Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Мьянмарт төрийн эргэлт гарч, онц байдал зарлажээ

Мьянмар улсад даваа гаригт шилжих шөнө армийнхан төрийн эргэлт хийж, нэг жилийн хугацаатай онц байдал зарлажээ. Тус улсын ерөнхийлөгч Вин Мьюн, эрх баригч “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга, төрийн зөвлөх Аун Сан Су Жи болон бусад албан тушаалтнуудыг саатуулж, гэрийн хорионд оруулсан байна. Эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч Мёо Ньюнтигийн ийн мэдээлжээ.

Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард парламентын сонгууль болсон. Урьдчилсан дүнгээр эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулж, засаг барих эрхтэй болсон юм. Гэвч цэргийнхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, сонгуулийг луйвардсан гэх хэргээр Дээд шүүхэд гомдол мэдүүлжээ.

2011 он хүртэл Мьянмарын төрийн эрх мэдэл цэргийн хунт нарын гарт байв. Харин 2015 онд цэргийн засаглал нуран унажээ.

Мьянмарт болсон энэ удаагийн сонгуульд Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын олонхыг бүрдүүлсэн аж. Тодруулбал, эрх баригч нам 476 суудлаас 396-ыг нь, харин армийнхны дэмжигч “Эв санааны нэгдэл”, “Хөгжлийн нам”-ууд ердөө 33 суудал тус тус авчээ. Тэд санал хураалт будлиантай болсон гэж үзэн шүүхэд гомдол мэдүүлжээ. Улмаар төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон эрх баригчдыг баривчилснаар нийслэл Нейпьидо хотод хяналтаа тогтоосон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр тус улсын хамгийн олон хүн амтай Янгон хотын захиргааг цэргүүд хяналтдаа авчээ. Хотын төвд цэргүүдийг байрлуулсан ч нийслэл болон бусад газруудад ерөнхийдөө нөхцөл байдал тайван байгаа талаар төрийн өмчит “Myan­mar Radio and Television” суваг мэдээлсэн байна. Цэргүүд интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ. Түүнчлэн онц байдлын хугацаанд Мьянмарын дэд ерөнхийлөгч Мьин Све ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр болсон ч тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаины гарт төрийн эрх мэдэл шилжих тухай мэдээлжээ.

“Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Жи фэйсбүүк хуудсаара дамжуулан төрийн эргэлтийг эсэргүүцэхийг ард иргэддээ уриалсан байна. Тэрбээр мэдэгдэхдээ “Цэргийнхний энэхүү үйлдэл нь улс орныг дарангуйллын дэглэм рүү буцаах гэсэн ажиллагаа юм. Ард иргэд хариу арга хэмжээ авч, цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авахыг чин сэтгэлээсээ эсэргүүцэхийг уриалж байна” гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *