Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна

Иргэд, наадамчид та бүхэнд Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж, амралт зугаалгаа ая тухтай өнгөрүүлэхийг хүсье. Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр наадам, амралт зугаалгын үе тохиож байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж, аливаа хордлого, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дараахь зөвлөмжийг танд хүргэж байна.
Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа:
•    Шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан  эсэхийг сайтар нягтлан үзэх;
•    Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг,  ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;
•    Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн,  задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал, Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;
•    Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал;
•    Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:
•    Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;
•    Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй,  эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;
•    Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;
•    Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан  бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;
•    Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
•    Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.
Хоол хүнсээ бэлтгэж боловсруулахдаа:
•    Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. Хэрэв та гараа зүсэж, эсгэсэн бол хоол хийх үедээ гараа сайтар боох юм уу, эсвэл бээлий өмсөөрөй.
•    Гэрийн тэжээмэл амьтдыг хоол бэлтгэж байгаа газраас аль болохоор хол байлгах шаардлагатай. Эдгээр амьтдын шүлс, үс, арьс, баасаар дамжин шимэгч хорхой, болон бусад нянгаар хоол хүнс бохирдох аюултай.
•    Хоол бэлтгэдэг газраа ялаа, жоом зэрэг хортон шавжгүй байлгахыг хичээгээрэй.
•    Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэрэг нь болсон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байх хэрэгтэй. Эсвэл халуун усаар сайтар угааж ариутгасны дараа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл мах, ногоо, талх хэрчих мод тус тусдаа байх нь зүйтэй.
•    Хоолны хэрэгслэл, сав суулгыг тогтмол цэвэр байлгаж, хоолоо хэт их биш хэмжээгээр бэлдэж, сайтар болгож хэрэглээрэй.
Хүнсээ хэрэглэхдээ:
•    Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
•    Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байх.
•    Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно.
•    Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх ч магадлалтай. Тиймээс хүүхдэд бүү уулга.
•    Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.
•    Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.
Хүнсээ хадгалахдаа:
•    Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
•    Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна. Хэрэв тасалгааны хэмд зуухан дээрээ дөрвөн цагаас илүү хугацаагаар байлгасан бол идэж болохгүй.
•    Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр хадгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаараарай.
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам юм.
Та бүхэн сайхан наадаарай.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *