Япон Улс, Монгол Улс болон АНУ хамтын ашиг сонирхол, нийтлэг үнэт зүйлсийн төлөө гурван талт уулзалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр Токио хотноо зохион байгууллаа.
Гурван тал бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал, эдийн засгийн асуудал, хамтын ажиллагааны чиглэлийг өргөн хүрээнд авч хэлэлцэв. Гурван тал бие биетэйгээ нягт харилцаатай байх, Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй байлгах үзэл баримтлалдаа үнэнч байхаа дахин нотлов. Япон Улс болон АНУ нь Монгол Улсын ардчилал, гуравдагч хөршийн бодлогыг дэмжихээ илэрхийллээ.
Уулзалтад Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Такэхиро Фүнакоши, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн Департаментын Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлууд хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Марк Ламберт нар оролцжээ.
Япон, Монгол, АНУ нь НҮБ-ын дүрэм, бүрэн эрхт эрх тэгш байдал, улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болон хүч хэрэглэх, заналхийлэхийг хориглох зэрэг олон улсын эрх зүйн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор Украины ард түмэн зовлон шаналал туулж буйд санаа зовж байгаагаа илэрхийллээ. Гурван тал мөн цөмийн зэвсгийн эрсдэл болон олон улсын аюулгүй байдлын орчин муудаж байгаад гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлж, цөмийн дайнд ялагч хэзээ ч гардаггүй, өдөөж хэрхэвч болохгүй гэсэн үзэл санаачлагад нэгдэхийг бүх улс орнуудад уриалав.
БНАСАУ-ын цөмийн зэвсэг, түүнийг хүргэх хэрэгслийн хөгжүүлэлт, тэр дундаа 2022 онд урьд өмнө үзэгдээгүй олон тооны баллистик пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Япон, Монгол болон АНУ өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Талууд яриа хэлэлцээг дахин эхлүүлэх шаардлагатайг онцлон, БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, мөн яриа хэлэлцээнд оролцохыг уриалав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд мөн онцлов. БНАСАУ-ын хүн хулгайлсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг Япон Улс онцлоод энэ тал дээр үргэлж дэмжлэг үзүүлж байгаад АНУ болон Монгол Улсад талархал илэрхийллээ.
Гурван тал НҮБ-ын дүрмийн зарчим, зорилго болон дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллахаа дахин нотлов. Аль ч бүс нутгийн тухайн үеийн төлөв байдлыг хүчээр, албадлагын аргаар, эсвэл нэг талын санаачлагаар өөрчлөх оролдлогуудыг талууд эрс эсэргүүцэж, маргааныг энхийн замаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Бүс нутгийн хөгжил болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх тус тусын алсын хараагаа Япон, Монгол, АНУ хуваалцаж, хөгжин дэвжих, энх тайванч ирээдүйг цогцлоох хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хууль дээдлэх, маргааныг энхийн замаар шийдвэрлэх, хүний эрх, байгаль орчны хамгаалал болон эдийн засгийн хөгжлийг сурталчлахын төлөө хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ. Япон болон Америкийн Нэгдсэн Улсууд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд, түүнчлэн дэлхий даяарх мөргөлдөөнтэй бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаануудад Монгол Улсын оруулсан хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийлэв. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа талууд мөн илэрхийллээ.
Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчид бүс нутгийн болон дэлхийн цочролоос үүдэн олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч буй эдийн засгийн сорилтуудыг хэлэлцлээ. Эдийн засгийн шахалт зэрэг шинэ сорилттой тэмцэхийн тулд олон улсын эдийн засгийн дэг журмыг бэхжүүлэхийн чухлыг талууд онцлон тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал, эрдэс бодис чухал ашигт малтмал, оюуны өмчийн эрх, дижитал хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа талууд онцоллоо. Талууд Монгол Улсын бизнесийн орчин, ялангуяа Япон, Америкийн хөрөнгө оруулалт татах чадварыг сайжруулахын чухлыг хэлэлцэв. Япон, Америкийн Нэгдсэн Улсууд Монгол Улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар болон эдгээр төслүүдийн харилцан бие биенээ нөхөх, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцлаа. Тодруулбал, Монгол Улс, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын 462 сая ам.долларын санхүүжилттэй, Улаанбаатар хотын усны хүртээмжийг 80 хувиар нэмэгдүүлэх хамтарсан Усны компакт гэрээний талаар Японы талд танилцуулав. Монгол Улс Япон Улсаас Хөгжлийн Албан Ёсны Тусламжийн (ХАТ) хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдэд талархаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын бүс нутгийн харилцаа холбоог нэмэгдүүлэх, Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг бий болгох алсын харааг хэрэгжүүлэх зорилго бүхий Япон-Монголын сүүлийн үеийн хамтын ажиллагаа болох Японы ХАТ-г ашиглан байгуулж, Монгол-Японы хамтарсан компани үйл ажиллагааг нь хариуцсан “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Япон, Монгол хоёр орон онцлон тэмдэглэв.