Увс аймгийн Монгол Улсын маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит арван жилийн нэгдүгээр сургуулийн 8б ангийг 1976 онд төгссөн нэг ангийнхны төгсөлтийн дөчин жилийн уулзалт өнгөрөгч долоо хоногт болов. Нийслэл хотын төв талбайд сэтгэл догдлон цугласан тэд хорин зургуул эх орны өнцөг булан бүрээс хуран цуглажээ. Найм төгсгөсөн ангийн багш нь Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт Ж.Чулуун хэмээх дал гаруй насны ануухан хүн байна. Математикийн багш мэргэжилтэй Ж.Чулуун бүсгүй эдний ангийг 1972-1976 онд удирдан төгсгөжээ. Ангийн дарга Н.Баяртсайхан нь талбай дээр хараахан ирээгүй ч ангийнхнаа өөрийн албан байгууллага “Монгол банк”-н дээр хүлээн авахаар тохирсон байв. Бүлгэмийн дарга Бямбаагийн Орлом хэмээх царайлаг төв бүсгүй багын сурсан зангаар ангийнхнаа манлайлан чиглүүлэх нь ясны даргын шинжтэй. Олон жил уулзаагүй биесээсээ гэрэвшсэн хөдөөдүү нэг нь “Энгэртээ тэмдэгтэй, амандаа яриатай улсын уруулыг угзраарай” гэсхийгээд нэгнийхээ хойгуур орох санаатай.
Д.Оюунгэрэлийн хувьд сувилагчийн сургууль төгссөнөөс хойш Увс нутагтаа 33 жил мэргэжлээрээ ажилласан гэнэ. Барилгын сантехникийн инженер Л.Цэрэнчимэд Эрхүүгийн политехникийн их сургуулийг дүүргэж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт белазын хэсгийн мастераар хорин долоон жил ажиллаж байгаа аж. Багадаа “сармагчин” хочтой байсан А.Гантулга Увстаа Барилга угсралтын трестэд жолоочоор ажиллаж Онц тээвэрчин болсон гавьяатай. Д.Балган бол ангийнхныхаа хамгийн авьяастай нь гэж хэлж болно. Аймгийнхаа Усны аж ахуй, есдүгээр баазын агрегет засварчнаар ажлын гараагаа эхэлсэн эл эрхэм 1986 онд Ардын язгуур урлагийн наадамд бий биелгээгээр алтан медаль авч, Монгол Улсын зуун өв тээгчийн нэгээр шалгарсан нэгэн юм. Эдний ангийг гуч гаруй сурагчид төгссөн ч эдүгээ арваад нь бурхны оронд оджээ. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, ангиараа Ганданд очиж буяны ном уншуулсан нь хар багын найзуудаа үгүйлэн санасны гүн илрэл гэлтэй. Улсын залуу аваргаар тодорч явсан онц тээвэрчин Р.Дамдинхүү “Увс хүнс” компанид ажиллаж буйгаа дуулгасан бол Ц.Ганхөлөг мөн л аяны шар замд жолоо мушгиж ургацын аварга болж байснаа хүүрнэв. Шатахуун тээврийн есдүгээр баазын тэргүүний жолооч З.Сүхбаатарыг том биетэй хүүхэд байсан учир “Аав, эцэг” хэмээдэг байсныг ангийнхан нь шивнэв. Б.Уранчимэг бүсгүй нягтлан бодогч мэргэжилдээ хайртай гэдгээ хэлж байна. Хувиараа бизнес эрхлэгч Х.Нансал-Орломыг “шулуун зантай, шувуун амтай” гэж хөвгүүд нь танилцуулахад тэрээр яг л хүүхэд ахуйн янзаар ичингүйрэх нь инээдтэй. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж хүүхэд багачуулыг гэгээрүүлж явсан М.Цэзэн “Гермес” төвд багшилдаг бол тэргүүний оёдолчин Г.Цэцэгмаа цагтаа Германд суралцаж эсгүүрийн мастер мэргэжлийн эзэн болсноороо бахархав. Түүнийг өргөн магнайтай болохоор “Ленин багш” гэж хочилдог байсан нь одоо ч мартагдаагүй аж. З.Уртнасан бүсгүй хилийн цэргийн даргатай ханилж, Орос-Туватай залгах Монгол Улсынхаа торгон хил дээр “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” болж насаараа амьдарлаа гэх. Цэцэрлэгийн багшаар олон жил ажилласан Г.Эрдэнэцэцэг эдүгээ “Говь” компанид ажиллаж байгаа юм байна. Онц тээвэрчин Г.Ганзориг хүүхэд байхдаа ёстой нэг охидын нүд унагасан нүд хөмсөг болсон залуу байж гэнэ дээ. Увс нутгийн хурдан мориороо алдаршсан Б.Далайгийн эгч Б.Бадамсүрэнгийн намтар дэндүү баялаг. Тэрээр төрөлх нутагтаа багийндаргын албыг 12 жил хашсан бөгөөд хувиараа газар тариалан эрхэлж энгэрээ “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Нутгийн удирдлагын тэргүүний ажилтны цол тэмдгээр мялааж, орон нутгийн сонгуульд дөрвөн удаа сонгогджээ. Тиймээс ч “УИХ-д Цэндийн Нямдорж дархан суудалтай, Улаангомд Бадамсүрэн нэг дархан суудалтай” гэсэн хэлц үг хүртэл түүнд зориулагджээ.
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Б.Байгалмаа аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн лаборантаар 34 жил ажилласан байна. Т.Цэцэгмаа эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт гучаад жил ажиллаж эрчим хүчний тэргүүний ажилтан, тэргүүний уурхайчин болжээ. Нийслэлийн тэргүүний ажилтан С.Баяр-Өлзий бол Нийтийн аж үйлдвэрийн яамнаас ажлын гараагаа эхэлж 18 аймаг, дөрвөн хотын цэвэр усны системийг ашиглалтад оруулсан буянтан. Тэрээр Нийслэлийн захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын болон “Улаанбаатар нэгтгэл”-ийн ерөнхий инженерийн албыг хашиж иржээ. “Чөтгөр” хэмээх М.Очирбат Онцгой байдлын газарт насосын нэгдүгээр зэргийн жолоочоор ажилласан осолгүй манлай, онц тээвэрчин гэнэ. Увсын эрчим хүчний байцаагчаар ажилласан С.Уламбаяр Дархан хотод мал маллаж байгаа аж. Эрчим хүчний тэргүүний ажилтан энэ эрхэм ангийнхныхаа дараагийн уулзалтын ууцны хонийг бэлдэнэ гэдгээ амлаж байгаа дуулдана лээ. Д.Нямжавын намтар бусдынхаасаа хавьгүй зузаан гэлтэй. Тэрээр УБДС-ийг түүхийн багш мэргэжлээр дүүргэж, аймгийнхаа Намын хороонд лектороор ажиллаж улмаар Москвагийн Нийгмийн ухааны дээд сургуулийг төгсөн, Увс аймгийн МАХН-ын хорооны даргаар дэвшин долоон жил ажилласан нэгэн. Нэгэн үе ГХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж, 2001 оноос Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон түүхтэй. Тэрчлэн 2008-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдон ажиллахдаа С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гурван ч Ерөнхий сайдтай гар сэтгэл нийлсэн төр нийгмийн зүтгэлтэн аж. Д.Нямжав сүүлийн дөрвөн жил Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирал, дэд захирлын албыг хашиж байгаа аж. Ангийнхныхаа уулзалтыг голлон зохион байгуулагч тэрээр найз нөхдөдөө аль болох л тусалж дэмжиж явдгийг ярьцгааж байсан.
Ерөнхий сайд Санжийн Баярын багт багтаж Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг тэглэхэд оруулж явсан гавьяа түүнд бас харьяалагдана. Д.Нямжав ЭСЯ-ны урлаг соёл, боловсрол, спортын чиглэлийн бүхий л ажлыг хариуцаж ажилласнаар тухайн үед зуун оюутан л ОХУ-д сурдаг байсныг 300 гаруй болтол өсгөсөн гэдэг. Тэрээр 2005-2008 онд С.Баяр даргын зөвлөхөөр ажиллаж, УИХ-д 34 суудалтай байсан намаа 45 суудалтай болгож байж. Ангийн дарга Надмидын Баяртсайханы тухайд эдүгээ Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна. Ангижавууд нь Баяраагаа “Монгол Улсын албан ёсны хоёр тамгатай Ерөнхийлөгчийн нэг нь манай ангийнх” гэж өмчилдгөө нуусангүй. Н.Баяртсайхан УИХ-д гурвантаа сонгогдож, Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажилласныг ард түмэн сайн мэднэ. Бага байхдаа ангийнхан хүүхдийн гэнэн зангаар их дүрсгүйтдэг байж. Охид хөвгүүдгүй цүнхээрээ байлдацгаах. Нэгэнтээ Сүхбаатар цүнхээр Нямжавын “гурвын дунд” цохин амьсгалыг нь боогдуулж унагажээ. Үүнийхээ хариуг Нямжав нь Орломын цүнхийг эргүүлж байж шидсэнээр авсан бөгөөд Сүхбаатарын зүүн хацарт цүнхний төмөр шигдэн орж сорвитуулснаар “байлдаан” өндөрлөж байсан гэх. Бас нэг инээдтэй түүх хүүрнэхэд, Сүхбаатар биерхүүдээ эрдэн охидыг шүүрэн цээжээр нь аг чиг тэвэрч авахад хөвгүүд цуварч үнсэн үйлийг нь үздэг байсныг охид ичингүйрэн дурсав.
Баяртсайхан, Цэрэнчимэд хоёр зодолдож байтал нэгнийх нь эсгий гутал сугарч одсон хөөрхөн түүх он жилүүдийн цаанаас дурсагдаж байна. Баяр-Өлзий Баянхонгороос шилжиж ирсэн болохоор эдний ангийн ганц халх хүүхэд байж. Тэрээр Уралын их сургууль дүүргэснээ хуучлахдаа “Борис Ельцин бид хоёр нэг сургуулийнх” гэж ирээд хөөрхөн “томров”. Баяртсайхан их “коммун” зантай болохоор ангийн хөвгүүд ярилцаж байгаад Улаан ууланд дагуулан очиж “Беломорканал” татуулчихаад “Ангийн дарга л биднийг тамхи тат гээд байсан” гэж багшдаа ховлон хэлмэгдүүлж, уйлуулж байснаа инээлдэн хүүрнэлдэв. Цэрэнчимэд өөртөө үйлчлэх Голын дэлгүүрээс ууттай хар чавга “туугаад” музей үзэнгээ найз нараа дайлж байснаа ярьж байна. Олег Васильевич Носков хэмээх орос багшийнхаа үйлийг ч ёстой барж өгдөг байж дээ. Ямар сайндаа л тэд “Тавдугаар сарын 1” гэхийг “Таван майяа” гэж хэлээд багшийнхаа элгийг хөшөөж байхав. “Ганхөлөгийг яагаад Гомбоо гэдэг байлаа” гэж нэгнийгээ асуухад “Яахав, Сүхбаатар жанжны туслах болохоор Гомбоо гэчихгүй юу” гэж нөгөөх нь хариулна. Дуламжав гэж эрүү жаахан урттай, түүхийн багш бүсгүй байж. Энэ багшаа ангид орж ирэхэд нийтээрээ “Эрүү цагаан болжмор шувуу нь хө…” гэж дуулан уйлуулж байснаа бас дурсана.
Хөдөлмөрийн багш Хүрэлжавын хичээл дээр урласан модон буугаар байлддаг байснаа, улсын тэргүүний бүлэг болохын өмнөх жил ангийн дарга Баяртсайхан нь гахай тэврэн, жагсаал алхаагаар бүгдээр анги хэссэн хөгжилтэй түүхээ тэд мартсангүй. Бас наймаачин оросоос нүцгэн хүүхний зурагтай хөзөр худалдан авч хичээл дээр охиддоо нууцаар үзүүлж, нүдий нь орой дээр нь гаргаж явснаа тэд нулимсаа гартал инээлдэн ярих нь халуухан дурсамж сэдэрсний шинж аж. Х.Цэвэлмааг багш нь самбарт дуудаад сонсохгүй байсан тул “Хөөе, чихгүй толгой” гэж дуудсанаас хойш аав, ээжийн өгсөн нэр мартагдаж Чихгүй толгой болсон нууцыг ч тэд дэлгэв. Бүлгэмийн дарга Орлом бол насаараа монгол хэл-уран зохиолын багшаар ажиллаж, Улаангом хотын хөдөлмөрийн хошой аварга, аймгийн ажил мэргэжлийн аваргаар тодорч байсан “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тан. Дөчин жилийн дараа уулзсан нэг ангийнхан “Чингисийн хүрээ” жуулчны баазад тухалж, Монголбанкны эрдэнэсийн сангийн музей, Төрийн түүхийн музейд саатан, төрийн ордонд айлчлан, есөн хөлт цагаан тугнаас адис аван, Жаргалантын амралтын газар хэд хоног саатаад салахын цагт нүд дүүрэн нулимстай байцгааж. Тэд ангийн багш Чулуундаа урлагийн бүтээл болох морины урлал бэлэглэсэн нь маш их таалагдсан гэнэ. Ангийн бас нэг онц тээвэрчин Т.Цэцэнцол ангийнхнаа амралтын газарт гүйцэн очсон гэнэ.
Бүлгийн дарга Орлом ангийнхаа дөчин жилийн уулзалтын талаар “Жаргалантын амралтанд очсон оройгоос ирэх хүртлээ хүүхэд насны хөгжилтэй мөчөө дурсан, элгээ хөштөл инээлдэж үнэхээр хэдэн насаар залуужлаа. Манай ангийн Нямжавыг найз нөхдийнхөө илүү дутууг нь гүйцээж, зовлон жаргалыг нь хуваалцаж, заавар зөвлөгөө өгч, дэмжиж тусалж явдаг талаар тун чиг олон хүн дурсан ярьцгаах юм. Нэг удаа Уламбаярыг хөдөөнөөс ирэхэд нь “Найз нь чамд архи авч өгөхгүй, миний машинд суучих, хоёулаа саунд очиж оръё” гээд аваачиж саунд оруулахад анх удаа саунд орж үзсэн Уламбаяр маань цээж нь дүүрч бачууран “Нямжав аа, би орж чадахгүй юм байна. Хөгшин чинь гараад чамайг хүлээгээд сууж байя” гэсэн гэнэ. Тэгэхээр нь Нямжав “Залуу, зүгээр зүгээр, наад арьсны чинь нүх сүв нь онгойгоод чамд хэрэгтэй” гэсэн боловч би тэсэлгүй гарсан” гэж бөөн инээд тарилаа. “Манай ангийн хөвгүүд ямар сайхан хүмүүс болсон юм бэ, хүүхэд байхдаа бидний нүд сохорчихсон байсан болов уу” гэж Оюунгэрэл маань харамссан янзтай ярьж дахиад бөөн инээдэм боллоо. Ангийнхаа охинд хайртай байснаа илчилж чадалгүй байсаар байгаад хадамд гаргасан тухайгаа Гангаа, Сүхээ нар ярьж, хэдий тийм ч одоо сайн ханьтай учирч, үр хүүхэдтэй, ач зээтэй гачигдах дутагдах юмгүй сайхан амьдарч байгаа тухайгаа бахархан ярилаа. Дотроо бодож байхаар хэлэх нь яасан юм, амьдрал болох ч байсан юм бил үү яаж мэдэх вэ, дэндүү оройтож дээ гэж охид бөөн инээд боллоо. “Манай ангийн даргын хэлэх үг нь хүртэл эмх цэгцтэй, товч тодорхой, агуу хүн шүү, Монголын эдийн засгийг одоохон босгоно оо” гээд л даргаа магтацгаасан. Манай ангийн хөвгүүд ямар гоё дуулдаг гээч. Баяр-Өлзий, Гантулга, Нямжав, Цэрэнчимэд гээд л. Баяр-Өлзийгөөрөө “Хөөрхөн халиун”-ыг нь дахин дуулуулмаар байсан. Нямжав маань Дуурийн театрт очиж олон түмний сонорыг мялааж, сэтгэлийг баясгамаар дуучин юм. Цэрэнчимэд гадаадын орнуудаар аялж жуулчилсан зургаа үзүүлэн, өнгөтөөр ярихаас гадна өвөрмөц камераар бичлэг хийн, биднийгээ баярлуулав. Түүний сайхан яриаг Байгалмаа бүр биширч байсан. Б.Цэцэгмаа маань миний бичсэн мессэжийг уншаад эмчилгээ сувилгаагаа орхиод онгоцоор нисээд ирснээ ярихад нүдэнд өөрийн эрхгүй нулимс мэлтгэнэсэн. Цэзэн, Нямжав хоёр “Хүн хөдөлж үхэхгүй, хөшиж үхнэ” гэдэг юм гэж дасгал хөдөлгөөн сайн хийх тухай зөвлөж дасгал зааж өглөө. Ангийн багш маань ануухнаараа, андууд маань өнгөлөг цоглог байсаан. Бид ач үрээ дагуулсан эмээ өвөө нар биш, арван зургаан настай охид хөвгүүд шиг л нялхарсан даа. Уулзалт үнэхээр сайхан боллоо. Сална гээд бодохоор цээж харанхуйлаад, дотор бачуураад байна аа гээд нулимс унагацгаалаа. Бид Жаргалантаас хөдлөхдөө
“Он жилүүдийг хамт элээсэн ангийн охидууд
Орон зайг хамт өнгөрүүлсэн ангийн хөвгүүд…
Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон
Сургуулийн амьдралд дэндүү дасчээ…
Хун хундаа дасдгийн адилаар
Хүн хүндээ дасдаг юм байж дээ …
Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурын нулимс нүдийг минь бүрхлээ” гээд сурагч насны олон дуу дуулж хүүхэд насандаа очлоо. Эцэст нь нүдэндээ доголон нулимстай, бие биеэ тэврэн гурван жилийн дараа Увс нуурынхаа хөвөөнд багштайгаа уулзахын ерөөл дэвшүүлэн машиндаа сууцгаасан даа” гэж сэтгэл догдлон өгүүлж байлаа. Наймын б ангийн төгсөгч А.Гантулга ангийнхандаа зориулж
“Одонтын удмын Баяраа
Оройд нь манлайлж яваа
Орлом, Цэзэн тэргүүтэн
Оюуны ундраа багш нар
Түмэнд танигдсан Нямжав
Төрийн ордон хавьдаа
Нийслэлийн инженер Баяр-Өлзий
Менежер хийгээд завгүй
Няхуур зантай Урнаа, Цэцэгмаа
Нягталж шалгадаг ажилтай
Янжинлхам шүтээнтэй
Язгуур урлагийн Балган
Ядрахыг мэдэхгүй зүтгэдэг
Яггүй хөдөлмөрч Бадамсүрэн
Дамиа, Гангаа, Сүхээ, Цолоо
Дардан замын бурхан жолооч нарыг
Даалгавар хийдэггүй Гантулга
Дагаж давхиад л байгаа” гэж шүлэглэснээ багшдаа гардуулж өгчээ. Хүүхэд ахуйн гэгээн нөхөд ийнхүү дөчин жилийн дараа нийслэл хотноо цуглаж амьдрал жаргалын сайхан мөчүүдийг хамтдаа хуваалцсан ажээ.
Л.Батцэнгэл