Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Миний аав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Аав минь өөд болоод найман жил өнгөрчээ. Байсан бол өдийд ная хүрч байх нь. Энд би гол нь аавынхаа намтраар дамжуулж Монгол орон богино хугацаанд ямар их дэвшилд хүрснийг өгүүлэх гэсэн юм.

Аав Отгон тэнгэрийн яг ёроолд Хуримт гэдэг газар төржээ. Хожим би аавтайгаа тэр газар очиж үзсэн юм. 2250 метр өндөр, учиргүй хад асгатай газар билээ. Засаг захиргааны шинэ хуваарилалт гарахаас өмнө төрсөн болохоор Завхан аймгийн Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэйг бүгдийг нь өөрийн сум гэж үздэг. Эдгээр нь хуучнаар Сайн ноён хан аймгийн, тэр үеийнхээр Цэцэрлэг мандал аймгийн нэг хошуу байжээ. Айлууд ч уул руугаа гарч өвөлжөөд, уруудаж тал руугаа зусдаг байж. “Монгол хүү” хэмээх кинонд Шороотын Цэвээн гэж гардаг, тэр Шороот гэдэг газар нь миний аавын хонь хариулж өссөн нутаг. Халх нь өргөн уудам нутагт дөрвөн том аймагтай байсан. Төв халх гэсэн яриа байдаг, энэ нь уртын дуу, айрагтай Монголын хангай говь хосолсон их талыг нэрлэдэг аж. Төв халхын баруун хязгаар нь чухам тэр Отгон тэнгэрийн ойр орчим бололтой. 1930 онд оросууд засаг захиргааны өөрчлөлт хийн 13 аймаг болгон хуваахдаа Монголын 400 гаруй жилийн уламжлалт хуучин хуваарийг үл ойшоосон төдийгүй мартагнуулах гэж зориуд зохиомол нэгж шууд газрын зураг дээр байгуулжээ. Завханы зүүн талын сумд нь Сайн ноён ханых, үлдсэн нь Засагт ханых аж. Засагт ханы цаад хошуудыг ч Ховдын хязгаар, Дөрвөд далай аймагтай нийлүүлэн Ховд, Увс болгосон байдаг.

Аав эх эцгээс зургуул, дээрээ нэг нэг ах эгчтэй. Өвөг эцэг минь бичиг үсэгтэй, нэлээд олон малтай ард байжээ. Түүнд ямар ч язгуур угсаа байсангүй, олон үеэрээ ард явж. Түүнийг би байтугай аав өөрөө тун бүдэг санадаг. Хамтрал коммун байгуулж өвчигнөж байх үед хөөрхийг зуун бодтой нударган гээд барьж аван Улиастайн шоронд хорьж орхисон аж. Тэндээ нас баржээ. Гээд хожим эцгийгээ цагаатгах гэсэн аавын оролдлого талаар болсон юм. Учир нь шүүхийн тогтоол гарч ял өгөөгүй болохоор шоронд үхсэн хүний тухай ямар ч баримт үлдсэнгүй. Харин би эмэг эхээ сайн мэднэ, намайг арван хэдтэй байхад нас барсан юм. Уул харьяалал нь одоогийн Архангай аймгийн Хангай сумын хүн юм билээ. Өвөг эцэг тэндээс л бэр буулгаж дээ.

Олон өнчин хүүхэдтэй бэлэвсэрсэн эхнэр хот нүүхээр шийдлээ. Авга ах хэн нэгэнтэй ярьж малаа бөөнөөр нь борлуулжээ. Өчнөөн жил хариулсан хонь ямаа маань нэг л өглөө байхгүй болж хот харлаж билээ – гэж аав дурсдагсан. Гэтэл мал худалдаж авсан этгээд тэр чигээрээ гулран алга боллоо. Авга Улиастай орж шүүхэд заргалдтал яг тэр үед Завханы өмнөд хэсгийг тусгаарлан Говь-Алтай гээд шинэ аймаг байгуулсан, этгээд тэндэхийн харьяат учир тэдэнд хамааралгүй гэнэ. Хожим авга ярихдаа Говь-Алтайн төв хоёр ч удаа явсан боловч олоогүй гэдэг, учир нь төв нь хэд хэд нүүжээ.

1939 онд эмэг эх минь хэдэн хүүхдээ аваад, гэрээ ачаалан ганц үхэр тэрэгтэйгээр Улаанбаатарыг зоривоо. Архангайн Тариатад иртэл “хотод дайн болж байна” гэсэн сураг дуулаад эргээд нутаг руугаа нүүсэн байдаг. Дайн гэдэг нь Халх голын тулалдааныг хэлсэн бололтой. Нутагтаа дахиад гурван жил болж чимээ чагнаад байсан дайн дууссан сонсогдохоор нь 1942 онд дахин хот руу хөдөлжээ. Хоёр том хүүхэд нь тэндээ үлдсэн. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн гэгч юм болон олон ардын мал хуйг хурааж авах үед л тэд модоо барьсаар Улаанбаатарт орж ирсэн юм. Аав минь харин ээждээ их талархана, бичиг үсэг ч үгүй тэр эмэгтэй цагийн хандлагыг сайтар ухаарч хэдэн хүүхдээ хот бараадуулснаар хоцрогдлын харанхуйгаас гаргаж гэрэл гэгээтэй амьдрах замыг нь засчээ.

Таних мэдэх хүнгүй, дөрвөн жаахан хүүхэд дагуулсан дөч гарсан бэлбэсэн авгай нутгийн ганц хоёр хүнийг сурагласаар яваад дөнгөж байгуулагдаж байсан МУИС-ийн хашаа гэдэгт буужээ. Хотод хонь хариулах ажил байхгүй, Монголын нийгмийн амьдралын цоо шинэ хэвшил. 15 настай жаал хүүг хөтлөөд ээж нь МУИС-д аваачжээ. Сургуульд оруулах гэсэн юм биш, хар бор ажил байна уу л гэж сураглаж яваа юм. Хөдөөний хүүхэд малд нүдтэй гээд морин тэрэгчээр авав. Оюутан багш нарын ус түлээг гэрт нь аваачиж өгөх, сургуулийн эд барааг ийш тийш зөөх гэх мэт. Одоогийнхоор бол аж ахуйн машины жолооч болчиж буй хэрэг.

Дайны үе. МУИС-ийг байгуулахаар Москвагийн их сургуулийн том профессор докторууд ирчихсэн ажиллаж байжээ. Гэрт нь түлээ нүүрс зөөдөг бяцхан хүүг зоологич профессор Банников их өхөөрдөнө. Хамт хөдөө экспедицэд дагуулж явна. Өөр нэг дотносон өхөөрдсөн хүн нь алдартай ургамал судлаач Мурзаев. Тэдэнтэй явсаар байгаад орос хэл сурч орхижээ. Улмаар сайн дураараа хичээлд нь суусаар байгаад нэг л мэдэхэд оюутан болж амжсан байна. Гэрээр эцгээрээ монгол бичиг дөрвөн аргын тоо заалгасан түүнд үнэндээ ямар ч системтэй боловсрол байсангүй. Энэ болгоныг богино хугацаанд өөрийн хичээл зүтгэлээр нөхсөн юм. Улмаар сургуульдаа багшилж байгаад Москвагийн Темерязевийн академид суралцан 1959 он гэхэд эрдмийн зэрэг хамгаалжээ. Нэлээд хожим мөн тэр сургуульдаа “Монгол сарлагийн биологи” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

Монгол Улс аль л өөдтэй сэхээтнээ алж устгаад нийтээр харанхуй болсон үе. Тасарсан үеийг залгахаар анхны сэхээтнүүд МУИС-аас төрөн гарч байсны нэг нь миний эцэг ажгуу. Тэднийгээ их хүндэтгэдэг байсан юм уу даа, Сайд нарын эмнэлэг гэдэгт хамруулдаг байж. Аав 1948 онд маш хүнд уушигны хатгаа тусчээ. Ингэсэн л бол үхдэг жамтай аж. Харин тэр эмнэлэгт анхны пенцелин ирсэн байсан нь амийг нь аварч. Ийнхүү мэргэжилтэн бэлдэхийн зэрэгцээ орчин үеийн анхны эм тариа, хэрэгслэл, багаж тоног төхөөрөмж орж иржээ. Их сургууль Монголын анхны хүний эмч, малын эмч, зоотехникч, физикч, математикч, химич, биологичдыг сурган гаргаж байв.

Их сургууль Монголын түүхэнд бас л хамгийн анхны эмэгтэй мэргэжилтнүүд бэлдэн гаргаж байсны нэг нь миний ээж юм. Олон үеэрээ Сайн ноён ханы харьяат албат явсан хүний удам. Нагац өвөг маань МАХН-ын III их хуралд сууж байсан байдаг юм. Зүгээр л харц малчин учиргүй коммунист болчоогүй байхаа, ямар нэг дүйвээн дайчилгааны хэлбэрээр л оролцуулаа болов уу. Гэтэл түүнийг 1937 онд буудчихжээ. Гэндэн Дэмидийн хэрэг гэгчээр Өвөрхангайнхныг ард тайж гэлгүй олноор нь хөнөөсөн юм. Эх нь төрөхийн хүндрэлээр нас барж бүтэн өнчирсөн охиныг нутгийн сайн санаатан өргөж аваад Улаанбаатарт авчирч сургуульд оруулсан юмсанж. Хувь заяаны сонин учралаар явсаар нийлсэн энэ хоёр хүн магадгүй орчин үеийн Монголын анхны сэхээтэн гэр бүлийн нэгийг үүсгэсэн аж.

Анхны хүү нь болох би Архангай аймгийн төвд төрсөн. Мэргэжилтнүүдээ хөдөө илгээж Монголын уудам талаар орчин үеийн шинжлэх ухаан техник технологийн ололтын үрийг цацаж байсан тэр цагт аав ээж хоёр маань тийш хуваарилагджээ. Хүүгээ хотод төрүүлнэ хэмээн шуудангийн машинд сууж одсон ээж маань машин нь Төвшрүүлэхэд онхолдож эргээд хүргэгдэн иржээ. Би бас Хөвсгөлийн Мөрөнгийн 7 жилийн сургуульд анх нэгдүгээр ангид орсон. Эрдэмтдийг хөдөө илгээх хөдөлгөөнөөр аав маань энэ аймагт орлогч даргаар ирсэн юм. Сүүлд аав доктор болсныхоо дараа Архангайн Их Тамир суманд Өндөр уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахаар тэнд бас хэдэн жил ажилласан. Магадгүй Хүннүгийн үед Химлайн нуруунаас зөөгдөж ирсэн сарлаг хэмээх амьтан Химлай, Памир, Соёоны нуруу, Монголын Хангайн нуруунаас өөр газар байдаггүй болохоор төдий л судлагдаагүй амьтан юм. Аав энэ чиглэлээр дэлхийд тооцогдох эрдэмтэн байсан. Тэрээр сарлагийг Хэнтийн нуруунд бас нутагшуулсан юм. Би хэдийгээр аав шигээ биологич биш, хими талын мэргэжилтэй болсон авч аав надад судлах чиглэлийг минь зааж өгч билээ. Сарлаг дэлхийд төдийлөн тараагүй болохоор биохимийн судлагаа нь хийгдээгүй учир тэр рүү орохыг зөвөлсөн юм. Үнэхээр ч сарлагийн альфа химотрипсиний физик-хими чанарыг судалсан бүтээл минь олон улсын оюуны өмчийн алтан медаль хүртэж аавыгаа их баярлуулсан.

Аавын үеийнхэн Монголд иргэншил, хотжил, үйлдвэржил авчирч миний үеийнхэн анхны үр шимийг нь хүртсэн юм болов уу. Эмнэлэгт төрж, ясл, цэцэрлэг, сургуулиар дамжсан, гүйдлийн ус, цахилгаан дулаантай орон сууцанд өссөн хамгийн анхны үеийн төлөөлөгч бололтой, би. Энэ тухай Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоон” түүхэн баримтат зохиолд сайхан бичсэн байгаа. Мянга мянган жилийн хоцрогдсон нүүдэлчид хэдэн зуугаараа, хэдэн мянгаараа ганцхан үеийн дотор эмч, багш, инженер, эрдэмтэн, хуульч болж хоромхон зуур эх орноо орчин үеийн иргэншсэн орон болгож чадсан нь үнэхээр бахархам.

Ерээд оны дундуур Монголд интернэт орж ирлээ. Би аавд интернэтээр аялж гайхуулав. “Сарлаг” гэж бичээд хайлгахад хэдэн зуун мянга гараад ирж байна. Холбогдолтой материалыг ямар ч хэлээр олж болно. Номын сангуудаар айлчлан картаар мөнгөө төлөөд юу дуртайгаа олж болно. АНУ-ын Монтана мужид сарлагийн аж ахуй байгуулсан хүнтэй холбогдон санал солилцлоо. Магадгүй аав минь өөрийгөө хэтэрхий эрт төрж гэж харууссан байж болох юм. Учир нь тэрээр холбогдох материал судлахаар Москва руу Лениний номын санд суух гэж сараар чөлөө аван богоонд сууж хичнээн хоног бардаг байсан юм.

Аавыг уг нь Балжиннямын Намжил гэдэг байж. Багадаа тугалаа хармалсан хайнагийн үнээнд мөргүүлээд хүнд өвдөхөд нь лам нэрийг нь сольж Бат-Эрдэнэ болгосон гэнэ.. “Булганы нэг жолооч бид хоёулхнаа ийм нэртэй байсан, одоо мөн олширчээ” – гэдэгсэн. Улсын статистикийн бүртгэлээр манай оронд одоо хамгийн элбэг нэрээр нэгдүгээрт Бат-Эрдэнэ орж байна. Сургуульд ороход нь гурван үеийн намтар бүгдээс нь авна. Аймшигтай эд. Эх эцэг хамаатан садны дунд гамин борооны цэрэгт байсан, шүүхээр шийтгэгдсэн, эсэргүү болж байсан, нударган баян, язгууртан ноён байсан эсэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл бичихийг шаардана. Үнэндээ ийм асуудалд холбогдоогүй ганц ч монгол айл байгаагүй. Гэвч анхны сэхээтнүүд маань бараг бүгдээрээ “эсэргүү” гаралгүй болохын тулд овгоо сольсон юм. Аав ч нагац өвгөөрөө овогложээ. Миний ээж ч яг ийм байдлаар овгоо сольсон. Даанч элбэг үзэгдэл байж дээ. Гашуун хувь зохиол юм даа!

Аугаа ХХ зуун. Энэ зуунд монголчууд бид тусгаар тогтнолоо эргүүлж авсан төдийгүй үндэстний хувьд сэрж дэвжин дундад зууны бүдүүлэг хоцрогдлоос орчин үеийн улс гүрэн болтлоо товчлон өсч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн иргэншиж, хотжиж, үйлдвэржиж улмаар эрх чөлөө, ардчилалтай золгосон. Энэ бүхэн ердөө л хүний хоёр гуравхан үеийн хооронд болоод өнгөрчээ. Аллага, хядлага, сүйрэл, ухралт аймшиг алдаа дутагдал бишгүйдээ нэг байсан. Гэвч эцсийн дүнгээрээ монголчууд бид сэрж дэвшсэн, босож өндийсөн ард түмээн. Эрэлхэг цэрэг Швейк нэгэнтээ “Юм яаж ч буруугаар эргэлээ гээд үргэлж сайн тал руугаа явж байдаг юм” – гэж их л өөдрөгөөр сургасансан. Бид одоо ч сайн тал руугаа л явж байна. Хямрал, авилга, шүүхийн увайгүйдэл, их хурлын 76 ямаа, банк дампуурав, траншейний хүүхдүүд, ганц худагт хүний эрх зөрчигдөж байна, барилгын салбар зогсов, биеэ үнэлэгчдийг цагдаа баривчлав – ямар сайхан иргэншсэн проблемууд вэ?

2009.3.16

ЖИЧ: Энэ өгүүллийг Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ойд зориулан дахин нийтэлж буйг хүлээн авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *