Categories
мэдээ цаг-үе

Мэндийн Зэнээгийн охин Ариунаа: Аавын минь инээмсэглэл хичнээн сайхан бэ. Болдогсон бол дахиад нэг харах юмсан

Мэндийн Зэнээ агсны охин Ариунаатай ярилцсанаа хүргэе.

-Мэндийн Зэнээ гуай Монголын төрд шулуун шударга зан, ноён нуруугаараа үнэлэгдэж байсан хүмүүсийн нэг. Эх орныхоо төлөө зүтгээгүй нь хэн байхав. Гэхдээ өнөөгийн эх орончид гэж хий хоосон цээжээ балбаад байгаа нөхдөөс огт өөр нэгэн байсан санагдана. Яриагаа эндээс эхэлбэл ямар вэ?

-Тиймээ, аав минь үгээрээ ч, үйлдлээрээ ч чухам улстөрч гэж хэн байх ёстойг харуулж байсан хүн. Залуу үеэ эх орноо хайрладаг, өвөг дээдсээ, өнгөрсөн үеэ, ёс заншлаа мэддэг байгаасай. Хэт их намчирхал, нутаг ус ярихаасаа Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй, айх аюулгүй, өлсөж цангахгүй байгаасай гэсэн чин хүсэлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж явсан. Эгэл жирийн малчны хүү Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтэн, улстөрч болтлоо явахдаа үнэнээс, үзэл бодлоосоо, өөрөөсөө, үр хүүхдүүдээсээ урваж шарвалгүй явж их ч сайлуулж, их ч муулуулсан даа, аав минь. Тэр үеийн сонин болгонд гардаг байлаа шүү дээ. Гэхдээ хувь хүн талаасаа, хүн гэдэг талаасаа болж муулуулсан нь үгүй. Улс эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн үнэнчээр цохилох зүрх байснаас бус өөрийнхөө, ах дүүгийнхээ, үр хүүхэд, найз нөхдийнхөө ашиг сонирхол, албан тушаал, алдар нэр, баян тансаг амьдрал сонин байгаагүй нь одоогийн зарим нэг улстөрч, эх оронч гэж хэлүүлэх дуртай улсаас ихээхэн ялгаатай байж. Үүнийг цаг хугацаа өнгөрөх хэрээр олж харж өөрийн эрхгүй бахархдаг.

-Хэдэн жилийн өмнө Батцэцэг эгчтэй чинь ярилцаж байсан. Та хоёр Мэндийн Зэнээ гэх лүглэгэр уулын энгэрт эрхэлж өссөн, Хулан найрагчийн хэлсэнчлэн ургаа модод шиг гоё охид нь. Бага балчир насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Бага насаа нандин сайхан дурсамж, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өнгөрөөжээ. Ном зохиол туурвидаг, их уншдаг, судалдаг хүн байсан. Материал, ном бүтээлээ хэвлэлтэд өгөхөөсөө өмнө эхний хянах хувийг хэвлүүлж авчраад л ширээний хоёр талд өөд өөдөөсөө харж сууж байгаад тулгана даа. Зуны амралт эхлэв үү, үгүй юу ээж эгч бид гурвыг хөдөө дагуулаад явна. Хичээл ортол явна. Хичнээн олон зуныг үзэсгэлэнт уул ус, нутаг нугынх нь сайхан улстай үдсэнийг хожим хойно мэдэрдэг юм байна. Жаахан томроод ирэхэд энгийн сайхан амьдрах, хүн хүнээрээ үлдэх, мөнгө биш найз нөхөд хүнд хань болдог тухай, үнэн байх тухай гээд олон зүйлийг ярьж сургана. Би чинь аавынхаа мөрөн дээр бараг 12,13 хүрчихээд л сууж өссөн хүн шүү дээ. Найз нөхөд нь ирээд тоглож байвал мөрөн дээр, юм ярьж байвал өвдөг дээр нь асаатай. Хажиглаж халаглахгүй их зууралддаг байжээ.

Гэр орноор маань хүний хөл тасрахгүй. Тогоо зуух нийлээстэй. Ээж хоол цайгаа хийж, аав зочидтойгоо хөөрч, эгч бид хоёр тэр л аль сайхан эрдэмтэй улсын яриаг сонсож өссөн. Аав хүнд бэлэг өгүүлэх их дуртай. За тэгээд гадагшаа яваад ирсэн, баяр ёслол таарчихвал Бямбаа бэлгийг нь өгөөрэй, өгөв үү гээд шалгаана. Ээж аав хоёр их сайхан дуулна. Гэртээ хөгжим тавьж байгаад вальс эргэнэ. Эгч бид хоёр үзэгчид нь. Хэдэн онд билээ, гишүүдийн шинэ жилээр шилдэг болоод ирж байсан удаатай. Аз жаргалтай хором бүрийг би бага наснаасаа олж хардаг.

-Танай аавыг эх орон газар шорооныхоо төлөө дуугарч байсан төрийн түшээ гэдгээр нь хүмүүс хүлээж аваад байдаг. Гэхдээ өнөөгийн залуу үе бас хэр мэдэх бол гэж бодогдож байна. Хувь хүн талаас, энгийн талаас, нялх охиных нь зүгээс дурсвал сонин байх болов уу?

-Аавыг минь мэдэх, судалгааг нь, ном зохиолуудыг нь хайж уншдаг мэр сэр залуучууд бий. Гэхдээ яаж амьд сэрүүн байсан үеийнх шиг нь мэдэх вэ. Энэ тал дээр бид бусдаас арай л муу хөдөлж дээ гэж бодогддог. Цаашдаа бодож санаж явдаг зүйлс бий. Нялх балчир охины нүдээр аавыгаа эргээд харахад аав минь дүнхийсэн сайхан уул. Нөмөр нөөлөгтэй. Том сайхан шүдээ гялалзуулаад тас тас инээнэ. Хайр халамжаар дутааж үзээгүй. Ээжийг минь, хоёр охиноо сэтгэл дүүрэн байлгасан. Найзалж нөхөрлөж байгаа хүндээ чин сэтгэлээсээ хандаж сайн сайхан байх үеэс нь илүүтэй зовж зүдрэх үед нь нөмөр нөөлгөө харуулдаг. Тус дэм үзүүлэхдээ сэтгэлээсээ хандана. Эр хүн гэхэд уян зөөлөн гэж жигтэйхэн. Хатуу юм шиг хэрнээ зөөлөн хүн. Далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн гэх үг аавд минь таарна байх. Инээмсэглэл нь хичнээн сайхан гээч. Болдогсон бол дахиад нэг удаа харах юмсан гэж боддог. Тэгээд зургийг нь харна, нүдэндээ төсөөлнө. Нэг удаа ч болов үнсүүлчих юмсандаа гэж хүсдэг. Бүх л зүйлээ гэртээ, эхнэр хүүхдэдээ, ээждээ зориулна. Улстөрчийнхөө хувьд үгүйлэгдэж байгааг уулзсан хүмүүс ярьдаг. Хааяа нээрээ аав минь байсан бол бас л их юм хийж байгаа даа гээд бодно. Заримдаа одоогийн энэ цаг үеийг үзээд ямар их зовж, харуусах байсан бол гэж бас бодогдоно.

Амьдрал маань тэр чигтээ хөөр хөгжөөнтэй дурсамж байсан болохоор алийг нь ярихаа сайн мэдэхгүй л байна. Аав нэг өглөө эмнэлэгт хэвтэх боллоо. Яарч сандраад юм хумыг нь бэлдэцгээлээ. Гэрт өмсдөг шаахай нь урагдчихсан байхаар нь эгч өөрийнхөө шар цэцэгтэй шаахайг өгөөд явуулчихаж. Эмнэлгээр хүүхдийн цэцэгтэй шаахай өмссөн, том биетэй эрэгтэй хүн алхаж өгөө биз дээ. Б.Дэлгэрмаа өөр хэн ч билээ эмэгтэй гишүүд таараад аавыг шоолж гүйцгээгээд. Харин дараа нь том хүний арьсан шаахай аваад өгчихсөн байж билээ. Хүмүүс дунд орж олонтойгоо байх юу юунаас илүү дуртай хүн байжээ. Эд хөрөнгө мөнгө төгрөг харагдах гоё сайхнаас илүүтэй хүнийг дотоод мөн чанараар нь үнэлдэг. Цаг ямагт өөрөөрөө, зөвхөн өөрөөрөө л байдаг цор ганц хүн бол аав минь шиг санагддаг. Эгч бид хоёр харин бэртэгчин зан сураагүй. Хөдөлмөрлөж, хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээ зориулахыг, үнэнч байхыг нэвт шувт биедээ шингээж авсан.

-Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хүн байсан. Ус нутгаар нь хамт очиж байв уу. Одоо ус нутагт нь очдог уу?

-Аавыгаа өнгөрснөөс хойш Баян-Өнжүүлд очиж амжаагүй л явна. Залуус хүүхдүүд нь хот руу суурьших гээд нүүгээд ороод ирчихсэн, хэдэн хөгшчүүл нь нутагтаа үлдэж хоцроод байгаа тухай нутгийн хөгшнөөс сонссон. Аав минь байхдаа тойрогтоо, нутагтаа, сонгогчдынхоо төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр олон зүйлийг хийсэн. Харин хийсэн бүтээснийг нь үргэлжлүүлээд, нэмээд яваагүйд харамсдаг. Ааваасаа хойш ээжийгээ асрах, үр хүүхдүүдээ өсгөж торниулах гээд хүний амьдрал болсон хойно мундахгүй их ажилтай хэдэн жилийг үдлээ. Удахгүй аав, ээжийнхээ нутгаар явах, багын дурсамжаа сэргээх гээд төлөвлөж бодож яваа зүйл их бий. Мөдхөн очно оо.

-Их хурлын гишүүн, төрийн түшээгийн хувьд гадагшаа дотогшоо багагүй явдаг байсан байх. Гэргий хүүхдэдээ юу авчирч өгөх вэ. Аав минь өгсөн юм гэж нандигнаж хадгалдаг зүйл байдаг уу?

-Гадагшаа яваад ирэхээрээ авчрахгүй зүйл байхгүй. Авч ирэх боломжтой бүгдийг авчирна. Харахад бүдүүн хадуун хүн харин бид гуравт авчирдаг зүйлс бол чамин нандин гэж жигтэйхэн. Аав ээжийн гэрт олон сувинерүүд бий. Надад бол аавын минь өгсөн үзэг байгаа. Хамгийн үнэтэй зүйл минь. Гарын үсэг зурна. Ил орхихгүй далд хийж явдаг. Ил орхиод явахад нэг л болдоггүй. Үнэтэй зүйлээ алдчих гээд байгаа ч хүн шиг.

-Ижий аав хоёрынхоо танилцсан түүхээс сонирхуулаач. Ижийнхээ тухай ярихгүй юу. Ямар ажил эрхэлж байсан бол?

-Ээж маань нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Хуучнаар 26 дугаар яслид тогоочоор ажилласан. Аав ээжийн мэргэжилд дуртай. Хатууг зөөлрүүлж, үр хүүхдийнхээ сайн сайхныг харж, ханашгүй их жаргал эдэлж суугаа гэж боддог. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж бардаггүй гэдэг шүү дээ. Гэхдээ зээ нараараа хүрээлүүлж, үр хүүхдийнхээ ажиллаж, хөдөлмөрлөж явааг хараад баярлаж суудаг. Дуу цөөтэй, даруухан хүн бий. Жаргалын дээдийг амсуулж чадахгүй ч буруу гишгэхгүй явбал болоо. Ачийг нь хариу­лах өчүүхэн ч болов хийж чадах зүйл минь гэж их хичээдэг. Ээж маань аавын дүүтэй найзууд. Найзтайгаа уулзах гэж ирж очиж байгаад танилцаж, ном солилцож уншиж яваад л дотноссон гэсэн. Хамтдаа байхдаа хамгийн сайхан харагддаг байж билээ. Биднийг залах том хүч ээж минь юм. Аав чинь сайхан инээнэ, гоё дуулна. Ном сайхан ярьж өгнө гэж ээж ярина. Харин аав бол ээжийг инээд алдсан цэвэрхэн даруухан охин гэж ярьдаг сан. Тэд лав одоогийнхны хэлдгээр анхны харцаар бие биенээ олсон байхаа.

-Зэнээ агсныг Өвөр Монголын нэрт дуучин Лхасүрэнтэй хүж барилцсан ах дүүс байсан гэж сонссон. Тэр тухай сонирхмоор байна?

-Аав минь Өвөр Монгол судлаач байсан. Тэр утгаараа Лхасүрэн ахын тухай, гэр бүлийнх нь тухай хийсэн судалгаа нийтлэл байдаг байж. Лхасүрэн ахын эхнэр Төмөрцэцэг эгч бол Жоу Эньлайгийн өргөмөл охин. Лхасүрэн ах соёлын хувьсгалын үрээр аав ээжээ­сээ өнчирч хоцорсон хүн. Улаанбаатарт Өвөр Монголын “Улаан мөчир” чуулгынхан ирж 1985 онд тоглолт хийх үеэр Лхасүрэн ах маань эхнэрийнхээ хэлж ярьснаар аавтай минь уулзаж танилцсан гэдэг. Яг тэр жил аав минь ахыгаа алдаад удаагүй ч таарсан гэсэн. Улаанбаатар зочид буудалд танилцаж хэдэн цаг ярьж суугаад ер нь би ээж дээр чинь очъё хүү нь болъё гээд очиж байсан гэдэг. Эмээ маань хүү минь ороод ирлээ гэж бодсон гэдэг юм. Тэгээд л тэнгэрт мөргөж ахан дүүгийн барилдлагатай болсон. Лхасүрэн ах яг л аав шиг. Аав чинь тэгэх байсан шүү хүүхдүүд минь, аав чинь яг тэгж хийнэ дээ гээд зөвлөнө. Ямар их сэтгэлийн тэнхээ ямар их хайр хүндлэлийг тэр хүнээс бид авдгийг би хэдхэн үгээр энд хэлж яаж барах вэ. Тийм болохоор тэднийг магадгүй бурхан уулзуулсан байх аа. Ахан дүүс болж ирж очилцдог болсноор ирэх очих гарц нээгдсэн ч гэдэг. Тэдний ачаар харин хоёр талд салж тусгаарлагдсан олон ах дүү үр хүүхдүүд эргэж уулзалдсан шүү.

-Танай гэрийн зочид гэвэл ямар хүмүүс байв. Аавыг тань өнгөрснөөс хойш та хэдтэй хэн хэн ойр явж ирсэн бэ?

-Гэрийн зочдыг энд нэрлээд дуусахгүй байх аа. Заримыг нь би ний нуугүй хэлэхэд танихгүй. Их олон хүн байсан. УИХ-ын гишүүд, хамтран ажиллаж байсан хүмүүс, унаган багын найзууд, нутаг нугынхан, ах дүү хамаатан садан гээд манайхаар ороогүй хүмүүсийг тоолбол илүү амархан ч байж болох юм. Одоо бол ээжтэй минь холбогдож бие хааг нь асуудаг, эгч бид хоёрт ямар ч үед аавын минь үгүйлэгдэж байгаа орон зайг нөхдөг, сэтгэлийн дэм өгч байдаг гарын хуруунд багтах хэдэн хүн бий. Тэд нартаа баярлаж явдгаа хэлэх хэрэгтэй байх.

-Ариунаагийн хувьд ямар боловсрол мэдлэг эзэмшсэн бэ. Одоо хаана ажиллаж байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Төрийн удирдлагын магистр. Санхүү эдийн зас­гийн дээд сургууль төг­сөөд Монголбанкинд орж ажилласан. Гэр бүлийн хувьд өнөр өтгөн айл болоод үр хүүхдүүдээ өсгөх, үзсэн хар­сан, мэдсэн сурсан зүйлстэй чадварлаг хүнлэг хүмүүс болгох гэж хичээж л явна. Нөхөр маань Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг. Ажилдаа махруу залуу бий. Амьдралын минь түшиг тулгуур, үр хүүхдийнхээ хайртай аав даа.

-Зэнээ агсны “Мон­голоороо үлдэх юмсан” гэх сайхан бүтээл бий. Монголын шинжлэх ухаанд залуу насандаа ажиллаж бүтээж туурвиж ирсэн нь намтар түүхэнд нь тодхон байдаг?

-Эгч бид хоёрын хувьд бичгийн талын улс болсонгүй, харамсалтай нь. Гэхдээ үр хүүхдүүд дотор маань бүтээл туурвих хүн бий гэж мэдээж итгэж байгаа.

Харин итгэлийг нь хөсөр­дүүлэхгүй, түүхээ муучлахгүй, Монгол гэсэн чин сэтгэлтэй байж, сайн сайхан зөв хүн хэзээд байна. Энэ бол аавын минь хүсэх байсан хүлээх байсан зүйл яах аргагүй мөн. Өөрсдөдөө хийж бүтээснээр дүүрэн, үр хүүхдээ эцэг эхийнхээ арга замаар өсгөж зөв залж улс эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүс болгож хүмүүжүүлж чадвал энэ ч гэсэн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваагийн нэг илрэл болно гэж би боддог.

-Ард түмэн улстөрчдөд тэр бүр дуу алдаад саймшраад байдаггүй. Харин яагаад ч юм танай аавд барагтай л бол хир халдаадаггүй. Тэр сайхан хүний үр хүүхэд болж гал голомтод нь мэндэлсэн хувь заяагаа хэрхэн боддог вэ?

-Ийм сайхан аав ээжийн охид болж төрсөн нь дэндүү их хувь тавилан яахын аргагүй мөн шүү дээ. Тэр бүр хүн болгонд олдохгүй байхаа. Ээж аав минь байгаагүй бол бид хэн билээ. Би ээж ааваараа, эгчээрээ, гэр бүл, хийж байгаа ажил, хамт олон, найз нөхдөөрөө бахархдаг. Зөв бодолтой, хийсэндээ итгэлтэй, дурсаад суух дурсамж дүүрэн, өнөөдөртөө сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэл дүүрэн яваа минь хамгийн том хувь тавилан юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *