Categories
гадаад мэдээ нийгэм

Молдова улс Оросын нөлөөг эсэргүүцэв DNN.mn

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан жижиг улс болох Зүүн Европын хамгийн ядуу Молдова улс удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө ОХУ-ын төлөөлөгчдийг тус улсад оруулахыг хориглож, Москвагийн улстөрчдийг дотоод хэрэгтээ оролцохгүй байхыг уриалжээ. Тус улсад ороннутгийн сонгууль энэ сарын 30-нд болох товтой байгаа юм.

ОХУ-ын Татарстан мужийн захирагч Рустам Минниханов Татарстаны засгийн газрын онгоцоор Молдовад ирсэн ч түүний онгоцонд газардах зөвшөөрөл өгөөгүй байна. Молдовын цагдаагийн газраас хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлд, Рустам Миннихановын айлчлал нь сонгуульд оролцож буй Оросын талыг баригчдыг дэмжих зорилготой байсан гэжээ. Түүнчлэн тус улсын Хилийн хамгаалалтын албаны газраас “Молдовын орон нутгийн сонгуульд хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих гэдэг нь үндэслэлтэй шалтгаан биш бөгөөд Оросын хүнд сурталтнуудыг манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг манай улсын эрх баригчид хүсч байна” гэж мэдэгдсэн байна. Харин Рустам Минниханов олон нийгмийн сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ, “Төлөөлөгчдийг хилээр нэвтрүүлээгүй нь харамсмаар үйлдэл” гээд “Түрэг үндэстнүүдийн өлгий болох Татарстан, Гагаузийн ард түмэн нь “ахан дүүс” гэж мэдэгджээ. Гагаузия нь Оросыг дэмжигч, үнэн алдартны шашинтай түрэг үндэстнүүдийн оршин суудаг Молдова улсын автономит муж юм. Молдова улсын газар нутгийн багахан хэсэг болох Транснистрийн бүс нутаг Оросын эрх баригчдын дэмжлэгтэйгээр салан тусгаарласан боловч бусад улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм. Одоо тус бүс нутагт ОХУ-ын 1400 орчим цэрэг тогтмол байрлан ЗХУ-ын үеийн сумны томоохон агуулахыг хамгаалж байдаг аж.

Хөрш Украинтай зэрэгцэн өнгөрсөн жил Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан Молдова улс нь ОХУ-ыг улс орныг нь тогтворгүй болгохыг оролдож байна гэж удаа дараа буруутгаж байгаа юм. Оросын байгалийн хийнээс 100 хувь хамааралтай Молдовад эрчим хүчний хямрал үүссэнээр инфляци өсч Молдовыг бүхэлд нь хамарсан улс төр, эдийн засгийн хямрал 18 сар үргэлжилсний эцэст Молдовын өмнөх засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон. Тус улсад нийгмийн талцал үүсгэж, тогтворгүй байдлыг бий болгоход ОХУ төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Молдова улсад зөөлөн хүчний бодлого явуулдаг гэж буруутгаж байгаа билээ.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *