Categories
мэдээ нийгэм

Мэндийн Зэнээ агсны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа

Мэндийн Зэнээ агсаны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллааУИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.

М.Зэнээ агсны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.

Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна. М.Зэнээ агсны охин З.Ариунаа хэлэхдээ “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийчих юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын дарга С.Батболд болон түүний Тамгын газрын хамт олонд маш их баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан М.Зэнээ агсны хань, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсээд “Нийслэлийн зүгээс бид М.Зэнээ агсаны хийж хэрэгжүүлж, санаачилж байсан олон сайхан ажил, хууль тогтоомжийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүндэтгэлийн самбарыг нь шинэчилж байна. Мөн парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.

Мэндийн Зэнээ агсны төрж өссөн нутаг усныхан ч түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох юм байна. Баяр наадамтайгаа хамтатган М.Зэнээ агсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг тус сумын Засаг дарга Р.Очирбат хэллээ. Өнөөдөр Мэндийн Зэнээ агснтай хамт ажиллаж явсан үе үеийн УИХ-ын гишүүд, хотын дарга, удирдлагууд оролцсон дурсамж уулзалтыг мөн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *