Categories
мэдээ нийгэм

МИАТ, Төрийн банк, Монгол шуудангийн хувьчлалыг хойшлуулав

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томиллоо. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ. 2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа аж. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *