Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чо эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа огцрохоор болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг уламжлав. Нобелийн энхтайвны шагналт, Мьянмарын Төрийн Зөвлөх Ан Сан Су Чигийн найз тэрбээр хоёр жилийн хугацаанд улсаа удирдсан юм.
Өдгөө 71 настай Тин Чо өөрийн хүсэлтээр огцрохоор болсон тухайгаа удахгүй албан ёсоор мэдэгдэхээр болжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Дэд ерөнхийлөгч, дэслэгч генерал Мьинт Све ажиллахаар болжээ.
Мьянмарт 2016 онд хагас зууны цэргийн дэглэмийн эцэслэсэн анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдсан юм. Уг сонгуульд Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын 652 гишүүний 360-д ялалт байгуулсан юм.
“Ардчиллын төлөөх үндэсний лиг” сонгуульд ялалт байгуулж, улмаар Ан Сан Су Чи Ерөнхийлөгч болох ёстой байсан ч тус улсын үндсэн хуулинд “Гадаад хүнтэй гэр бүл болсон хүн Ерөнхийлөгч болох боломжгүй” гэх заалтаас болж, тэрбээр сайн найзаа Ерөнхийлөгч болгосон түүхтэй.
Мьянмарын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний эсрэг тус улсын эрх баригчид цэргийн ажиллагаа явуулж, улмаар 600 мянга гаруй иргэн дүрвэжээ.
НҮБ дээрх үйл явдлыг “Үндэстний цэвэрлэгээ” хэмээгээд тус улсын эрх баригчдыг буруутгасан билээ. Ражин мужид явуулсан цэргийн ажиллагаанаас болж Ерөнхийлөгч, Төрийн зөвлөхийн нэр хүнд олон улс болон ард түмнийх нь дунд унажээ.