Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Миний ээж Жалханз хутагтын ахынх нь эхнэр байсан гэдэг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………

Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Балдандорж гуайтай уулзлаа. Ардын хувьсгалтай нас чацуу шахам энэ эрхэм наснаасаа залуу харагдана. Хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. Энэ хүний удам судар, амьдралын үүх түүх нь ч сонин содон явдлаар дүүрэн юм. Жалханз хутагтын үр удам болсон тэрээр өөдөлж, уруудаж, хэлмэгдэж, бас шагнуулж сайшаалгаж явж. Түүний уулзаж учирч, хамтран ажиллаж, амьдарч, амраглаж байсан хүмүүсийн үүх түүх нь сонин юм билээ. Бү- тээлч иргэдийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагаас П.Балдандорж гуайг хамгийн их хэлмэгдсэн хүнээр тодруулсан байна. Ингээд уншигч танд түүний ярилцлагыг хүргэе.


-Та чинь Хөвсгөл нутгийн хүн байх аа. Тэнд төрж өссөн үү?

-Тийм ээ. Би Жалханз хутагт Дамдинбазарын хү- рээнд төрсөн хүн. Манай аав Жалханзын хүрээний маарамбын дацангийн донир байж. Ургамлаар эм тан хийж эмчилдэг, бариа засал хийдэг Дүгэрсүрэн гэдэг хүн. Миний ээж бол Жалханз хутагт Дамдинбазарын ах хөхий Сандаг гэж хутагтын хүрээний аж ахуй эрхэлсэн түшмэлийн гэргий нь байсан хүн л дээ.

Бутачийн Отгон гэж. Ардын хувьсгал ялж, хүрээ хийд хэлмэгдэлд өртөх үед Жалханз хутагтын ах Сандаг архи нэлээн уудаг, агсам согтуу тавьдаг болж л дээ. Тухайн үед Сандаг гуай манай ээж хоёр найман хүүхэдтэй айл байж. Сүүлийн хоёр нь эндсэн гэдэг.

-Танай аав, ээж хоёр яаж танилцсан юм бол…

-Ээж ааваар эмчлүүлж байгаад танилцсан юм байх. Хувьсгал ялсны дараа том лам нарыг баривчилж, заримыг нь буудаж эхэлжээ. Энэ үеэр аав хар болж, малчин болжээ. Ээж маань сэргэлэн ухаантай хүн байсан шиг байгаа юм. Хутагтын ахын хүүхдүүд цаашид амьдрах нь хэцүү болох юм гээд нөхрөөсөө салж, манай аавтай суужээ.

Тэгээд л би анхны хүүхэд нь болж гарсан юм. Тэгэхээр надтай эх нэгтэй, эцэг өөр зургаан ах, эгч байсан. Том эгч Хандсүрэн бол Ж.Бадраагийн ээж нь. Хүү нь Бадрууган гээд мэднэ биз дээ. Манай ээжийн хүүхдүүд буюу Хөхий Сандагийн тал дуу хуур, урлагийн талдаа их авьяастай хүмүүс байдаг юм. Царай зүсээрээ ч нутагтаа алдартай сайхан хүмүүс явжээ. Дараагийн эгч Гүнсэн маань манайхнаас хамгийн түрүүнд Улаанбаатар хотод ирж амьдарсан хүн.

Архангай аймгийн Батцэнгэл сумын хүрээн дээрээс Миний ээж Жалханз хутагтын ахынх нь эхнэр байсан гэдэг оргож Улаанбаатарт ирээд хамгийн түрүүнд тээврийн жолооч болсон Пунцагнамжил гэдэг хүнтэй Гүнсэн эгч маань гэр бүл болсон юм.

Пунцагнамжил 19 хүртлээ Луу гүний хүрээнд сууж бичиг номтой болсон юм билээ. Хотод орж ирээд жолооч болохдоо “Бөмбөгөр” ногооныг үүсгэн байгуулалцсан хү- мүүсийн нэг Ши.Аюушийнд амьдарч байсан гэдэг. Тэгээд тээврийн тэрэг барьж Хөвсг өлд явж байгаад манай эгчтэй танилцан, гэр бүл болжээ.

-Таны овог чинь Пунцагнамжил гэж явдаг биз дээ?

-Тийм ээ. Намайг сүүлд өргөж авсан юм. Энэ их урт түүх ээ. Би 1928 онд төрсөн гэж явдаг. Бас будлиантай л даа. 1926 оны туулай жил би гарсан юм билээ. Цагаан сарын битүүний өмнөх өдөр гарсан болохоор гармагцаа нэг настай, хоёр хоноод хоёр настай болчихож байгаа юм. Түүгээр явбал би энэ жил 83 нас хүрч байна. Сүүлд Зураг урлалын газар орохдоо хоёр нас дараад түүгээрээ одоо 81 нас хүрч байгаа юм. Ж.Бадраа ах надаас нэг ах.

Жалханзын хүрээний баруун урд ядуучуудын хороололд төрс өн. Би зүүн урд талын Хятадын худалдаачны хашаанд төрсөн байдаг юм. Манай аав мэргэлдэг, бороо оруулдаг, хариулдаг чадалтай хүн байж л дээ. Ээжийн өмнөх нөхрийнх нь сүүлчийн хоёр хүүхэд эндсэн болохоор аав мэргэлж үзсэн шиг байгаа юм. Тэгээд Хятадын өмдөнд боож авахгүй бол хүн болохгүй гэсэн мэргэ буухаар нь Гүүлий гэдэг данжаадын хашаанд бууж, Гүүлий данжаадын өмдөнд намайг боож хүн болгосон гэдэг.

Гүүлий гэж дунд зэргийн худалдаачин зөвхөн гаансын соруул, хөөрөг зардаг байжээ. Манай аав тэр данжаадтай найз байсан юм билээ. Сүүлд аавыг баривчлах үеэр авдраас нь 32 хөөрөг гарсан юм. Хөөрөг барьсан хүн тэр үед бараг эсэргүү болчихдог байсан. Хөөрөг зарагдахаа больж өнөө хужаа үхсэн ч юм уу яасан юм аавд хөөрөгнүүдээ өгсөн байж.

-Аав, ээж хоёр чинь нийлээд ганц л хүүхэд гаргасан юм уу?

-Миний дор нэг эрэгтэй хүүхэд гарсан юм. Тэр маань багадаа эндсэн.

-Аав чинь өмнө нь хүнтэй сууж байгаагүй юм уу?

-Үгүй. Жалханз хутагттай өмнө нь Лхас, Түвдээр явж байсан гэдэг. Ер нь арга чарга, эрдэм билгээрээ нутагтаа алдартай хүн байсан юм билээ.

-Аавыгаа хэр сайн мэдэх вэ?

-Аавынхаа ах дүү, удам судрыг нь би мэдэхгүй. Аавыгаа бол 11 нас хүртлээ буюу баригдтал нь мэднэ. Миний ээж намайг таван настай байхад нас барсан юм. Тэр үед манайхтай ойр нутгийнхан Дунжий гэж хүндэлдэг Дуламсүрэн гэдэг авгайнх байсан юм.

Бүстэй, бүсгүй хоёр хүүхэдтэй, хэдхэн малтай. Тэр хүн манай мал, цагаан идээ, сүү саалийг янзалж өгдөг байлаа. Ээжийг өнгөрсний хойно аав өнөө Дунжийтай сууж, бид хойд ээжтэй боллоо. Тэдний хоёр хүүхэдтэй нийлээд манайх дөрвөн хүүхэдтэй болов. Хойд ээж маань эрдэмтэй том ламын охин байсан юм билээ.

Том хүү нь Дэмчиг гээд надаас нэг ах. Аавын эм барих, мэргэлэх эрдэм номыг өвлөж авсан. Одоо надаас ч хөнгөн шингэн, Хөвсгөлд амьдарч байна. Одоо тэндээ их нэртэй. Дунжий ээж маань бид хоёрын багад монгол бичиг, төвд ном заасан юм.

Өөрөө их эрдэмтэй хүн дээ. Таван настайгаасаа би монгол бичгээр уншиж, бичиж эхэлсэн. Түвдээр ойлгодоггүй ч гэсэн ном судар уншдаг болсон. Хуучин монголоор үлгэр ном их уншиж цээжилнэ.

-Аавыгаа баривчлагдсаны дараа хойд ээж дээрээ үлдэв үү?

-Аавыг 1938 онд баривчлаад аваад явсан юм. Хойд ээж дээрээ үлдсэн. Ээж ном сургахын хажуугаар зураг зурахыг заана, зуруулна. Арьс элдэхээс эхлээд их зүйл сурсаан. Аав хавар баригдаад явсан. Намар нь манай Гүнсэн эгч нөхөр Пунцагнамжилтайгаа машинтай ирээд дүү бид хоёрыг хот руу аваад явлаа. Үлгэр жишээ бага сургуульд бид хоёрыг орууллаа. Эсэргүүний хүүхдийг сургуульд авдаггүй байсан болохоор Пунцагнамжил ахаар овоглон тэдний хүүхэд боллоо. Тэгтэл дараа жилээс нь эсэргүүний хүүхдүүд худлаа хэлж сургуульд орсон гээд хөөж, тэднийг оруулсан хүнийг нь ажлаас нь халж эхэллээ. Тэгээд бид хоёрыг сургуулиас маань гаргаад Архангайн Батцэнгэл суманд байдаг аавынх руугаа явуулсан. Аав нь хавар, намар мах, түлээ түлж оруулж ирдэг хүн байж. Хавар үхэр тэргэн дээр дүү бид хоёр суугаад хөдөө явж байсан юм. 1942 оны арванхоёрдугаар сар хүртэл тэнд амьдарсан. Дүү маань очоод жилийн дараа өөд болсон юм.

Өвөл нөгөө өвөөтэйгээ, тэмээн жингээр хотод ирэв ээ. Яг тэр үед Зураг урлалын газрыг таван хүнтэйгээр байгуулж байжээ.

-Та яаж энэ газартай холбогдсон юм бэ?

-Би хотод ирээд хийх юмг үй ихэнхдээ л гэртээ зураг зураад сууна. Нэг өдөр гэртээ юмаа зураад сууж байсан Зураг урлалын газрын мужаан Сандуйжав гэдэг хүн манайд ирлээ. Пунцагнамжил ахтай шатар тоглож байснаа намайг хараад “Танай энэ хүүхэд сүрхий авьяастай юм. Би зураг зурдаг газар ажилладаг юм.

Энэ жил нэг дагалдангийн орон тоо нэмэгдсэн. Энэ хүүхдээ аваачиж шалгуул” гэлээ. Тэгээд шалгуулаад тэнцэж тэнд ардын зураач, төрийн шагналт О.Цэвэгжав багшийн шавь болж, дагалдангаар орсон. Хажуугаар нь зургийн оройн сургуульд явдаг боллоо. Багш нараасаа зураг зурахаас гадна хүнтэй харьцах харьцаа, хувцаслалт гээд их юм сурсаан.

-Энэ хооронд эхнэр авч, амьдрал зохиов уу?

-1948 онд эхнэр авч хоёр охинтой болов оо. Тэр авгай маань циркийн жүжигчин. Тухайн үед Дэмид жанжны хүү Элбэгдорж бас санаатай байж байгаад би авсан юм. Би хадмындаа амьдардаг. Эхнэрийн ах Сандаг гэж танхай нөхөр байсан юм. Тухайн үед би цалин өндөр авна, хажуугаар нь халтуур хийж мөнгө олно. Тийм болохоор багш нарыгаа дуурайгаад дэгжин хувцаслана. Намайг эзгүйд өнөө хувцсыг маань ах нь авч өмсөөд болдоггүй ээ. Тэгээд багштайгаа ярьж байгаад Зураг урлалын газар даалт гарган банкнаас 10 мянган төгрөг зээлж хашаа худалдаж авч хоёр өрөө байшин бариуллаа.

Аминдаа л тусдаа гартал өнөө хадмууд маань хүрч ирээд хашаанд маань буучихдаг байгаа. Хадамдаа манай руу орж хувцас хунар битгий өмсөөрэй гээд хэлтэл манай хоолонд чи цадаж байна гэх маягтай юм ярьж байна. Зэвүү хүрээд явчлаа. Бага охин маань дөнгөж нэг нас, том нь гурван настай байсан юм. Тэгээд “Ерөөсөө хол явъя. Хоол унд, амьдрал ахуйгаа яаж болгох нь вэ, харъя. Тэгээд миний ач тусыг ойлгоно байх” гэж бодлоо.

-Тэгээд хойшоо сургуульд явсан юм уу?

-Тэр үед Москвагийн хүүхэлдэйн театрт залуу зураач явуулахаар болж байжээ. Үүний зэрэгцээ Оросын урлаг, соёлтой танилцуулахаар 10 хүн явуулахаар болсон юм. Хамгийн том нь ардын жү- жигчин Оюун гуай явж байлаа. Циркээс Дамдинсүрэн, амьтан сургагч Цэрэндорж хоёр, киноноос Дашдорж гээд бид нар нэг жилийн хугацаатай дадлага хийхээр явав. Би хүүхэлдэйн театрт зураачаар нэг жил дадлага хийсэн. Нэг сонин зүйл гэвэл эндээс явахдаа амьтан сургагч Цэрэндорж, Оюун гуай хоёр найз болсон байсан. Москвад очоод хагас жилийн дараа Оюун гуай жирэмсэн болж, Цэрэндорж нь Ленинградад дадлага хийхээр яваад тэнд сурч байсан бүсгүйтэй сэтгэлтэй болчихсон. Амьдралын түүх л юм даа. Үүнийг надаас өөр олон хүн мэдэхгүй байх аа. Нөгөөдүүл нэг жил болоод буцсан, би дахиад нэг жил сунгаж дадлага хийхээр болов.

-Тэгээд амралтаараа гэртээ ирэв үү?

-Би хүүхдэдээ болж өгвөл юм явуулдаг байсан. Амралтаараа иртэл хадам маань “Манай охин офицер нөхөртэй болох гэж байгаа” гэсэн зүйл ярьж байна. Дарамзагд гээд мундаг хөгжмийн зохиолчийг чи мэдэх үү? -Мэднээ. -Эхнэр маань тэрэнтэй сэтгэлтэй болсон гэнэ. Тэгэхээр нь би Сонгинын амралтад 14 хоночихоод буцаад явлаа. Хойтон нь хүүхэлдэйн найруулагч, зураачийн мэргэжилтэй төгсөөд ирэв ээ. Иртэл Чойдог багш маань нэгд үгээр эмнэлгийн урд талд хоёр өрөө байшин бэлдээд надад түлхүүрийг нь өгч “Чи энд амьдар. Авгай хүүхдийнхээ талаар бодоорой” гэж хэлсэн.

Эхнэр, хүүхдээ шинэ байшиндаа авчирлаа. Эхнэр жирэмсэн болчихсон байна. Удсан ч үгүй шинэ жил болж авгай Дарамзагдынх руугаа явчихав. Би дараа нь хоёр найзтайгаа тэднийд очлоо. Эхнэр төрөх дөхсөн гээд хэвтэж байна. Эхнэрээ нэг үнсчихээд Дарамзагдтайгаа ярилаа даа. Нэг шил архи задалж байна. “Та хоёр бие биедээ сайн болсон юм байна. Хоёр охиноо та нар дээр байлгана гэвэл би том болтол нь уулзахгүй ээ. Тэгж сэтгэл санааг нь үймүүлэхгүй. Охидоо би өөр дээрээ байлгавал том болтол нь та нартай уулзуулахг үй. Үүнийг та хоёр яриад шийдээрэй” гэж яриад гарлаа.

Гэрээс нь гараад явтал нөгөө хоёр миний мөр рүү алгадаж “Та хоёрын зодооныг яаж гэмтээчихэлгүй салгах вэ гэж бодож байтал харин зүгээр гарлаа” гээд инээлдэж байсан юм. -Эхнэрээ өөр хүнд орхиод гарах танд гомдмоор байсан уу?

-Гомдохын ч арга алга. Би бас хадмуудтайгаа таарамжг үй байсан хүн л дээ. Ийм хадмуудаас салгаж өгсөн, хоёр жил охидыг маань харж хандаж явсан Дарамзагдыгаа би дандаа магтаж явна. Дарамзагд маань ч намайг хаа сайгүй магтаж явна. Тэр үед би гэр бүл салгасан гээд гомдол гаргавал ажлаас нь халах гээд арга хэмжээ авах байсан. Тэгээгүй л дээ. Хоёулаа хаа нэг таарвал ганц шил юм хувааж уудаг болсон. Тэднийх гурав дөрвөн ч эрэгтэй хүүхэдтэй болсон өнөр өтгөн айл болсон доо.

-Та тэгээд хэзээ дахин гэр бүл зохиов доо?

-Авгай авалгүй удсаан. Хүүхэлдэйн театртаа зургаан жил ажиллалаа. Эхний жил Чехийн хүүхэлдэйн театрынхан ирлээ. Би урд хил дээр тосч аваад иртэл нөгөө хадам ах маань манай гэрт цоож эвдэж ороод хамаг л олигтой хувцсыг маань аваад явчихаж. Салахдаа гэрээс авчирсан хүрэн зандан гоё ширээг маань хүртэл авчээ. Уг нь тэр ширээ тэднийх юм л даа. Чехийн жүжигчдэд үйлчлэх болтол хувцас байдаггүй. Энхжин, Мөнхжин хоёрын аав Чүлтэм багш надад өөрийнх өө нэг хар костюмыг өгч байж билээ. Одоо бодоход урчуудын эвлэлийн тэр томчуудын нөмөр нөөлөг дор би явж байж дээ. 1958 онд Дэлхийн олон улсын Хүүхэлдэйн театрын фестивальд жүжигчдээ аваад очлоо. Манай жү- жиг дэндүү реалист, бусад улсуудынх болохоор хүү- хэлдэйн онцлогийг харуулсан тоглолттой байна. Ирээд нэг илтгэл тавилаа. Тэр илтгэл маань намайг баллаад хаяв аа.

-Юу бичсэн юм бэ?

-Манай театр дэндүү бодит байна. Хүүхэлдэйн театрын онцлогийг харуулж чадахг үй байна. Европын орнуудынх дандаа хувийн театртай юм. Шинэ байртай болгож өгөөч. Тэр үед хүнсний 20 дугаар дэлгүүрийн байр дөнг өж баригдаад байсан юм.

Түүнийг өгчих гэлээ. 100 мянган төгрөг зээлчих түүгээр театраа тохижуулъя. Нэг жилийн дараа төлье. Нэг жилийн дараагаас улсаас татаас авахгүй, орлогоороо зарлагаа нөхье гэсэн санал тавьчихлаа. Тэгсэн намайг 16 хэрэгтэйгээр улсын прокурорт шилжүүлчихэв. Гол хэрэг нь хувийн театртай болох гэлээ гэж буруутгаж байна. Тэгэхээр нь би “Миний саналаар ажиллуулахгүй бол би хүүхэлдэйн театрт ажиллахг үй” гэчихсэн.

Тэр хэрэг ч тэгсгээд хэрэгсэхгүй болж намайг Ардын дуу, бүжгийн чуулгад зураачаар ажиллуулахаар боллоо. Тушаал буулган шийтгэж байгаа хэрэг л дээ. 1958 онд юм. Чуулгад ороод гавьяат жүжигчин Жавзмаа гээд бүсг үйтэй ханилсан юм. 1998 онд манай хүн тайзан дээр тоглож байгаад цус харваад өнгөрсөн дөө. Манайх хоёр өргөмөл хүүхэдтэй. Бид хоёроос хүү- хэд гараагүй. Сүүлийн эхнэрийн эгчийн хүүхэд манайд урвасан юм. Дараа нь тэднийхээс охин өргөж авсан. Одоо тэр маань Прагийн Карлийн их сургуулийн уран зургийн ангийг төгсөөд одоо мастерын зэрэг хамгаалж байгаа. Ирэх зунаас ирнэ.

-Өөрийнхөө охидыг том болохоор нь уулзав уу?

-Тэгэлгүй яахав. Хоёулаа дээд сургууль төгссөн. Бага нь Оюун гээд багшийн сургуулийг дуу хөгжмийн багшаар төгссөн. Хөгжмийн зохиолч Наранбаатарыг мэдэх үү. Улаан-Үдэд ажиллаж байсан. Тэр хүний эхнэр нь шүү дээ. Одоо тэр хоёр маань гэрээгээр Хөх хотод ажиллаж байгаа.

-Таны танилцуулган дээр Чехословак улсад сурах эрхээ гурван жилээр хасуулж байсан гэсэн байна. Хэзээ юм бэ?

-Эхнэр авсныхаа дараа чуулгаас гарч Урчуудын эвлэлийн хороонд зураачаар очсон юм. Социалист орнуудаар бараг бүгдээр нь явсан даа. Манайх Хятадтай сайн байсан үе болохоор урагшаа дээд сургуульд явъя гэсэн санал тавиад хятад хэл үзлээ. Гэтэл Хятадтай харилцаа муудлаа. Тэгэхээр нь Германд сургуульд явъя гээд Наваан-Юндэнгээр герман хэл заалгалаа. Нацагдорж нартай Германд сурч байсан хүн шүү дээ.

1963 онд Германд урлагийн сургуульд элсэлт авсангүй. Чехээс дүрслэх урлагийн сургуульд найман хүүхэд авъя гэсэн санал ирээд тийшээ явлаа. Прагийн үйлдвэр, урлагийн дээд сургуулийн оюутан болов оо. Төгсөхийнхөө өмнөх жил хийсвэр зургаар зурдаг хүн болоод 20 гаруй ажилтай ирлээ. Ирээд бүх ажлаараа үзэсгэлэн гаргасан. Урлагийнхан, зохиолчид гээд бөө- нөөрөө ирж үзээд урлаг, зураг ийм өөр чиглэлтэй болсон байна гэж магтаад бөөн бужигнаан боллоо. Гэтэл Төв хорооноос хөрөнгөтний үзэл суртал сурталчилсан гээд гэнэт үзэсгэлэн маань хаах шийдвэр гаргасан. Буцаж сургуульдаа явах маань өнг өрлөө. Нэг жилийн хугацаагаар цалингүй ажиллаж алдаагаа засч уран бүтээлээрээ харуулах шийдвэр гарлаа.

-Нэг жил цалингүй зүтгэв үү?

-Бараг гурван жил цалинг үй ажилласан. Нэг жил хийсэн юмнуудыг маань үзээд жилээр сунгаад байдаг. Гурван жилийн дараа сургуульдаа явах эрх авч очиж дипломоо хамгаалсан юм. Уран бүтээлийнхээ хажуугаар олон жил багш хийлээ. Сансарт монгол хүн нисэхэд миний бүтээлээс явуулж байсан. 1988 онд тэтгэвэртээ гарч дөрвөн жилийн дараа МУИС-д ажиллах болсон юм. Тэгээд 80 насныхаа ойгоор үзэсгэлэнгээ гаргаад шавь нартаа ажлаа өгсөн.

-Одоо гэртээ сууж байна уу?

-Амьдралынхаа 65 жил би зураач болохоор зүтгэсэн байна. Энэ бүх жилийнхээ хийсэн ажлын тайлан болгож 80 насны ойн үзэсгэлэнгээ гаргасан. Одоо гэртээ байнаа.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хэзээ авсан юм бэ?

-Сүүлд их сургуульд байхдаа авсан. Өмнө нь таван удаа гавьяат, нэг удаа төрийн шагналд нэр дэвшүүлж байсан. -Та өөрийнхөө хамгийн гайгүй бүтээл гэвэл юугаа нэрлэх вэ? -Дүрслэх урлагийн олон төрлийг оролдож байлаа даа. Анх л арьс, эсгий, вааран урлалын ангийг нээж байлаа. Өөрөө ч энэ чиглэлээр юм хийсэн. Засгийн газрын ордонд ханын чимэглэлүүд хийсэн. Эрдэнэтийн сэдвээр 10-аад жил ажилласан гээд алийг нь хэлж барах вэ.

-Сүүлд хойд ээжтэйгээ дахиж уулзсан уу?

-Уулзаж чадаагүй ээ. Би нэг зүйлд амаа барьдаг юм. 1945 онд үзэсгэлэн гаргахаар Хөвсгөл, Булганаар явсан юм. Хөвсгөлд машин эвдэрлээ. Нутгийн хүн таарахаар нь ээждээ нэг дээлийн торго, чихэр явуулж “Ирж уулзаач” гээд захиа бичээд явуулсан юм. Тэгж байтал хугацаа болж буцаад ирсэн. Түүнээс хойш нэг жилийн дараа ээж маань өөд болсон байна лээ. Тэр үед л уулзах байсан юм. Ээж маань мал дээр ганцаараа байсан болохоор ирж амжаагүй гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *