Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндчилгээг нийт уурхайчид, салбарынхаа хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө өргөн дэвшүүлье!
Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлсэн амжилтаар Уурхайчдын баяраа угтаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгон ажиллаж байна.
Бид 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсвийн төлбөрөө НЭГ ИХ НАЯД төгрөгийг давуулсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болж байна.
Бид 2017 оноос хойш геологи хайгуулын ажилд нийтдээ 27 орчим сая ам.доллар зарцуулсны үр дүнд ордын гүний хэсэгт хүдрийн нөөцийг нэмэгдүүлж, стратегийн ордын талбайн хүрээнд хэтийн төлөв бүхий хэд хэдэн талбайг нарийвчлан тогтоогоод байна. Түүнчлэн Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу баталгаажуулах ажлыг дуусгалаа. Энэ нь цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүдийн үндэслэл болохын зэрэгцээ үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах баталгааг хангах юм. Эдгээр ажлуудын үр дүнд өнөөгийн хүчин чадлаар тооцоход Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг наанадаж 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж байна.
Монголын уурхайчдын баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2020 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж”-ээр батламжилсанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүнээ талархаж байна.
Монгол Улсын Засгийн газар цар тахлын энэ хүнд цаг үед газрын хэвлийн баялгийн үр шимийг ард түмэндээ хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гарган Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд өндөр итгэл хүлээлгэлээ. Бид энэхүү итгэлийг дааж, 2021 оны төлөвлөгөөт зорилт, улс, орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын түүхэн шийдвэрийг нэр төртэйгөөр хэрэгжүүлэх болно.
Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болсон уул уурхайн салбарт ажиллаж буй нийт уурхайчиддаа “МОНГОЛЫН УУРХАЙЧДЫН БАЯР”-ыг тохиолдуулан ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Монголын уурхайчдын яруу алдар бадрах болтугай.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ
ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОРХ.БАДАМСҮРЭН