“Монголын сайхан бичигтэн 2021” улсын уралдааны бүтээлийн төрөлд гуравдугаар байрт Москва хотод ажиллаж амьдардаг монгол хэлний багш, хэл шинжлэлийн магистр, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн монгол, төвөд хэлний тэнхимийн зочин багш Ц.Дорждэрэм шалгарч, том охин Б.Сүндэрьяа нь хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт шагналынх нь батламжийг гарджээ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүхэн шалгаруулдаг тус уралдаанд өнөө жил 1500 хүн оролцсон юм.
Ц.Дорждэрэм багш Их зохиолч Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн 4 дүгээр бадгийн 4 дүгээр мөр
“Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” хэмээн шаазан аяганд зураглан дүрсэлж бичсэн нь ийнхүү уралдааны шүүгчдийн анхааралд өртөн үнэлэгдсэн байна.
“Сайхан бичигтэн 2021” улсын уралдааны шагналтан багш Ц.Дорждэрэм 2007 оноос Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимтэй тогтмол харилцаатай байж, 2009 онд урилгаар багшилж байсан, 2019 оноос тус сургуулийн зочин багшаар ажиллаж Европ дахь монгол судлалын хүлээн зөвшөөрөгдсөн төв Санкт-Петербургийн их сургуульд монгол хэл, судлалаар суралцаж байгаа орос оюутнуудад монгол ярианы хэл, калиграф буюу бийрэн бичиг зааж буй сурган хүмүүжүүлэгч юм.
Тэрбээр 2021 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд мянганы түүхтэй монгол бичгээ заах сургалт зохион байгуулж, багшилсны зэрэгцээ өөрийн үүсгэн санаачилсан “Өрлөг эх” төрийн бус байгууллагын шугамаар Москва хотод ажилладаг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам ХНН, “Монголросцветмет” ТӨҮГ-ын төлөөлөгчид, багш Д.Мөнхжаргал, ОХУ-д бүртгэлтэй “Интермедика” компанийн дэмжлэгтэй Москва хотын зарим сургууль, цэцэрлэгийн орос хүүхдүүдэд монгол бичгээр урласан гарын бэлгүүд гардуулж, босоо монгол бичгээ ОХУ-д сурталчлан ажиллаж буй монгол багш юм.