Монголын хөл бөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох “Холбооны цом”-ын 2017 оны аваргыг тодруулах тоглолт энэ ням гарагийн 16 цагаас болно.
“Улаанбаатар сити” анх удаа “Хүрхрээ үндэсний лиг”-ийн мөнгөн медалийг энгэртээ гялалзуулан “Холбооны цом”-ын шигшээд шалгарсан түүхэн амжилт үзүүлээд байна. Харин “Эф Си Улаанбаатар” хүндхэн улирлыг давсаны эцэст “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эрхээ хадгалан үлдэж, үзэгч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.
Улаанбаатар сити” “Холбооны цом”-ын эхний шатанд өнгөрсөн жилийн аварга “Хангарьд”-ыг 3:1-ээр хожсон бол “Эф Си Улаанбаатар” хагас шигшээд мөнгөн медальт “Дэрэн”-г буулган авч аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон.
Тус хоёр баг өнгөрсөн жил холбооны цомд таарахад “Улаанбаатар сити” 8:4-оор хожсон. Харин энэ удаад аваргын төлөө “Эф Си Улаанбаатар” тэс өөр тактик боловсруулж тоглох лавтай.
Нийслэл хотын нэрийг эзэмшигч дээд лигийн багууд учраас хоёр багийн тоглолтыг “Улаанбаатарын дерби” хэмээн нэрлэхэд болох юм. Ням гарагт “МХБХ-ны цом”-ын тэмцээний аваргын цомыг нийслэлийн улаан эсвэл цэнхэр өмсгөлтүүдээс аль нэг баг нь өргөнө.