Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) 2021-2022 оны хичээлийн жилийн “Тэтгэлэг гардуулах арга хэмжээ” болж өндөрлөлөө. “Covid-19” өвчний улмаас энэхүү арга хэмжээг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 110 оюутан тэтгэлгээ гардан авсан байна.
Энэ хичээлийн жилд тус их сургуулийн тэтгэлгүүдийн төрөл болон тоо хэмжээ нэмэгдэж, нийт оюутны 40 орчим хувь нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал бүхий тэтгэлгүүдийг хүртсэн байна. Үүнээс 48 оюутан Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлэг, 62 оюутан Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэн боллоо. Арга хэмжээнд МГТИС-ийн удирдлагуудаас гадна ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Европын Сэргээн босголтын банкны(KfW) төлөөллүүд оролцож, оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
МГТИС нь жил бүр олон тооны оюутныг Монгол-Герман хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, инженерийн боловсролыг тэгш хүртэмжтэй түгээдэг юм. Тиймээс 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 3.8 тэрбум төгрөгийн тэтгэлгийг давхардсан тоогоор 535 оюутанд олгоод байна.
Мөн ХБНГУ болон БНХАУ-д зуны хөтөлбөрийн хүрээнд 14 хоногоос нэг семестрээр суралцах, гаднын компаниудад гурван сарын турш цалинтай дадлага хийх боломжийг олгодог.
Тус их сургууль нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд чанартай боловсролыг сурагчдад түгээдэг юм. Тухайлбал олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN байгууллагаас гардан авжээ.
Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм.Түүнчлэн 2020 оны хичээлийн жилээс Мехатроник инженер, Эрчим хүч, цахилгааны инженер гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдгээр бүх хөтөлбөрийн сургалт 100 хувь Англи хэл дээр явагддагаараа онцлогтой.