Өмнөд Солонгосын Хүнс, Эмийн аюулгүй байдлын яам энэ долоо хоногийн Лхагва гарагт шүдний чигчлүүр идэхгүй байхыг иргэддээ анхааруулжээ.
“Энэ бол хүнсний бүтээгдэхүүн биш. Хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэсэн баталгаа байхгүй” гэж тус яамны сошиал хуудсанд мэдээлсэн юм.
Сүүлийн үед хүмүүс шарсан шүдний чигчлүүрийг хоол хүнсэндээ хэрэглэж буйг харуулсан дүрс бичлэгийг олноор нийтлэх болсон байна.
Тухайлбал Мукбанг гэгддэг Өмнөд Солонгосын хоолны инфлүнсерүүд үүнийг үзүүлэх явдал нэмэгджээ. Тус улсад шүдний чигчлүүрийг модоор биш, амтат төмс, эрдэнэ шишийн цардуулаар үйлдвэрлэдэг. Хүнсний будгаар үйлдвэрлэлийн явцад ногоон өнгө оруулдаг байна.
Ийм хүнсний хэрэглээ олны анхаарлыг татаж, зарим хүмүүс шүдний чигчлүүрийг хэрхэн зөв шарах, амтлах талаар видео зөвлөгөөг тараадаг болжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид этгээд сонин зүйлийг хоол хүнсэнд хэрэглэх үзэгдлийн эсрэг анхааруулгыг өмнө нь бас гаргаж байв.
Тухайлбал 2018 онд хурц тод өнгөтэй угаалгын бодисыг зажилж, хөөсөрсөн шүлсээ нулимж хаядаг “Tide pod challenge” нэртэй үзэгдэл газар авч, хүний амь насанд хүрсэн тохиолдол ч бий.
Тус улсын засгийн газар болон угаалгын бодис үйлдвэрлэгч Procter & Gamble компани үүний эсрэг анхааруулга гаргаж байжээ.