Categories
мэдээ цаг-үе

Мэргэжилдээ үнэнч яваа “мэргэжлийн” ангийнхан

Өнгөрсөн зууны хамгийн сонин содон үзэгдлүүдийн нэг болсон зурагт, радио хэмээх их айлын өнөр өтгөн гэр бүлд багтана гэдэг босго өндөртэй, хариуцлага чангатай байсан. Сайн мэдэхгүй хүн гаднаас нь харахад том том хальс тэвэрч, биенээ дайрах шахам яарсан хүмүүс харагдана. Нөгөө олны танил нэвтрүүлэгч, сэтгүүлч нар зөрөхөд дархан цаазтай амьтан харсан мэт ангайна. 1998 онд Радио телевизийн дээд сургуулийн хоёр дахь элсэлтийн шалгалтанд бүртгүүлчихсэн залуучууд Монгол телевизийн үүдээр эргэлдэхэд харж болох эхний дүр зураг энэ л дээ. Энэ бол хот, хөдөөнөөс сэтгүүлч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшихээр зориг шулуудсан залуусын нүдний хор ингэж тайлагдаж эхэлсэн гэхэд болно. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Радио телевизийн дээд сургуулийг 2000 онд төгссөн сэтгүүлчийн ангийнхныг урьсан юм.

Телевиз, радиогийн сэтгүүлч, найруулагч, зураглаач гэсэн цөөхөн ангид 60 орчим залуучууд хоёр жил сурч төгсөөд бакалаврын диплом гардахаар элсэн оров. Янз бүрийн мэргэжлээр өөр өөр их дээд сургууль төгссөн хүмүүс телевиз, радиогийн гал тогоонд орно гэдэг мэргэжлийн багш нарт бол хэцүү л байсан байж таараа. Гэхдээ зорилго, зүтгэл нэгтэй тэднийг зогсоох хүч байгаагүй тухай ангийнхан нь ярих дуртай. Өмнө дурдсанчлан янз бүрийн мэргэжлийн нөхдүүд сэтгүүл зүйн их далайд дарвуулаа босгон хөлөг онгоц мэт орж ирсэн болохоор нэрт найруулагч агсан Бадраагийн Бадрууган захирал нь “Би та нарыг бүгдээрээ радио, телевизийн хүн болно гэж хэлж чадахгүй. Харин та нарыг телевиз радиогийн ажлыг ойлгодог хүмүүс болж чадвал баярлана” хэмээн анхны уулзалтаараа хэлж байсан нь тэдний сэтгэлд өнөө ч хадгалагдан үлджээ. Захирлынхаа энэ үгнээс ч болсон уу ямартай ч сэтгүүл зүйн ангийнхнаас мэргэжлээсээ урваж, шарвасан нь тун цөөн.

1998 оны намар оюутны ширээнд тохой нийлүүлэн сууж эхэлсэн тэр цагаас хойш Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн захирлууд морилж буй байшингийн дөрвөн давхар тэдний эзэмшлийн газар болсон гэдэг. Хэд хэдэн сургууль төгссөн, амьдралд хөл тавьсан хашир оюутнууд цугласан ч хүүхэд шиг үймүүлж, зарим нэг нь хайр дурлал эхлүүлж гэр бүл болоод амжжээ.

Сэтгүүл зүйн ангийнханд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа, киноны нэрт найруулагч Х.Дамдин, Б.Бадрууган, нэрт сэтгүүлч Г.Золжаргал, Б.Хишгээ, Б.Цэенханд, Ц.Дагий, Монголын анхны эмэгтэй зураглаач Д.Тунгалаг, Сэрэлт кионы Пүрэвжавын дүрээр олны танил болсон Банзрагч, алдарт найруулагч Г.Энхжаргал, Б.Баатар нараас номын дуу сонссон нэг үгээр хэлбэл азтай залуус юм. Түүнчлэн “Гоо зүйн ухаан”-ы нэр эрдэмтэн, профессор Содовын Баясгалан, Рэнчинсамбуу, Д.Жаргал, Бадамханд тэргүүтэй мундагууд тэдэнд мэргэжлийн хичээл орж эхэлсэн байх юм.

Радио телевизийн дээд сургуулийн радио, телевизийн сэтгүүлчийн ангийг 30 гаруй бүсгүйчүүд, нэг эрэгтэй төгссөн байна. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн мэргэжлийн ангийнхан Б.Бадрууган захирлынхаа анх хэлсэнчлэн Радио телевизийн гал тогоогоор дамжиж, бүгд л радио телевизийн цаг наргүй, хариуцлага өндөр ажил, амьдралыг ойлгож, уран бүтээл төрөх хүртэлх нөр ажлыг ойлгодог болсон гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг гэж байлаа. Тэр хэрээр сайн баг хамт олны чармайлтаар ганцхан нэвтрүүлэг бүтдэг гэдгийг мэддэг болсон юм. Айл бүрийн хойморт айлчлан ирж буй 2018 он бол тэдний сэтгүүлч мэргэжил эзэмшихээр эхэлсний 20 жил, сургуулиа төгсөж гараад мэргэжлээрээ ажиллаж эхэлсний 18 дахь жил тохиож байгаа юм.

Радио телевизийн хоёр дахь төгсөлтийнхөн бараг бүгдээрээ “од” болсон гэхэд болно. Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн “Хос багана” нэвтрүүлгийг олон жил хийж брэнд болгосон С.Тунгалаг, эрэн сурвалжлах, асуудал хөндсөн нэвтрүүлгүүдээрээ эрхгүй ялгарч яваа сэтгүүлч Д.Бямбацэцэг, “Өглөө” хөтөлбөрийн анхдагч сэтгүүлчид болох Ц.Одонтуяа, Ш.Одонтуяа, Нийгэм эдийн засгийн редакц, цэнгээнт нэвтрүүлгийн “Титэм” студи, Соёл урлагийн редакцийн даргаар олон жил ажиллаж байгаа Д.Наранцэцэг, Ш.Мөнхцэцэг, Х.Буянхишиг, “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийн О.Отгонжаргал, ангийн ганц эрэгтэй Д.Мөнхжаргал, радиогийн сэтгүүлчийн ангиас хүүхдийн эрхийн тухай асуудал хөндсөн олон цуврал мундаг нэвтрүүлэг хийж, сүүлд ТВ-9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг үзэгчдийн сэтгэлд хүртэл хийж байгаа Ё.Мөнхтуяа, оюутан байхдаа “Аав, ээж, би” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байсан, уран бүтээлч н.Буянхишиг байх жишээтэй. Саяхан 2-3 роман бичиж уншигчдын хүртээл болгоод буй сэтгүүлч С.Сосор, Хэвлэлийнхний тархи оюуныг цэнэглэгч Глоб интернэшнл ТББ-ын ажилтан Д.Энхтуул гээд олон хүнийг нэрлэж болохоор юм билээ.

Тэд багш нартаа бол эцэг, эх шигээ хайртай байжээ. Багш нар ч хүүхэд шиг баярлаж, гомдоно гээд инээмсэглэцгээнэ. Д.Амбасэлмээ багшийгаа Амбалаа хэмээн авгайлдаг байж. Тэд “Амбалаа багш маань шилэн тирко, туфль өмсөөд дүүхэлзэнэ шүү дээ” хэмээн бахархах юм билээ. Мундаг зохиолч, урлаг шашны зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид авчирч долоо хоногт нэг удаа тэдэнд лекц уншуулдаг байсан нь өдгөө ч амьдрал, ажил аль алинд хэрэг болж байгаа гэнэ. Амбалаа багш нь дууг нэг их гоё нугалж дуулдаг байж. “Багшийн уншсан тайлбар хичнээн гоё, жинхэнэ дотор руу орсон юм шиг хүрнэ. Золоо багш маань саравчтай малгай, бичигтэй цамцаар гангарна. Оюутнуудаа загнахгүй зөөлөн, гэхдээ үгэн сумаар духан дундаар чангахан чимхэхээ сайн мэднээ. Тухайн үед залуучуудын нэвтрүүлгийн Үдшийн хэмнэл студийн бэлтгэсэн нэвтрүүлгийг их үзүүлнэ, камер тавиад хөтлөлтийн дасгал хийлгэнэ” хэмээн магтаад авна лээ. Үзүүлсэн нэвтрүүлэгт нь 25-ын З.Алтай, Авирмэд, парик Жагаа, өөрөө Го.Бадарчтайгаа хамт хийсэн гээд олон шилдгүүдийн залуу цагийн дүр, хурц хурц нийгмийн асуудал хөндсөн бүтээлүүдээр нүд, чихний бөглөөг нь жинхэнэ утгаар нь гаргажээ.

Яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар хоёр дахь жилээс нь ангийн багшаар нь тохоогджээ. Гүрээ багш нь ангийнхаа хэдэн ширээгээ дугуй засуулж байгаад нүүр нүүрээ харж, халуун яриа өрнүүлэхэд гоё гэдэг байж. “Нүдгүй байж шоргоолж нүхээ олж очно, нүгэл буян хоёр эзнээ олж очно” гэх юм уу, “Шувуудын цувааг битгий тоолоорой” гэх мэтээр амнаас гарах үг бүр нь яруу найргийн хэмнэлтэй байсан гэнэ. Ангидаа тэдэнд хэлж ярьж байсан мөртүүд нь бүгд жүжиг, дуу болж багш нь хамтлаг, дуучдын дунд “од” болжээ. Олны хит болохоос нь өмнө тэд дууны шүлгийг нь “ориг”-оор нь сонсож байсан хэмээн бахархдаг юм билээ. Харин Бадамын Хишгээ багш нь амьсгалын дасгал хийлгэж радиогийн өрөөндөө тэднээр юм уншуулж үздэж байж. Ухаандаа тэдэнд яг л ээж шиг нь санагддаг байсныг нуугаагүй юм. Харьцааны маш өндөр соёлтой, дөлгөөхөн сайхан ч хүн байсан талаар ярьцгааж байлаа. Яг л өөрийг нь хараад ёс зүй, соёл гээчийг сурахаар тийм л сайхан хүн байсан тухай Д.Мөнхжаргал дурсаад авна лээ. Ангийн ганц хүү Д.Мөнхжаргал “Охидууд маань намайг төгстлөө хоолонд даасан байх, би баяр ёслолоор хүргэчүүлтэйгээ их найралсан байх” гэж ярина. Ангидаа ганц эрэгтэй байхын давуу тал нь тэр байсан байж мэдэх юм. Тэрээр “Манай ангийнхан мэргэжлээрээ ажиллаагүй нэгнийгээ сураг ажиг тавина, бие биенээ хаана юу хийж явааг сонирхоно. Тэр бүр уулзаад байдаггүй ч зүрх сэтгэлээрээ хамт байдаг тийм л нэг жирийн хамт олон. Нөгөө ангийнхнаас найруулагч Д.Сангибат манай ангийн юм шиг их ойр байдаг. Манайханд баяр, гуниг юу эс тохиолдох билээ тэр бүхнийг хамгийн түрүүнд хуваалцдаг хүн бол Санги маань юм” хэмээн андаараа бахархаж байсан юм. Тэдний ангид олны алдартны хүүхдүүд ч мөн суралцдаг байж. Төрийн соёрхолт зохиолч Зундуйн Дорж агсны хүү Чинбат, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуайн охин Сэлэнгэ, Ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Цэцэглэн, Твиттер “од” “Оддын охин” нэрээр олны танил болсон Т.Онон гээд нэрлээд байвал нэлээдгүй хэдэн мөр бичих байх шүү гэцгээж байсан юм.

Мэдээж оюутнуудын дунд танилцах үдэшлэг болно. Танилцах үдэшлэг дээр амьдралынхаа сайн найзыг олох нэгэн байхад амьдралынхаа ханийг олсон хүмүүс ч байдаг. Тэд ангидаа анхны танилцах үдэшлэгээ зохион байгуулахад ангийнх нь охин Цэрэндолгор нэг харахнээ найруулагчийн ангийн Бат-Очиртой гараа атгалцаад сууж байсан. Тэр үед ангийнхан нь өөр хоорондоо жив жув гээд өнгөрсөн ч төд удалгүй тэдний төгсөлтөөс анхны хос болжээ. МҮОНТ-ийн авьяаслаг нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганбаатар найз сэтгүүлчийн ангиас Ц.Одончимэгтэй, сүүлийн үеийн чансаатай бүтээл туурвиж яваа кино найруулагч Д.Золбаяр радиогийн сэтгүүлчийн ангийн Ё.Мөнхтуяатай гэр бүл болцгоож, өнөр өтгөн сайхан амьдарч яваа гэнэ. Ямартай ч мундаг уран бүтээлчдийн нүдэнд өртдөг тийм сайхан охидтой анги байсан хэмээн Д.Мөнхжаргал бахархан ярих дуртай юм билээ.

Тэд “Света, Ц.Цэлмэгнаран, Мөнхжаргал, Д.Алтанчимэг, Цэрэндолгор нар маань мэргэжлээрээ ажилласан бол туршлагатай сайн сэтгүүлчид болох байсан гэдэгт одоо ч эргэлздэггүй” гэдгийг хэлж байсан юм. Нэг өдөр нэрт найруулагч Б.Бадрууган багш нь тэднээс шалгалт авчээ. Хэзээний хошин шогийн мэдрэмж өндөртэй захирал нь “Уильям Шекспир чинь хаанахын хөгжмийн зохиолч билээ” хэмээх асуултад ангийнх нь товарищ өөдөөс нь “Та чинь одоо болтол мэддэггүй юм уу. Уильям Шекспир чинь Оросын зураач ш дээ” хэмээн хариулж ангиар нэг инээдэм болж байсан гэдэг. Гэсэн ч энэ зэргийн инээдэм ихдэж, шалгалтаар тэр нь шоглоом болох үе бишгүй байсан аж. Гэхдээ тэд нэг анги гэж дуудах хамт олныг багш нар маань бүрдүүлж, амьдарч байгаа орчноо өөр өнцгөөс дүгнэчих нүдийг бас л багш нар маань нээж өгсөн. Заавал сэтгүүлчийн диплом аваад сэтгүүлч болчихгүй гэдгийг бид 20 жилийн дараа бүр ч илүү мэдэрч, төрөлх сургуулиа шүтэж, эрдэмтэн багш нартаа залбирч явна гэцгээж байлаа. Туулах амьдралдаа үргэлж хайрлах ёстой, орон зайг нь заавал байлгах ёстой зүйл бол нэг ангийнхан. Сайдаж, муудаж байсан ч нэг ангийнхан гэдэг үг улам л тодорч байдаг сайхан үг дээ хэмээж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *