Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо болов.

Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи нар ахлав.

Энэ удаагийн улс төрийн зөвлөлдөх уулзалтаар талууд 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр Монгол, Америкийн харилцааны түвшин Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүрсэн, Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын өртөг бүхий Хоёр дахь компакт гэрээг байгуулсан, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замын зураглалаа зарласан зэрэг чухал үйл явдал тохиосныг талууд сайшаан тэмдэглэв. Монгол, Америкийн хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор “LEAD Mongolia” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улс дахь Энхтайваны корпусын сайн дурынхны тоог нэмэх талаар ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтворжуулах, ил тод, нээлттэй засаглал, эрх зүйт тогтолцоог бэхжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэх талаар санал солилцлоо.

Уулзалтад, Монголын талаас ГХЯ, ҮАБЗ, ЭХЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ зэрэг байгууллагын нийт 20 орчим төлөөлөгч, Америкийн талаас Төрийн департамент, Сангийн яам, БХЯ, Хөдөлмөрийн яам, Худалдааны яам, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Худалдааны төлөөлөгчийн газар, Дотоодын аюулгүй байдлын яам, МСК, Холбооны агаарын газар, Цагаачлал, гаалийн алба, Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ зэрэг 12 байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *