Categories
гадаад мэдээ

Мексикийн цагдаагийн дарга отолтод орж, амиа алджээ

Мексикийн баруун хойд хэсгийн Синалоа мужийн цагдаагийн дарга Жоэл Эрнесто Сото нийслэл Кулиакан руу зорчиж байхдаа халдлагад өртөн, амиа алджээ.

Зэвсэгт этгээдүүд түүний автомашин руу 200 орчим удаа буудсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Энэ явдлаас гурван долоо хоногийн өмнө Сото Мазатлан хотын ойролцоо мөн халдлагад өртсөн хэдий ч амьд гараад байжээ. Синалоа мужийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристобал Кастанедагийн мэдээлснээр Сото чөлөө аваад байсан бөгөөд гэр бүлтэйгээ уулзахаар аялж явахдаа отолтод орсон аж.

Тэрээр хамгаалагч нартайгаа хамт явж байсан хэдий ч илүү анхаарал татахааргүй тээврийн хэрэгслээр явахыг хүсэн, автомашинаа солиод байжээ. Сото руу довтолсон этгээдүүд хэн байсан нь хараахан тодорхой болоогүй байна.

Синалоа мужид гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл ихээр гардаг бөгөөд тус мужийн орон нутгийн картел нь хамгийн харгис хэрцгий хэмээх нэрийг зүүдэг юм. Өнгөрсөн жилд Мексикийн 500 гаруй цагдаагийн алба хаагч тус улсын хүчирхэг гэмт бүлэг, хар тамхины наймааны бүлэглэлүүдийн гарт алагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *