Categories
мэдээ нийгэм

Могойд хатгуулсан хүнд архи өгч болохгүй

Сүүлийн хэдэн өдөрт Улаанбаатар хотод бамбай хоншоорт хэмээх хортой могой үзэгдэх, тэр байтугай хүн хатгах явдал цөөнгүй гарлаа.

Маршалын гүүрний ойролцоо Туул голд сэлж байсан хүн хортой могойд хазуулсны улмаас нас барав. Зөвхөн өчигдөр гэхэд л 25 дугаар эмийн сангийн орчмоос хоёр могой барьжээ. Мөн Хүүхдийн 100 хавиас могой олсон бичлэг цахим орчинд байх аж. Тиймээс Богд уул руу алхалт хийх, Туул голд загасчлах төлөвлөгөөтэй хүмүүсээс эхлээд нийслэл хотын иргэд ч хэрхэн биеэ хамгаалах хэрэгтэй вэ гэдгийг бодох цаг болжээ.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөж буйгаар бол хэрэв могойд хатгуулсан бол боломжтой нөхцөлд тухайн хэсгийг ирмэг нь арзгар бус, шил сав буюу бумбаар бумбадах ёстой аж. Эсвэл хатгуулсан газрыг өөрөө эсвэл өөр хүнээр соруулж хортой хэсгийг нь гаргах хэрэгтэй. Могойн хор ерөнхийдөө цусаар дамжиж нөлөөлдөг тул амаар сороод нулимахад хор нөлөө байхгүй гэнэ. Гэхдээ амаа цэвэр ус, өөрт байгаа шингэн зүйлээр зайлах нь зүйтэй. Түүнчлэн могойд хатгуулсан хүнд шингэн зүйл аль болох ихээр өгөх шаардлагатай. Боломжтой бол хатгуулсан хэсгийг хүйтэн усанд дүрэх хэрэгтэй юм байна.

Нийтлэг буруу ойлголт бол хазуулсан гар, хөлийн хэсгийн дээхнүүр чангалуур боолт тавих гэнэ. Ингэснээр хөл, гарыг тайрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн тохиолдол ч байдаг аж. Тиймээс хорыг удаан тараахын тулд хөлд хатгуулбал өвдөг, гарт бол тохойтой нь нугалж боолт хийх ёстой гэнэ. Санууштай зүйл бол хордсон хүнд архи өгөх, хөдөлгөх нь хориотой юм. Энэ нь хорыг хурдан тархахад нөлөөлдөг. Мэдээж, хаа явсан газраа сонор сэрэмжтэй байх нь хамгийн шалгарсан арга билээ. Үүний тулд мод, чулуу, навч овоорсон газраас тойрон явж, түрийтэй гутал, урт өмд өмсөх хэрэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *