Categories
мэдээ нийгэм

Мэдэгдэл


Эрх баригч ман, Удирдах зөвлөлд

Таван толгой-Гашуун сухайт боомт чиглэлийн нүүрсний экспорт нь Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, улсын нийт төсвийн 40 орчим хувийг бие даан бүрдүүлж ирсэн. Энэхүү нүүрсний экспортын тээврийг 170 орчим ААНБ-д бүртгэлтэй 14000 орчим тээвэрчин жолооч нар гүйцэтгэж хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд ажиллаж, 20.000 орчим өрх гэрийн амьжиргаагаа давхар авч яваа билээ.

Таван толгой Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн замд тээвэрчдийн амь нас, аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарч холбогдох яам газрууд тэдгээрийн удирдлагад тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дарамт шахалтыг багасгах чиглэлээр тодорхой үүрэг чиглэлийг өгснөөр очер түгжрэл буурч, зам харгуй засагдаж, аваар осол буурч сүүлийн хагас жилд анх удаа бодит үр дүн гарч эхэлсэн байдаг.

Гэтэл энэхүү нааштай өөрчлөлтүүдтэй зэрэгцэн нүүрс тээврийн орчинд хяналт шалгалт явуулдаг байгууллага, зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс тээвэрчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дарамт шахалт үзүүлэх, бусдаар зуучлуулан авлига харамж нэхэх, тээвэрт мөрдөх журам стандартыг гэнэт өөрчлөх замаар торгууль шийтгэл оногдуулах, хүнд суртал гарган чирэгдүүлэх байдал сүүлийн саруудад хавтгайрч байгааг тээвэрчид эрс эсэргүүцэж, санал гомдлоо ирүүлж байна. Зарим талаар энэ үйлдлийг МАН сонгуулийн мөнгөө хийж байна гэж улс төржүүлэх хардлага ч нийгмийн сүлжээнд ихээр тавигдах боллоо.

АТҮТ /ТӨҮГ/ -аас олгодог улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг нь дамлан худалдах тодорхой үнэ ханштай болж ирсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд 99.000 төгрөгийн хураамжтай олгогддог зөвшөөрлийн бичгийг 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ буюу 15 дахин их үнээр дамлан зарах саналыг компани ААН-ийн захирлуудад тавьж буй бүлэг хүмүүс дахин бий боллоо. Нэг улиралд ийм байдлаар багадаа 500-600 орчим “С” зөвшөөрлийн бичиг далд сүлжээгээр зарагддаг гэж үзвэл улирал бүр тэрбум орчим төгрөгийн ашигтай “наймаа” явагдаж байна. Энэ нь өвөл зуны алинд ч 3-6 сар машиндаа хонож, эрүүл мэндээрээ хохирон байж ар гэрээ тэжээж, банкны өрөө төлж буй 14.000 мянган жолооч, тэдний ар гэр болох 30 мянга орчим гэр бүлийн гишүүд, үр хүүхдэд очих талхны мөнгө, оюутны төлбөрөөс хумсалж буй эрээ цээргүй, зохион байгуулалттай “хулгай” гэж бид үзэж байна.

Энэ их мөнгөтэй болсон, эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж, жинхэнэ цаад эзэд албан тушаалтнуудыг нь олж тогтооно гэх найдлага ч өдөр өдрөөр багасч байна. Дээрх “С” зөвшөөрлийн бичгийн наймааг өөгшүүлж буй АТҮТ /ТӨҮГ/ –ийн дарга албан тушаалтнууд нь төрийн үйлчилгээ, аливаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд хийх, ил тод нээлттэй байдлыг хангах, авлига нэхэх, хүнд суртал гаргах зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгыг тодорхойлж буй танай намын Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай шууд харшилж байна. Дунд, доод шатны албан тушаалтнууд асуудалд өөрийн үзэмж, ашиг сонирхлоороо хандах, намын томилгоонд эрдсэн, дээрх хүнийхээ бамбай хамгаалалтад дулдуйдан дураараа авирлах явдалд танай намаас тууштай хариуцлага тооцохыг бид шаардаж байна.

Цаашид АТҮТ /ТӨҮГ/ -ын дарга түүний дор ажиллах албан тушаалтнуудын дураараа авирлах үйлдлийг намын өмгөөлөл хамгаалал үзүүлэн хаацайлах буюу хатуу хариуцлага тооцохгүй бол дарга нарын далд наймааны хохирогч болоод байгаа тээвэрчдийн ар гэр, цөхөрч ядарсан тээвэрчидтэйгээ нэгдэн эсэргүүцэн тэмцэхээс өөр сонголт байхгүй болж буйг “хонгилыг нураах” тунхаг тавьж буй эрх баригч МАН, түүний Удирдах зөвлөлд үүгээр мэдэгдэж байна.

ТЭЭВЭРЧДИЙН ГЭРГИЙ НАРЫН ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *