Categories
мэдээ нийгэм

“Монгол анагаах ухаан XXI зуунд” оюутны эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж байна

АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд МАУА-ийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Анхдугаар хурлыг Уламжлалт анагаах ухааны институт (УАУИ)-ээс зохион байгуулж байгаа бөгөөд “Монгол анагаах ухаан XXI зуунд” сэдэв дор болж буй. Хурлыг нээжУАУИ-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва үг хэллээ. Тэрбээр академич Н.Төмөрбаатарын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар дурдахдаа мэдрэл судлалын шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, мэдрэлийн өвчнийг зүүгээр эмчлэх арга ухаанд мэргэшсэн багш, эмч, судлаач байсныг нь онцолж байлаа.Профессор Н.Төмөрбаатар нь Уламжлалт Анагаахын Сургууль, орчин цагийн Уламжлалт Анагаах Ухааны дэг сургуулийг үндэслэгч аж. Өдгөө түүний суурийг нь тавьсан сургууль нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр 40 гаруй доктор, 200 гаруй магистр хамгаалуулсан Эрдмийн ариун өргөө болж өргөжжээ. АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва цааш нь хэлэхдээ “Багш маань уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд анхны төгсөгчид та бүхэн манлайлагч, туг нь болж явах ёстой шүү” хэмээн онцолж байсныг тодотгож байв. Мөн АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж, Ш.Болд нар багшийнхаа тухай дурсан үг хэлсэн юм. Үүний дараа “Монгол анагаах ухаан XXI зуунд” хуралд зориулж 20 гаруй илтгэлийг хэлэлцэх ажлыг эхлүүллээ. Хурлын төгсгөлд шилдэг илтгэлийг шалгаруулах юм байна.

Д.Цэрэндолгор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *