УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:
-Өмнө нь хийсэн бүтээсэн зүйлээ сэлэмдэж, нураадгаа болих хэрэгтэй. Биднийг эрх барьж байхад та нарын бодлого таалагдахгүй байна гэдэг байсан. Та нарын бодлого ч бидэнд таалагдахгүй байгаа. Би Монголбанкинд хийсэн шалгалтын гэдэс дотрыг нь уудлахгүй. Яагаад гэвэл ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Төсвийн алдагдлаа Монголбанкнаас нөхсөн байна гээд байх юм. Монголбанк УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу ажилласан байгаа. Шүүх, хяналтын байгууллагын ажлыг УИХ хийх юм уу гэв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Мөнгө босгосныг буруу гээгүй. Би өнгөрсөн хугацаанд хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний нэг. Хэмжээгүй эрхтэй хоёр хүн байсан гэж О.Баасанхүү үнэн хэлнэ лээ. Буруу зөрүүг засч, алдааг нь залруулъя гэж тогтоолын төсөл гарч байна гэж ойлгож байна. Ажлын хэсэг юм уу, УИХ дээр гарч байгаа тогтоолын төсөл ард түмний толгойг эргүүлж байгаа зүйлгүй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг буруу гэж хэлээгүй. Монголбанк ноён ам.долларыг биш хаан төгрөгийг хамгаалах үүрэгтэй. Үүнийг өнгөрсөн дөрвөн жил хангалтгүй биелүүлж байсан. Өнөөдөр бид үр дагаврыг нь харж байна. Зээл авсан аж ахуй нэгж, хүнийг буруутгаагүй. Зээлийг хэн ч авч болно. Хамгийн гол нь хугацаанд нь төлсөн үү, зориулалтаар нь ашигласан уу гэдэг асуудал яригдаж байгаа. Бараа таваарын үнэ буугаагүйг бид хэлсэн хэлээгүй ард түмэн мэдэж байгаа. Одоо үүнийг хууль хяналтын байгууллага ярьж хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсгийн дүгнэлт дээр ажиллах ёстой. Гэрээ хийсэн, ажил хариуцсан хүмүүс ажлаа хийгээгүй гэж байгаа. Ажлаа хийх хэрэгтэй гэв.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монголбанкинд хийсэн шалгалтын талаар арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолыг батлав.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ.