эхэлдэг. Томрох тусам нь алганы амт үзүүлэх давтамж нь ойртдог. Нийгэм даяар аавдаа зодуулж өссөн хүүхдийн аав ерөөсөө буруудаагүй байна. “Хэзээнээс эцэгтээ зодуулсан хүүхдийн барцад нь арилдаг гэдэг дээ” гээд л хүүхдэдээ гар хүрдэг аав нар зөндөө. Тэгвэл аавдаа чөдрөөр ороолгуулаагүй гээд сайн байгаагүй жишээ дурдъя. Эцэг, хүү хоёр аливаа үл ойлголцох асуудлаа шийдэхийн тулд өөд өөдөөсөө харж сууж байгаад санал бодлоо нэгтгэж сайхан зөвшилцөж байсан тохиолдол Монголд бараг байдаггүй. Заавал ийм муу урхагтай ул мөр үлдээдэг. Ямар нэгэн айдастай, түгшүүртэй монгол хүн хэзээ ч өөдөлдөггүй. Тиймээс сүүлийн 800 жил байнга уруудлаа. Одоо дэлхийн 200-гаад улсын сүүл мушгиж явж байна. Хөгжлөөрөө, амьжиргааныхаа түвшнээр, хүчирхийллийн зэргээр бид ийм л арчаагүй байдалтай байна.

Тэгвэл өрнөдийн орнуудын хуулиар гэр бүлийн эрхэм харилцааг дээд зэргээр зохицуулсан байдаг. Тухайлбал, шинэ хүнийг мэндлэхээс өмнө хувцас, хэрэгсэл, тоглоом, хүүхдийн өрөө зэрэг түүнд зориулагдсан бүх зүйлийг бэлдсэн байх ёстой. Хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл сонирхсон асуултад нь бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөөр хариулдаг байх зэрэг эцэг, эхийн үүргийг хуульчилчихсан. Хэрэв аав, ээж нь хүүхдүүдэд таалагдахгүй ааш, аяг гаргавал шууд тусгай утсанд мэдэгдэж, эрхээ эдэлдэг. Гэр бүлийн гишүүд бүгд тэгш эрхтэй. Энэ бүх боломжийг хуульчилсан болохоор өрнөдийн орнууд хөгжлийн манлайд хүрсэн байдаг юм. Харин бид улам харанхуй, бүдүүлэг рүү явах боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *