Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-нд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцоор зорчсон.
Ингэхдээ Франкфурт руу шууд нислэгийн хуваарьтай байсан онгоц чиглэлээ өөрчилж Берлинд бууж, Ерөнхий сайд болон айлчлалын багийнхныг буулган Франкфурт ниссэн нь зорчигчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлээд байна.
Тухайлбал зарим зорчигчдын зүгээс нислэгийн хуваарь өөрчлөгдсөн талаар урьдчилж мэдэгдээгүй, 30 хүнээс болж 300 хүний эрх ашгийг зөрсөн үйлдэл гарлаа зэргээр бухимдлаа илэрхийлсэн байна.
МИАТ компани дараах мэдэгдлийг гаргажээ:
Энэ сарын 12-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсон. Иймд тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр энэ сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм.
ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг энэ сарын 4-нд хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан.
Нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан, зорчигч тухай бүрт энэ сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн мэдээллийг баталгаажуулж өгсөн.
Гэвч гадаад улсаас цахимаар тийз захиалсан зарим зорчигч системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан. Нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалт хийж, дамжин тээврийн асуудлыг шийдсэн болно.
Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье.
Цаашид МИАТ ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК