Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн гэрэл зурагчны анги нээнэ

СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль анх удаа мэргэжлийн гэрэл зурагчны анги нээхээр болжээ. Тус сургууль “Гёте” институттэй хамтран Германы чанарын стандартад нийцүүлэн гэрэл зурагчны ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Германы Дортмунд хотын мэргэжлийн дээд сургууль түншлэгч, зөвлөхийн үүргийг гүйцэтгэх аж.

Ийн бакалаврын түвшинд мэргэжлийн гэрэл зурагчин бэлтгэн гаргахын зэрэгцээ энэхүү төслийн хүрээнд Монгол дахь Гёте институт СУИС-д хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий гэрэл зургийн бүтээлч лаборатори, анги танхимыг байгуулж өгч байгаа юм байна. Уг хамтын ажиллагааны гэрээнд СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос, Монгол дахь “Гёте” институтийн захирал Михаэль Хайнст нар гарын үсэг зуржээ. Ингэснээр ирэх хоёр жилд Гeрман-Монголын гэрэл зурагчид хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох шинэлэг бөгөөд бүтээлч орон зай бүрдэж, харилцан суралцах сүлжээ бий болох юм.

СУИС, Дортмунд хотын мэргэжлийн дээд сургуулийн хамтын ажиллагаа нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төсөлтэй Герман-Монголын ТББ “Urban Nomads”, “Nomad Citizens” хамтран ажиллаж байгаа юм байна. СУИС-ийн энэхүү гэрэл зургийн ангийг түшиглэн гадаад, дотоодын багш, уран бүтээлчид, мэргэжилтнүүд, оюутнууд болон гэрэл зурагчид хоорондоо уулзаж, санал бодлоо харилцан солилцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцаа холбоо тогтоох, улмаар Монголын залуу гэрэл зурагчдын уран бүтээлийн болон мэргэжлийн ирээдүйд нь дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.

Монгол дахь “Гёте” институт “Монсудар” хэвлэлийн газартай хамтран нь гэрэл зургийн мэргэжлийн сурах бичгийн орчуулгыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд ирэх намар Стивен Шорегийн “Гэрэл зургийн мөн чанар” номыг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *