Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Мэргэжлийн сумогийн түрүү бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнгийн аав Я.Бямбачулуун: Хүүгийнхээ түрүүлэхийг хараад хөл газарт хүрэхгүй баярлалаа DNN.mn

Малчны гэрт төрсөн Б.Лхагвасүрэн хүү Япон улсын үндэсний спорт мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анхны түрүүгээ хүртсэн нь спортын ертөнц дэх онцлох үйл явдал байв. Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийнхэн өнөөдөр ч Дорнод аймгийн Сэргэлэн сумандаа малаа маллан амьдарч байна. Түүний аав Я.Бямбачулуунтай ярилцаж баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.


Таны хүү мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Их баяртай байна аа. Б.Лхагвасүрэн бол миний бага хүү. Хүүгийнхээ түрүүлсэн барилдааныг замд явж байгаад харж амжсангүй. Яг түрүүлдэг өдөр нь хотоос гараад Дорнод руу буцаж явсан юм. Гэртээ ирээд зурагт харахад миний хүү эзэн хааны цом тэврээд уйлаад зогсож байдаг юм даа. Хөл газарт хүрэхгүй баярласан. Хүүгийнхээ барилдааныг харах хүсэл байсан ч ардаа ажилтай учраас замд гарчихсан юм. Хүн бүр л над руу залгаж баяр хүргэж, хүүд маань чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна. Танихгүй хүмүүс хүртэл залгаж баяр хүргэх юм. Хүний сайн сайханд баярлаж, догдолдог нь монгол хүний гайхамшигтай гоё чанар юм даа. Олны сайхан ерөөлөөр миний хүү илүү сайн барилдаж энэ их спортын оргилд нь гарах байх аа.

-Б.Лхагвасүрэн маань багадаа ямар хүүхэд байв?

-Би өөрөө бөх үзэх их дуртай.Овооны наадмуудад хүүгээ дагуулаад л явна. Хүүхдүүдийг хооронд нь барилдуулахад Лхагвасүрэн маань түрүүлж, үзүүрлэдэг байсан юм. Хүү маань сайхан бөх болох нь дээ гэх горьдлого миний дотор яваад л байв. Нутгийн өвгөд ч “Хүү чинь бөх болох нь” гэж урамшуулна. Хүү маань өөрөө ч их дуртай. Ингээд дунд сургуулиа төгсөөд “Аварга” сургуульд элсэж гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн шавь болсон. Овооны наадам хэсч байсан бид хоёр хотод ирээд заалны барилдаанууд хайдаг боллоо. Нэгдүгээр курсийн хүүхэд ч яах вэ ганц нэг даваад унана. Харин зуны амралтаараа ирэхдээ төрөлх нутаг Сэргэлэн наадамд үзүүрлэж аавыгаа баярлуулсан нь санаанаас гардаггүй. Их амжилтын аяндаа ингэж л мордож дээ гэж боддог юм. Миний хүү үндэсний бөхийн сумын заан цолтой.

-Таны хүү Япон руу хэзээ, яаж явж байв?

-“Аварга” дээд сургуульд сурч байхдаа шалгаруулалтад орсон юм билээ. Хариу нь ч тэр доороо гарч тэнцсэн. Ер нь Япон явах шийдвэрээ миний хүү өөрөө бие дааж гаргасан. Миний хувьд дотроо үндэсний бөхөөрөө барилдаад үзвэл гэж бодож байсан ч хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгээд дэмжсэн. Жаахан хүү маань тэр том бүдүүн хүмүүстэй яаж барилдах юм бол доо гэж

эргэлзэж байсан ч тухайн үед нь хүүдээ хэлээгүй. Эргээд харахад миний хүү боломжоо олж хараад ийм шийдвэр гаргаж дээ.

-Анх очиход амар байгаагүй л байх. Гэр рүүгээ утсаар холбогддог байв уу. Юу ярьж байв?

-Миний хүү чинь ээж аавынхаа дэргэдээс холдож үзээгүй үедээ л зоригтой шийдвэр гаргаж Япон явсан. Сумо өөрөө хатуу дэг жаягтай спорт. Олон хүн оролдож үздэг ч амжилт гаргах нь цөөн. Голоос нь шантрах нь элбэг. Анх очоод хүүд маань амар байгаагүй л дээ. Аав, ээж рүүгээ залгаад л нөхцөл байдлаа зах зухаас нь хэлнэ. Би ч “Миний хүү зориод очсон юм чинь юуг ч тэвчинэ шүү” гэж захина. Миний хүү чинь ердийн л малчин айлын хүү. Морь мал дээр л дэрвэж өссөн. Хөдөөний бидний ажил ундарч л байдаг. Тэр бүрийн зах зухаас миний хүү хийдэг л байлаа. Ингэж өсөхдөө л тэвчээртэй болж

төлөвшсөн юм билээ. Ээж аав нь хүүгээ их хүлээнэ. Цай, сүүний дээжээ өргөөд л залбирдаг байлаа. Сүүлд гурван жилийн өмнө л жүрёо зиндаанд дэвшиж, чөлөөгөөр шагнуулаад гэртээ ирэхдээ уул шиг том болчихсон байж билээ. Тэгж их өссөнийг нь хараад сүрдээд ч байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрж байсан шүү. Гэлээ гээд ээж, аавдаа эрхэлдэг зан нь янзаараа л байсан даа, миний хүүгийн. Хүүгийнхээ сайн сайхан явахыг харахаас өөр аз жаргал гэж юу байх билээ. Нутаг орныхон маань гэрт ирж баяр хүргээд, манай хот айл хөл газарт гишгэх зайгүй л бужигналдаж байна.

-Одоо хүү тань мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлээд гэртээ ирэх нь. Лхагвасүрэн маань түрүүлээд хамгийн эхэнд л гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцсан болов уу. Юу хэлж байна?

-Баярлаад олигтой юм ярьж чадахгүй байна лээ, хөөрхий минь. Аав, ээж нь хүүгийнхээ амжилтад баярлаж нулимс унагачих гээд л. Ярих гэж их юм болно. Ирэх зургадугаар сард эх орондоо ирэх сураг байна. Тэр нь юу болох нь уу. Сумо өөрөө хатуу дэг, жаягтай спорт. Чөлөө өгөх нь үү, яах нь уу. Хүүгээ санах л юм. Гэхдээ цаашид туулах хол зам байгаа. Наашаа, цаашаа явж бэлтгэлээ цалгардуулчих вий ч гэж бодох юм. Энэ их өрсөлдөөнтэй талбарт завсар зайгүй хөдөлмөрлөсөн хүн л амжилтад хүрнэ. Миний хүү аварга ах нарынхаа халааг авч дээд зиндаанд түрүүлсэнд их баярлаж байна. Шинэ хүүхэд очиход нь дэм болж байсан ах нарынхаа ачийг хариулж дээд зиндаанд түрүүллээ. Одоо цаашид илүү хариуцлагатай байж сайн барилдах байх. Хамгийн гол нь бэртэл гэмтлээс л хол байгаасай гэж залбирах юм. Сумо ч өөрөө хатуу ертөнц шүү дээ. Хүү минь амар биш зам туулж энэ хүрсэн.

-Таны хүүгээр олон хүн бахархаж байна. Ийм үед нь та юу захиж байна вэ?

-Тэвчээртэй, нуруутай байгаарай л гэж захилаа. Өөр юу хэлэх билээ. Миний хүү ч сэтгэлийн хаттай, тэвчээртэй хүн. Хүүдээ итгээд л хүлээж байна. Бидний гэр бүлийн баяр баясгаланг хуваалцсан та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *