Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа.
-“Травиата” дуурийн 40 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Та энэ дуурийн ямар дүрийг хэзээнээс амилуулж эхлэв. Энэ тухай уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
-Анх 1977 онд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Травиата” дуурь Монголын тайзнаа мэндэлсэн түүхтэй. УДБЭТ-ын хамт олон тус дуурийнхаа 40 жилийн ойг тэмдэглэн амжилттай тоглолоо. Тоглолтын үеэр “Травиата” дуурийг тавихад оролцсон үе, үеийн уран бүтээлчид ирсэн нь онцлууштай байлаа. Би энэ дуурьт гол дүрийн эмэгтэй болох Виолеттад тоглосон. Виолетта бол дэлхийн саппрон хоолойтой дуучин бүрийн хүчээ сорихыг хүсдэг дүр л дээ. Энэ дүрийг манай театрын тайзнаа хамгийн анх Х.Уртнасан гуай амилуулсан байдаг юм. Түүнээс хойш дөрөв дэх үе нь би. Миний хувьд тав дахь жилдээ энэ дуурийг дуулж байна. Харин “Травиата” дуурийнхаа 40 жилийн ойн тоглолтоор Виолеттагийн дүрийг амилуулсандаа маш их баяртай байна. Хариуцлагатай басхүү азтай тохиол гэж ойлгож байгаа.
-Та театртаа ажиллаад хэр удаж байна вэ?
-Миний хувьд 2002 онд Соёл урлагийн их сургуулийг төгсчихөөд 2003 онд дуурийн театрт дуучнаар орсон юм. Тухайн үед театрт орж буй дуучдыг найрал дуунд дуулуулж, дадлагажуулдаг байсан л даа. Одоо бол тийм биш. Би зургаан сарын турш найрал дуунд дуулж байгаад гоцлол дуучин болж байсан юм. 14 жил өнгөрчихсөн байна шүү. Хэрэв хүний хувь, заяаг бурхан зурдаг бол минийхийг урлагтай салшгүй холбоотойгоор л зурсан юм байлгүй гэж боддог юм. Хүүхэд байхын л урлагт дур, сонирхолтой хүүхэд байлаа даа. Мөн аав, ээж минь сайхан дуулдаг учраас нөлөөлсөн болов уу.
-Таны хувьд театраас гадна хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Хувийн уран бүтээл гэвэл гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийсэн. Харин энэ жилийн театрын уран бүтээл маань “Травиата” дууриар эхэлж байгаа. Мөн цаашлаад ирэх тавдугаар сард миний дуулдаг дууриуд тавигдсан. Тийм учраас дуурийн бэлтгэл их хийнэ. Мэдээж хувийн уран бүтээлүүдээ амжуулалгүй яахав. Зарим дуунуудаа клипжүүлэх мөн ятгын Мөнх-эрдэнэ эгчтэй хамтран сонин, содон уран бүтээл хийе гэж бодож байгаа. Иймэрхүү төлөвлөгөөтэй байна даа.
-Таны мэргэжлийн багш бол МУГЖ Д.Банди гуай. Энэ хүний шавь нараас дуурийн урлагт хувь нэмрээ оруулж яваа хүмүүс цөөнгүй гэдэг юм билээ?
-Тийм шүү. Би яах аргагүй Монгол улсын гавьяат жүжигчин, дэд профессор Д.Банди багшийн шавь. Багшийн минь эрдэм, ухааныг өвлөсөн олон сайхан шавь нь УДБЭТ-д гоцлол дуучнаар ажилладаг. “Травиата” дуурьт л гэхэд Альфредод тоглож буй Б.Батжаргал багшийн минь шавь байна. Их олуулаа дуурийн театрт ажиллаж байгаа даа. Энэ бол багшийн минь бидэнд сэтгэл зүрхээ гарган байж зааж сургасных нь ач гавьяа гэж бодож байна. Ер нь бол дуурийн театрын нэг үеийг бэлдээд өгчихсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн манай төгсөлтөөс гэхэд олон сайхан дуучин төрсөн. Од дуучин ихтэй анги гэхэд болно шүү (инээв). Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Бат-эрдэнэ, Буриадын ардын дуучин, театртаа гоцлол дуучнаар ажиллаж байгаа Н.Мөнхзул, мөн Хишигбаяр гээд л сайхан дуучид бий.
-Та гадны орнууд руу явж дуулах тухайд ямар бодолтой байдаг вэ. Санал ирвэл явах уу?
-Мэдээж дуулалгүй яахав. Хувь хүн өөрийгөө дэлхийн зах зээлд гаргаж байгаа менежмэнт гэсэн үг шүү дээ. Тухайн хүн дуурийн дуучин хүнд байх чадваруудыг эзэмшээд л болно, бүтнэ гэж байвал болохгүй зүйл байхгүй. Боломж, чадвар нь байвал хэн ч аль ч газрын театрт очиж дуулах нь нээлттэй. Манай залуучууд гадагшаа гарч дуулж байгаа нь олзуурхууштай хэрэг. Манай Монголын дуурийн дуучид маш мундаг гэж бид боддог. Тийм ч учраас дэлхийд тоогдож байгаа болов уу. Дэлхийн дуучид нэг төрлийн дууриа дуулаад нэг жил аялан тоглодог. Харин манайхан нэг жилд олон төрлийн дуурийг дуулж байна. Мэдээж үзэгчдэдээ чадвар, чансаатай хүргэхийн тулд уран бүтээлчид маань хичээж ажиллаж байдаг. Манай дуучдын хоолойн өнгө арай л өөр, тослог. Техник гэхээсээ байгалийн өнгө байгаа нь ажиглагддаг юм.
-Ер нь дуурийн дуучны бусад дуучдаас ялгагдах онцлог нь юу юм бол?
-Дуурийн дуучин бол хамгийн их ачаалал даах чадвартай. Дуулаачийн хамгийн дээд хэлбэр нь дуурийн дуучин гэж хэлж болно. Нийтийн болоод поп дуунд түүртэхгүй юм шиг надад санагддаг. Яагаад гэхээр нийтийн дуучин хүн гурван бадаг дуу дуулж байхад бид гурван цаг тайзан дээр дуулахад бэлтгэгдэж байдаг. Микрофон хэрэглэхгүй ч хамгийн арын суудалд сууж байгаа үзэгчдэд ч хүргэхээр дуулах нь бидний үүрэг. Басхүү тийм чадварыг эзэмшдэг. Тийм учраас хоолойгоо бид тордож байх хэрэгтэй юм.
-Дуурийн дуучин өөр төрөл, жанраар дуулахад хоолой нь эвдэрдэг гэж ярьдаг. Энэ хэр үнэн бол?
-Биднийг нийтийн дуу ч юм уу, ер нь өөр чиглэлээр дуулахыг хатуу хорьдог байсан. Оюутан байх үед хоолойгоо эвдэнэ халтуур хийж дуулж болохгүй гэнэ. Халтуур хийж байгаад баригдах юм бол баларлаа л гэсэн үг. Барагтай бол халтуур хийхгүй учраас ээж, аавынхаа явуулсан мөнгөөр л бүх зүйлээ зохицуулдаг байсан даа. Ер нь дууриас өөр төрлөөр дуулж болохгүй, тийм дектатуртай байсан даа. Одоо бол хамаагүй болсон юм шиг байна лээ. Гэхдээ биднийг оюутан байх үед хүмүүс эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр зэргийг одооных шиг нүсэр, сүртэй тэмдэглэдэггүй байсан юм. Шинэ жилийг л харин арай дээр тэмдэглэдэг байж. Тэр үед багш нараасаа нууцаар ганц, нэг арга хэмжээнд дуулна. Оролцож байсан арга хэмжээнүүдээс санаанд хамгийн тод байдаг нь багш нарын баяраар Соёлын төв өргөөнд дуулж байсан минь л юм даа. “Тоска” дуурийн ари дуулах гэтэл даашинз байдаггүй. Манай Банди багш дуурийн театр луу Ардын жүжигчин Б.Жавзандулам эгчид хэлж л дээ. Харин Б.Жавзандулам эгч их гоё алтлаг шар даашинз өгч билээ.
-Тоглолтоор хөдөө орон нутгаар хэр их явдаг байв?
-Манай анги Төв аймгийн оюутнууд ихтэй. Тийм болохоор ангийнхаа хүүхдүүдийн сум руу нь явж тоглолт хийчихээд явна. Мөнгө төгрөг олно гэдэг нь ч худлаа л даа. Явсан зардлаа олоод л ирвэл болдог байлаа. Бас нэг удаа Багануур луу явж билээ. Тухайн үед шороон замтай байсан юм. Шороон замаар хэдэн цаг явж байгаад наана нь байдаг нэг суман дээр хэсэг амсхийдэг юм байна. Хэсэг суугаад явчихсаныг ч хэлэх үү, хөшсөн амьтад цэцэрлэг дотор нь орж тоглох юм болов. Янз бүрийн тоглоомуудтай. Хэдэн нөхөд саваагүйтэж байгаад миний гарыг хугалчихаж билээ. Оюутан хүүхдүүд байсан болоод ч тэр үү, дэггүй байж дээ. Одоо ангийн хэдтэйгээ таарахдаа “Хөөш, гар эвлүүлж өгөөрэй” гээд л цаашлуулна. Их дурсамжтай санагддаг юм.
-“Классик жем” хамтлаг дахин нийлж уран бүтээл хийх болов уу. Анх хэрхэн хамтлаг болж уран бүтээл туурвиж эхэлсэн юм бэ?
-Дуурийн театрт орсныхоо дараа хамтлагтай болж байлаа. 2005 оны үед юм байна. Гурван жил маш идэвхтэй уран бүтээлээ туурвиж, үзэгчдэдээ танигдсан. Их хурдан хугацаанд хүмүүст танигдсан шүү. Манай хамтлагийн хоёр гишүүн ОХУ-д сурдаг байсан юм. Тэр хоёр маань амралтаараа ирээд л бид хэд театрын нэг давхрын цонхон дээр сууцгаачихсан. Хамтлаг байгуулаад “Эх орон” дууг эхлээд дуулцгаая гэж ярьж байсан үе минь саяхан мэт санагдаж байна. Улс төрийн “Үүрийн туяа” хамтлагийн дуу шүү дээ. Бид сэргээж, шинэчилж дуулсан юм. Ер нь манай хамтлаг гурван жилийн турш маш их юм хийсэн шүү. Бүх л аймгуудаар явж тоглолтоо хийсэн. Нийтдээ гурван цомог гаргаж, нэг бие даасан тоглолт хийж байлаа.
Миний хувьд хамгийн түрүүнд хамтлагаасаа гарсан. Театртаа гоцлол дуучнаар ажилладаг учраас хэт хувийн уран бүтээлээ хөөгөөд явж болохгүй л дээ. Хэтэрхий өөр чиглэлээр дуулаад байх нь дуурийн дуучны хувьд зохимжгүй байдаг учраас хамтлагаасаа гарсан. Одоо бүгд тус тусынхаа ажлыг хийгээд явж байна даа.