Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Монголд адууны гурван стандарт бий. Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг . Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг юм байна.
Үүлдэрлэг байдлаар хэмжье гэхээр монгол адууны гений дарааллыг тогтоосон стандарт үгүй. Тэгэхээр энэ хуулиар Засгийн газар цаашид монгол адууны гений дарааллыг тогтоох үүрэг хүлээнэ. Энэ хүртэл монгол адууг өндрөөр нь хэмжиж уралдуулна. Ингэхдээ адууг лазераар буудаж өндрийг нь хэмжинэ. Гений дарааллыг тогтоохын тулд Монгол орны бүхий л аймгаар явж 20-50 мянган адууны шүлс, цусны дээж цуглуулах тул хугацаа шаардана” гэлээ.