Ч.Чимид тэргүүтэй жүжиг киноны зохиолчид 1979 он Эхний эгнээний баруун гар талаас хоёр дахь нь М.Жавган.
Өнгөрсөн зууны жаран хэдэн онд Л.Ванган гуай “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий редактор байхдаа киноны зохиолчтой болох гэж Ч.Гомбо, М.Жавган, Г.Бат-Очир зэрэг залуусыг шавиа болгон заримдаа гэртээ авчран багшилдаг байлаа. Би ганцхан удаа тэднийг зохиол ярилцаж байхтай таарч билээ. Ванган гуай их дөлгөөн хүн шиг харагдавч шавь нартаа их шаардлагатай болуу гэж л бодогдож билээ. Жавган нэг зохиол хэлэлцүүлсэн бололтой юм.
-За Жавгаан, энэ зохиолыг юм болгох гэж их ярьж байна. Хүний зохиолын санаа чинь бичих тусам наашилж тодордог. Гэтэл чиний санаа чинь цаашаа яваад байх юм гэсэнд хажууд нь байсан Чимид гуай,
-Наад Жавганы чинь зохиолын санаа их цаана байдаг. Наашаа гаргаж ирэхдээ л будлиад байх шиг юм гэсэнд Ванган гуай,
-За тэгвэл, энэ санаагаараа хоёулаа тус тусдаа кино зохиол бичье. Тэгээд нийлж үзье гэв. Тэгтэл бас л Чимид гуай,
-Чи бид хоёр шиг биенээ нөхөж, дутуугаа гүйцээж чадах уу гэж асуув. Ванган гуай, Жавганыг харж инээгээд,
-Чи юу гэж бодож байна вэ гэсэнд Жавган,
-Аа мэдэхгүй. Чадах байх аа. Үгүй би чадахгүй байх аа гэв. Ванган гуай,
-За тэр Чимидийн хэлдэг болох нь. Жавган чи чадна гэж бод. Бич гэж зандрах өнгөтэй дуугарсанаа, би чамайг гээд шавь нараа тойруулж харсанаа, “Би та нарыг нэг, нэг сайн зохиолтой болгоё” гэж бодож байна. Анхны зохиол сайн болбол өөрт болоод бусдад итгэл төрдөг юм. Та нар анхны киногоо сайн хийчихвэл түүгээрээ дөрөөлөөд цааш явна. Үүний тулд та нар хичээх ёстой. Би бүр хичээнэ. Хамаагүй ээ, өөрөө бичээд та нарын нэрээр гаргасан ч болно. Багш шавь хоёр нэг хүн шиг ажиллаад сайн бүтээл хийчихвэл түүгээрээ дөрөөлөөд дараагийнхыгаа өөрөө хийгээд явчихна. Тэгээд биеэ даана. Төдхөн багшаа тоохоо байна гээд инээмсэглэснээ, “Өнөөдрийн хичээлийг ингээд больё. Дараа Гомбын гурван өвгөнтэй зохиолыг ярилцъя. Энэ бол дөхөж байгаа, урам өгч байгаа зохиол. Энэ ч их зовоохгүй юм болчихно оо. За явцгаа” гэв.
Шавь нар энэ үед миний танихгүй хоёр, нийтдээ тавуул байсан санагдана. Жавган, Гомбо хоёр түрүүлээд гарсанд танихгүй хоёр ч дагав. Харин Бат-Очир тээнэгэлзэн зогсоод байсанд Ванган гуай,
-Чи яваач, Чимид бид хоёр ажилтай. Чиний хэрэг байхгүй гэсэнд цаадах нь үг дуугүй гарч явав. Ванган гуай “Манж үг мэдэхгүй нэг муу халх манайд хонохоо шахлаа” гэгчээр цаад нахиу чинь сэжиг авсан шиг байна” гээд над руу харав. Би ч Чимид гуайн захисан юмыг нь мөнгөний хариулттай цуг өгсөнд Ванган гуай хэдэн төгрөгийг нь шүүрч аваад “Чиний хөлний хөлс” гээд надад өгсөнд Чимид гуай,
-Хөлсийг нь сайн өг. Харин архи бүү өг. Наадах чинь архинд дургүй юм билээ. Яахав дээ, хэдүүлээ нэг эрүүл хүнтэй байя л даа гээд хөхөрсөнд,
-Мэдлээ, ноёнтоон гээд бөглөөний лацыг бутраан, шилний ёроолоос цохин пүдхийлгэв. Тэр хоёр нэг нэг хундага бахтайяа балгачихаад шууд уран зохиол руугаа оров. Би бол тэр хоёрыг өнөөдөр нэлээн замрах байх гэж бодож суулаа. Тэр үеийн том зохиолчдод хэдэн онцлог байсан. Миний ажсанаар. Ажил дээрээ архи уудаггүй, хэрвээ уумаар бол сэм гадагш гардаг байлаа. Тэгтэл одоо залуус архи уумаар бол Зохиолчдын эвлэл рүү ирдэг болсон байна. Миний мэдэх томчуул архин дээр улс төр, анги нам, хов жив ярьдаггүй байлаа. Тэд зөвхөн ном зохиол, бичих гэж байгаа зүйлээ ярьж санаа оноо авна. Бусдын сайн зохиолыг олзуурхан ярина. Манай Чимид гуай бол дэлхий дайдаар их явдаг хүн болоод энд тэндэхийн зохиолыг олзуурхан ярина. Би тийм орчин буюу Утга зохиолын хүрээлэнд орж хүмүүжсэндээ хэзээ ямагт бахархана. Аль жаран нэг хоёр онд л бичсэн Чимид гуайн бичсэн судалгааны зүйлийг цуглуулж эхэлсэн юм даг. Дараа нь Намдаг багшийн шавь болсон юм. Чимид, Ванган хоёрын яриаг ч чамгүй сонссон доо. Тэр хоёр жинхэнэ анд нөхөд байлаа. Тэд нийлж бичих зохиолоо ярих нь олонтаа байсан. Харин намайг Ванганыд энэ удаа очиход шавь нарын тухай яриа голлож билээ. Тэр талаар санаанд байгааг хэлбэл, Чимид гуай шууд л Вангаан гэж дуудаад,
-Чи шавь нараа эрхлүүлдэг юм байна. Өнөө театрынхнаа загнадаг шиг чангахан баймаар юм. Элбэж бичье ч гэх шиг гэсэнд цаадах нь,
-Сонин сэдэв олоод бичиж чадахгүй болохоор нь яарч амь тэмцээд байх юм. Зохиолоо хурдан бичээд киногоо хийе л дээ. Тэгээд би яардаг юм гэв.
-Тэгэх юм бол цаадуул чинь юм сурахгүй, чамайг бичихийг хүлээгээд зүгээр сайхан сууна даа гэсэнд Ванган гуай,
-Үгүй байх аа. Энэ Жавган, Гомбо хоёр их оролдлоготой. Хөөрхөн санаа олох юм. Хөгжүүлэх нь дутаад, учраа сайн олохгүй байгаа юм гэж тэднийг хаацайлав. Чимид гуай бүр маргах шинжтэй,
-Чи бол театрынхандаа их хатуу. Шинэ бүтээл хийж байхдаа бүр догширдог. Тиймээс ч богино хугацаанд сайн бүтээл гардаг. Харин чи энэ киноныханд жаахан тал засах шинжтэй юм уу даа гэсэнд цаадах нь инээгээд,
-Үгүй, үгүй. Тэр Жигжид энэ тэртэй чинь үздэг шүү дээ. Зайлуул даа, энэ муусайн банди нарт омог үзүүлээд яах юм бэ. Зохиол чинь мухар шаардлагаар биш, эв түнжингээр бүтдэг зүйл шүү. Тэгээд л…. гэсэнд Чимид гуай,
-Би зүгээр бодсоноо л хэлж байгаа юм гээд Ардын хувьсгалын түүхэн сэдэв рүү оров. Би ч тэдний ярианд орох сачий байх биш, гарч одов. Түүнээс хойш олон он элэгдэж дээ. Ахмад үеийнхэнээ бодохоор Чимид, Ванган хоёр надад заавал санаанд орно. Тэднийг дагаад шавь нар нь үзэгдэх шиг болно. Хөөрхий зайлуул тэд нар нь миний сэтгэлд л байгаа болохоос өмнө минь бичсэн ном, зохиолоор нь хийсэн кинонууд нь зурагтын дэлгэцнээ гарч байх юм. Мөнхийн бүтээл хийх мөн сайхан аа! Жавганы маань “Тууврын замд” кино гараад ирэхээр хөөрхий муу Дорлигжав санаанд орно. Тэр жил Баянхонгор аймагт “Тууврын замд” очжээ. Хүмүүс ихэд сонирхон “Манай Дорлигжавын кино” гэж бахархан ярина. Тэдний суманд кино очихоор аав ээж, ах дүүсэд нь үзүүлж гэнэ. Тэгсэн чинь аав нь сумын намын үүрт ороод “Манай хүү, хүнээ байжээ. Айлын нялх хүүхэд оролдоод нүдний булай болж байна. Би ичээд үзэж чадсангүй. Дарга та түүнийг дуудаад ирээч. Би арьсыг нь хуулъя” гэж хүсчээ. Тэгэхэд нь дарга “Дорлигжав кинонд тоглож сайхан дүр бүтээсэн байна. Бид баяр хүргэсэн цахилгаан явууллаа” гэсэнд аав нь таарсан ч таар шуудай бол доо гээд уурлаад гарч одсон юм гэнэлээ. Энэхэнээр бодсон ч манай Жавганы кино хурц, сонирхолтой шүү. Өнөөх алдартай “Нийслэл хүүг” тэр үеийнхэн байтугай, өнөөгийн үзэгчид инээд хөөртэй их дуртай үздэг. Тээр жил намайг гэрт нь очиход Ванган гуай,
-Жавган минь ээ, чи шалбалзаж үзээч. Сайхан кино болно шүү. Хоёулаа элбээд сайхан кино хийе л дээ. Дараа нь чи биеэ даагаад сайн зохиол бичээрэй гэж шаардаж байсан тэр зохиол нь энэ “Нийслэл хүү” юм билээ. Энэ киног хийхэд Ванган байнга дэргэд нь байсан. Кино сайн болж байна гээд их баярлаж байсан гэж киноны ахмадууд ам хуурайгүй ярьж байсан даа. Жавган ч багшийнхаа урмыг хугалаагүй олон киноны зохиол бичсэн. Захаас нь дурдвал, анхны кино “Нийслэл хүү” (1968), “Туяагийн бичээгүй захиа”, “Мартагдашгүй намар” (1975), “Шинэ хотын гэрэл” (1977), “Тууврын замд” (1979)… Эдгээрийг нэрлэхэд, танд танил байгаа биз.
Жавган бол роман, тууж, өгүүллэг бичдэг эртэй зохиолч юм. Түүний “Есөн хүсэл” роман, “Алтан намар” тууж, “Хоёр эрх, нэг бэрх”, “Далан худалчийн дүү дасга Логой” гээд шог хошин зохиолууд ч бий. Ерээд оноос л шог зохиол дагнан бичсэн байх. Ер нь Жавганы бүх зохиол шог аястай байдаг. “Мартагдашгүй намрын” Батзаяа, “Тууврын замдын” Дорлигжав, “Нийслэл хүүгийн” Бүрэнбэх зэрэг жүжигчнээ бодохоор бүтээсэн дүр нь аяндаа санаанд чинь орно доо. Тэгээд залгаад Жавганаа бодоорой. Та нар бүтээлд нь баяссан мөртөө зохиолчийг нь мартдаг гэмтэй шүү. Бүх уран бүтээл тоглолтын урилгаас эхлээд дууны шүлэг, найраглал, бяцхан тууриас туульсын зохиол хүртэл цөм зохиогчтой байдаг. Гэтэл манайх зохиогч, зохиолчийг мартсан шиг байх боллоо. Хэрэвзээ, манайд Утга зохиол судлал унтарчихаагүй бол Мишигийн Жавганыг мартах ёсгүй дээ. Тэр дундаа өчнөөн жил тэжээлгэсэн киноныхон дурсаж байгаа биз. Монголын утга зохиол, кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг чамлаж суудаггүй байлгүй дээ. Даруу дөлгөөхөн, хийсэн бүтээснээ хүнд гайхуулдаггүй, өдрөөс өдөрт шинийг урлах сан гэж дотроо шатаж явдаг түүнийг манай Дундговийнхон бол санахаар барахгүй, бахархаж байдаг байлгүй. Түүний мэндэлсэний 80 жилийн ой энэ жил болж байгааг мэдэх төдийгүй өргөн тэмдэглэх гэж яарч байгаа биз ээ. Энд яруу найрагч А.Лхагва түүний ойг тэмдэглэнэ гээд элдвийг санаачлан гүйж байхад дэмжин тусална гэж найдаж байна.
Х.ЗАНДРААБАЙДИЙ
2018.05.05