Кино найруулагч С.Бямбын бүтээсэн “Алсын Удирдлага” кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарчээ. Уг киног энэ сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олон нийтэд толилуулсан байна.
Хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхжээ. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол, зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татсан байна. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд “Алсын Удирдлага” кино нь анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны монгол кино болов.
Ийнхүү монгол киног Австраличууд өргөнөөр үзсэн нь Монгол, Австралийн соёлын харилцаанд түлхэц өгсөн чухал алхам боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. “Алсын удирдлага” кино нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамуудад тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.