Монголбанкны 2017 оны 2-р улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125,2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурлаа. Тайлант хугацаанд санхүүгийн үзүүлэлт ашигтай гарахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлжээ.
Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөлийг бүрдүүллээ.
Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181,395 сая төгрөг, 2013 онд 251,071 сая төгрөг, 2014 онд 535,475 сая төгрөг, 2015 онд 357,394 сая төгрөг, 2016 онд 1,648,026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байв. Валютын арилжааны алдагдал, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төв банкны алдагдалд голлон нөлөөлж байв.
Цаашид эдийн засгийн төлөв байдал сайжирч, ханш тогтворжсоноор Монголбанкны алдагдал буурч, санхүүгийн тайлан ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Монгол банкнаас мэдээллээ.