Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл хэрэглэгчдийг хохироож буйг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоожээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн байна. Жишээлбэл, “Мобиком корпораци”-ийг
-Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал, хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг нь тогтоогдсон.
-Үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч утсаа ашиглаагүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүй гаргасан. Энэ нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох журмыг зөрчсөн.
-Компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх тухай гэрээнд заасан нь Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн. Мөн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэж заасан нь гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан гэхчлэн буруутгажээ.
Иймд ШӨХТГ-аас дээрх зөрчлүүдийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг бүрэн төлүүлэх, хууль бус гэрээний заалтуудыг цуцлах шаардлагыг “Мобиком корпораци” ХХК-д хүргүүлээд байгаа аж.