Categories
мэдээ цаг-үе

Мэргэжлийн хяналт ногоочдыг хараад “нүдээ аньж”, замын цагдаа “шүдээ зууж” байна

Намрын ургац хураалтын цаг болж байна. Хэдэн бор ногоочид маань халтар болтлоо тордож ургуулсан ногоогоо үүрэх нь үүрээд, чирэх нь чирээд, ачих нь ачаад Улаанбаатар хотдоо орж ирдэг. Өөр хаана ч очих билээ. Ямар Эрээн гарч заралтай нь биш. Жилийн жилд ногоочдыг орж ирэхээр Мэргэжлийн хяналтынхан торгож хөөгөөд, дүүрэг хэсгийн цагдаа нь торгож хөөгөөд, татварынхан очоод мөн л торгож хөөгөөд явуулдаг жамтай. Хөөрхий ногоочид маань ногоогоо нууж хаагаад л ийш тийш гүйж харагддаг. Ногоочдын үгээ барж, уйлан дуулдаг үе нь жил бүрийн өдийд болдог үйл явдал. Ийм л дүр зураг өрнөдөг. Энэ жил харин Мэргэжлийн хяналтынхан ногоочдыг хараад нүдээ аних тушаал авсан бололтой. Их зөөлхөн байна. Яагаад ингэж таагаад байна гэхээр энэ намар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар өмнө нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан Т.Гантулга томилогдсон юм. Энэ бүх зовлонг Т.Гантулга дарга сайн мэднэ. Тиймээс ч ажилчдадаа наадуулаа ногоог нь заруул аа гэж хэлээ байлгүй.

Харин цагдаа нар хуучнаараа л ногоочдыг хараад шүдээ зууж байна. Тэнд ч хөөлөө л гэнэ, энд ч торголоо л гэнэ. Дайсан мэт үзсэн хэвээрээ. Замын цагдаа нар ногоо ачсан машин л харвал тэсрэх бөмбөг ачсан машин харсан аятай шүгэлдэж зогсоож байгаа харагдах юм. Ногоочид ногоогоо одоо зарахгүй бол хэзээ зарах билээ. Хотдоо зарахгүй бол хаана зарах билээ. Хотынхон ч ганц удаа хямд үнээр шинэ ногоо худалдан авч иддэг цаг нь. Энэ болгонд төр засаг ухаалаг хандах хэрэгтэй байна.

Ер нь амьдрал үзсэн, олон салбарт удирдах албан тушаал хашиж явсан Т.Гантулга дарга шиг аливаа зүйлд мэдрэмжтэй хандаж баймаар байна. Манай дарга нар амьдралд ойр байж, төрийн удирдлагууд энэ бүхнээс үлгэрлэж ажилламаар байх юм аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *