Хөгжиж буй орнуудын боловсон хүчний хөгжлийг дэмжих, сургалтын бэлтгэгч багш нарыг бэлтгэх “Ур чадварыг бэхжүүлэх” төслийн олон улс дахь анхдугаар нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Х.Батхүлэг, Азийн хөгжлийн банзны Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арнауд Хэкманн болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.
Уг төсөл нь дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дээр дадлагажуулах, Монгол улс дахь мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг: Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод “Мэдлэгт суурилсан ниймэг ба ур чадвартай Монгол хүнийг бий болгох зорилт” тусгагдсан байдаг. Энэ зорилтод хүрэхийн тулд Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Үүний тулд багшлах боловсон хүчинг чадавхижуулах, техникийн баазыг өргөжүүлэх, мэргэжилтэй боловсрол сургалтын эрэлтэд нийцсэн тогтолцоог төлөвшүүлэх, үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн ажиллах хүчээр хангах зэрэг үйл ажиллагааг шат дараалалтайгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. ХБНГУ-ын хувьд энэ тал дээр байнга хамтарч ажиллаж байна. ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг хамтын ажиллагааны, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкны хамтарсан “Ур чадварыг бэхжүүлэх нь” төслийн эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Уг төслийн хүрээнд дэвшилтэт цахим арга хэрэгслүүдийг ашиглан хөдөлмөрийн зах зээлийн талаар дүн шинжилгээ хийх, мөн сургалтын эрэлт хэрэгцээ болсон нийлүүлэлтийн талаар нэгдсэн мэдээллийн бааз бий болгох замаар илүү баримтад суурилсан бодлого боловсруулах боломжтой болох юм. Энэ төсөл дэлхийд хоёрхон улсад хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү анхны нээлтийн үйл ажиллагаа Монгол улсад болж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Монгол Улсад ХБНГУ-аас хэрэгжүүлж байгаа “Ур чадварыг бэхжүүлэх” төсөл нь Улаанбаатар хотод их хэрэгтэй төслийн нэг гэж харж байна. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2020-2030”-ны хүрээнд гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн үндсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр болсон. Захын бүсүүдийг хөгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийг хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа бол дундын бүсүүдэд хэсэгчилсэн инженерийн байгууламжийн ажлуудыг эхлүүлээд явж байна. 2018 онд Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 285 айлыг дэд бүтцэд холбож, Улаанбаатар хотыг нэг төвт биш олон төвт хот болгох зорилтыг тавиад ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажил нилээн урагштай байна. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хамгийн түрүүнд ур чадвартай боловсон хүчний нөөц маш их хэрэгтэй. Ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад асар их нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Тиймээс чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах “Ур чадварыг бэхжүүлэх” төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад их баяртай байна.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел: Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга асан Ханс Йоахим Фухтел болон АХБ-ны ерөнхийлөгч Такехико Накао нарын 2016 оны 5-р сард Франкфурт хотноо зохиогдсон АХБ-ны 49 дэх удаагийн уулзалтын үеэр үзэглэсэн хамтарсан мэдэгдлийн хүрээнд “Ур чадварыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Энэхүү төслийн анхдугаар нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү Монгол улсад болж байна. Бидний зүгээс энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг судлах, энэхүү зах зээл дээр тоглогч бүхий л талуудын хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд энэ төсөл ихээхэн ач холбогдолтой. Үүнээс гадна Монгол улс дахь мэргэжлийн боловрол сургалтыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэж харж байна.