Ажил хэрэгч эрхэм та гар утасгүй, интернэтгүй, телевизгүй хэд хонож чадах вэ? Энэ нь ус уухгүйгээр хэр удаан тэсэх вэ гэдэгтэй ижил шахам сонсогддог болж. Өнөөдөр дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, технологийн шинэ дэвшил хүн төрөлхтөнд төсөөлж байгаагүй олон боломжуудыг олгосоор байна. Харин мэдээллийн зууны энэ их хурд, хувьсал өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах боломжийг Монголчууддаа олгож байгаа Юнител группыг онцлон танилцуулж байна.
Үндэсний үйлдвэрлэл гэхээр зөвхөн гар урлал эсвэл архи, идээ ундаа гэсэн материаллаг зүйлс бидний санаанд илүүтэй бууж Юнителийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хийсэн хувьслыг төдийлөн анзаарахгүй байх шиг. Арав хүрэхгүй жилийн өмнө бид ямаршуухан хурдаар цахим ертөнцөд холбогдож, зурагтын гаргасан нэвтрүүлэг бүрийг үздэг байв? Хуучин нэвтрүүлгүүдийг ухраан үзэж болно гэж төсөөлж байсан гэж үү? Хамгийн сүүлийн үеийн Холливудын киног эх хэл дээрээ, дуртай үедээ гэрээсээ үзэж болно гэж бодож бас байл уу? Гэтэл одоо энэ бүхэн бидний энгийн хэрэглээ болж үргэлж ийм байсан мэт хэдийн дасал болжээ. Тиймээс энэ группын үүсэл хөгжил, брэндээ хэрхэн бий болгосон, технологийн ямар шинэчлэл хийсэн талаар уншигчдадаа танилцуулахыг хичээлээ.
Дэлхийн хөгжлийн ирээдүй “Ногоон” өнгөөр илэрхийлэгдэнэ гэдгийг тэртээ найман жилийн өмнө Юнителийнхэн гярхай ажиглаж эерэг бүхний бэлгэ тэмдэг болсон цайвар ногоон өнгийг имижээ болгон анх компаниа байгуулж байжээ. Өнгөний маркетингийг үлгэр жишээ хийж чадсан хэмээн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан тэдний бизнесийн кэйс 2010 оны бизнесийн шилдэг номоор шалгарч байсан, ШУТИС-КТМС-ийн багш Д.Баярмаагийн “Маркетингийн Онол Хэрэглээ” сурах бичигт орсон байдаг юм байна. Ногоон өнгийг шуудхан л Юнителээр төсөөлдөг болтол бидний амьдралын салшгүй хэсэг болсон, ICT-ийн №1 энэхүү групп компанийг Р.Ганболд хэмээх эрхэм удирддаг. Тэрбээр хэзээнээсээ ажилласан салбарынхаа шинэчлэгч манлайлагч нь байж. ШУТИС-ийн харьяа хуучнаар КТМС-ийг анх үүсгэн байгуулалцаж, сургуульдаа багшилж байгаад мэдээлэл технологийн “Интерактив” компанийг байгуулан хэдэн жил удирджээ. 2004 онд “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар” гэх төрийн агентлаг байгуулагдахад салбарынхаа хөгжилд бодлогын түвшинд хувь нэмрээ оруулахаар удирдах ажил эрхэлж, “Цахим Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Улмаар үүрэн холбооны салбар луу шилжиж өдгөөг хүртэл үүрэн холбооны операторын бизнесийг удирдаж иржээ. Тэр үеийн ЗХУ болон Тайланд улсад сургууль төгссөн, мэдээлэл тооцооллын инженер мэргэжилтэй тэрээр ярихаасаа илүү хийхийг эрхэм болгодог, ганц хүний эрдэм чадлаас илүү багийн тоглолтыг эрхэмлэдэг нэгэн аж.
Үүрэн холбооны зах зээлд Мобиком, Скайтел гэсэн хоёр хүчирхэг компани ноёрхож байсан 2006 онд гурав дахь оператор болон гарч ирсэн тэднийг яах аргагүй технологийн эр зоригтонгууд гэж хэлж болно. Анх бүх ажилчид нь нийлээд нэг фургонд багтдаг байсан компани өнөөдөр үүрэн харилцаа холбооноос гадна дотоодын болон дэлхий дахины мэдээ, мэдээллийг Монголчууддаа цаг алдалгүй хүргэдэг, 1388 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн улсынхаа эдийн засаг, бизнест нөлөө бүхий, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT-ийн шилдэг групп компани болон өргөжсөн байна. 2013 онд Монгол улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны сүлжээгээ 100 хувь, 2014 оны байдлаар нийслэлд харилцаа холбооны суурин холбооны сүлжээг 100 хувь оруулж, хэрэглэгчдэдээ байнгын харилцаа холбоотой амьдрах боломжоор хангасан тус групп улсын хэмжээнд нийт 64 салбар, 10,000 гаруй гэрээт борлуулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш улсын төсөвт нийт 73.6 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа энэ компани найман жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна.
Юнител групп удирдах, гүйцэтгэх аль аль түвшиндээ ч Монгол хүмүүсийн ур ухаан, авьяас чадвараар ажлаа явуулдаг. Тус групп наймхан жилийн хугацаанд яаж ийм өндөрлөгт хүрч чадсаныг асуухад Р.Ганболд захирал “Манай ажилтнууд, манай залуус. Компанийн уур амьсгал, орчин нөхцөл” хэмээн бодож түгдрэлгүй хариулсан юм. “Багийн тоглолт”, “хамтдаа” зэрэг үгсийг олонтаа дурдах түүний яриа “Энэ группын засаглал, хүний нөөцийн бодлого амжилтынх нь салшгүй хэсэг байж дээ” гэсэн бодлыг эрхгүй төрүүлнэ. Группын олон арван инженер залуучууд нь Р.Ганболд захирлын үүсгэн байгуулалцаж явсан КТМС болон бусад их дээд сургуулиудыг төгссөн байдаг бөгөөд компанийг инновацилаг, IT-лаг байлгах гол хүчин зүйл нь болдог ажээ. Тэд гаднын хэн нэгэн мэргэжилтэнгээр бүхнээ хийлгэнэ гэж гар хумхин суусангүй. Бараг бүх инженерүүд нь гадаадад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж, гадаадын технологийн том том компаниудтай өөрсдөө очин танилцаж “ноу хау” технологийг суралцаж байсан гэнэ. Анх 2006 онд Юнител групп байгуулагдах үед ажилтнуудын дийлэнх нь 20-иод насны залуучууд байсан гэдэг. Залуучууд гэдэг асар их эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй, аливаа өөрчлөлтөд дасан зохицомтгой, шинийг санаачлагчид байдаг учраас тэд өнөөдрийн “Юнител” группыг байгуулж чадсан хэмээн онцолж байлаа. Одоо ч группын ажилтнуудын дундаж нас нь 27 бөгөөд тэд хоорондоо найзалж нөхөрлөж, шударгаар өрсөлдөж, компаниа урагшлуулж явна. Мөн тэдний ажлын орчин мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр. Инженер техникийн ажилчид дуу шуу багатай, анхаарлаа төвлөрүүлэх боломжтой өрөөнд суудаг бол маркетинг, контент хариуцсан мэргэжилтэнгүүд эрээвэр цоохор ханатай, хүн хөдөлгөөн ихтэй амралтын гэмээр өрөөнд суудаг нь чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог байна.
“Шударга өрсөлдөөнөөс хэрэглэгч хожих ёстой” гэсэн тэдний зарчим зүгээр нэг уриа төдийхөн бус бидний өдөр тутмын амьдралд мэдрэгдэж байдгийг Юнивишнийн хэрэглэгч миний бие бардам хэлж чадах юм. Сүүлийн үед хүмүүсийн хошуураад байгаа GG-г мөн хурдан шуурхай “customer service”-ийг нь онцолж болно. Тэгвэл Юнивишнийн гурвалсан үйлчилгээг хэрхэн бий болсон талаар товч өгүүлье.
2011 онд Юнител групп Монголд байгаагүй нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ бол харилцаа холбоо, мэдээллийн технологи, медиа гурвыг нэгэн дор цогцлоосон гурвалсан үйлчилгээ байв. IPTV, интернэт, суурин утаснаас бүрдэх энэ үйлчилгээг тухайн үед Европын зарим улс, Хятадын зарим муж, Солонгос, Тайвань зэрэг хэдхэн улсад л ашигладаг байж. Р.Ганболд захирал энэ тухай “Гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх нь асар их хөрөнгө оруулалт шаардсан ажил байсан юм. Ямар нэг өрсөлдөгчгүй ажиллалаа гэхэд 7-8 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх төлөв харагдаж байсан ч бид аливаа зүйлд анхны алхмыг нь хийхийг зорьдгийн хувьд зориглон Монголдоо энэ үйлчилгээг анхлан оруулж ирсэн” хэмээн ярилаа. Тийнхүү 2011 онд “Юнивишн” ХХК байгуулагдаж 444,700 метрийн урттай шилэн кабелийг газар доогуур татаж шилэн кабелийн анхны дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд нийт зуу гаруй компани туслан гүйцэтгэгчээр оролцсон ба ойролцоогоор 3000-аад хүн ажилласан байна. Гурвалсан үйлчилгээ гарснаас хойш интернэт хэрэглэгчдийн тоо зургаа дахин өссөн гэнэ. Одоо Юнившнийн гурвалсан үйлчилгээг 80-аад мянган өрх ашиглаж байгаа нь тэднийг “гол тоглогч” болсныг гэрчилнэ.
Маркетингийн зөв шийдэл, технологийн дэвшлийг хослуулж чадсан энэхүү групп улсын төсөвт төлдөг татвараас гадна өөрсдийн санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд олон төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Төслүүдээс нь цухас дурдахад “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг санаачлан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Уг төслийн хүрээнд хуучны Монгол кинонуудыг HD формат руу шилжүүлэн засварласан байна. Нэг ёсондоо Монголын хэл, соёлын өв болсон хуучин кинонуудыг мөнхөд хадгалах боломжтой болгож Архивын Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна Юнител групп “Таван байр” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, 15 хэрэглэгчээ өөрийн гэсэн байртай болгожээ. Мөн өнгөрсөн хугацаанд улсын эмнэлгүүдэд иж бүрэн компьютер, сүүлийн үеийн программ хангамжууд бэлэглэж, мэдээллийн технологийн олон улсын тэмцээнүүдэд Монголын их дээд сургуулийн оюутнуудыг спонсорлож оролцуулах, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Английн премьер лигийг шууд дамжуулах зэрэг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарт олон арван үлгэр жишээ ажлуудыг тус групп санаачлан хэрэгжүүлжээ.
Юнител групп оюуны өмчийг дээдлэх, кино урлагийг шинэ түвшинд гаргаж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын киночид одоо Юнивишнийн кино сувгаар өөрсдийн уран бүтээлийг байршуулж төсөөлж байснаасаа их ашиг олж байна хэмээн киноны мэргэжилтнүүд ам сайтай байдаг юм билээ. Мөн тэдний продюсерээр ажилласан “Үргээлэг” кино маш амжилттай болж ашиг орлогоороо дээд амжилтыг тогтоожээ. Цаашдаа ч энэ чиглэлээр илүү дорвитой ажлууд хийнэ хэмээн Р. Ганболд захирал хэллээ. Мөн тэд зөвшөөрөлгүй, хууль бус кино гаргах байдлыг цэгцлэх үүднээс Холливудын зургаан том студитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, бүх л киног нь албан ёсны эрхтэйгээр дамжуулах эрхийг өндөр үнээр худалдан авчээ. Гадаадын үнэтэй контентыг авах болсон нь оюун өмчийг дээдлэх сэтгэлгээг хэрэглэгчиддээ болон бусад компани байгууллагуудад харуулсан, удаан хугацаанд орхигдож ирсэн энэ салбарыг зөв замаар хөгжих эхлэлийг тавьж өгсөн явдал юм.
Энэ жил УИХ-аар батлагдсан, хэрэглэгчид үүрэн холбооны операторууд хооронд дугаараа хадгалан шилжих тухай хуулийн төсөл Юнителд ямар нөлөө үзүүлэх бол хэмээн асуухад Р.Ганболд захирал “Энэ асуудлыг төр засаг үүрэн холбооны компаниудын санал бодлыг авалгүйгээр шийдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Тэр мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй. Гэхдээ тэр бүхэн шийдэгдэж хэрэгжлээ гэхэд Юнител группын хувьд энэ өөрчлөлтийг боломж хэмээн харж, эерэгээр хүлээн авна” хэмээн хариулсан юм.
“Зорилго тодорхой бол зам шулуун” гэдэг шиг тэд урдах ажлаа хийж явсаар төсөөлж байснаасаа ч илүү амжилтад хүрч чаджээ. Гэвч энэ бол зөвхөн эхлэл ажээ. Нэг зорилго биелэхэд дараагийн зорилго дахиад л гараад ирнэ. Юнител групп ойрын ирээдүйд хэрэглэгчийнхээ авсан өмнөх үйлчилгээнүүдэд үндэслэн хэрэглэгч бүрт тухайлсан үйлчилгээ санал болгох зорилготой аж. Хамгийн энгийн жишээ гэвэл, та Юнивишнийн кино сангаас уран зөгнөлт кино түлхүү үздэг бол энэ төрлийн шинэ кино нэмэгдэхэд гар утсанд тань мессеж явуулах гэнэ. Ерөөс ирээдүйд компаниуд CRM буюу хэрэглэгчээ таних энэ технологийг өргөнөөр ашиглах төлөвтэй байгаа бөгөөд энэ үйл явцад Юнител групп бусдыгаа түүчээлэхээр хэдийн бэлтгэж эхэлжээ.