Categories
мэдээ цаг-үе

Mcbeatz: “Люмино” хип хоп урсгалд анхны гэсэн бүгдийг хийсэн

“Люмино” хамтлагийн ахлагч, продюсер Mcbeatz буюу Д.Тэмүүжинтэй ярилцлаа.


-“Люмино” хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Монголын орчин үеийн залуусын сүүлийн 20 жилийн түүхтэй танай хамтлаг зайлшгүй холбоотой шүү?

-Яахын аргагүй Монголд хип хоп гэдэг урсгал үүсч хөгжсөн жилүүдтэй “Люмино”-гийн замнал холбогдож байдаг юм. Учир нь хип хопын анхны гурван хамтлагийн нэг бол одооны “Люмино”. Тухайн үед “Байлдан дагуулагч” бүлэгт “Эрх чөлөө”, “Дайн ба Энх”, “Люмино” гэсэн хип хопын анхны гурван хамтлаг харьяалагддаг байлаа. Энэ гурван хамтлагаас одоо цагт манай хамтлаг л ганцаараа үлдсэн байна. Сүүлд нь “Мон-Та-Реп”, “Хоёр хүү” гэсэн хоёр хамтлаг нэмэгдэж таван хамтлагтай бүлэг болж байлаа. Эхлэл үеүдийн тухай би номон дээрээ товч бөгөөд ойлгомжтой бичсэн байдаг.

-Ном гэснээс таны бичсэн хип хоп хөгжмийн тухай ном 2011 онд гарч, тухайн оныхоо шилдэг борлуулалттай номоор тодорч байсныг санаж байна?

– Миний бичсэн хип хопын тухай “The Secret of Rap” ном бол их чанартай бөгөөд өнөө цагт нэгээхэн ч хийгдээгүй орчин үеийн урлагийн тухай бүтээл болсон гэж боддог. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй хэвээр байгаа байх аа.

-“Люмино” хорин жилийн турш нэг, нэгдмэл явсаар ирсний гол цөм нь юу вэ?

-2000-аад он бол Монголд хип хоп үүсч хэлбэрээ олж байсан он жилүүд байлаа. Хүүхэд залуучуудын дунд бүжгийн хамтлагийн мода халагдаж эхлэхэд дууны хамтлагууд моданд орж эхэлсэн. “10 жилийн анги бүрт нэг хип хоп хамтлаг байдаг” гэсэн судалгааг тухайн үедээ л олон уншигчтай гэгддэг байсан “Чиний зураг” сонины газраас гаргасан байдаг. Тэгэхээр тоймгүй олон хамтлаг байсан болж таарч байгаа юм. “Люмино”-гийн хувьд анх ингэж удаан хугацааны турш хамтдаа цаашаа явна гэж төсөөлөөгүй байсан. 10 жилийн хүүхдүүд хоббигоороо дуу хийж эхлээд, тэрийг нь хүмүүс сонссоор тэр урмандаа л бид өдийг хүрсэн. Би энэ хамтлагийн продюсерийн ажлыг хийдэг. Миний ажил бол хамтлагийн дууны чиг хандлагыг хаашаа явах вэ гэдгийг тодорхойлж дуунуудаа зохиодог. Бид хамтлаг дотроо өөр өөрсдийн хариуцаж авсан ажилтай. 2000 оны сүүлээр гурвуулаа болох үедээ “Түүхэнд үлдэнэ” гэсэн ганц зорилго тавиад л ажилласан. Үүндээ хүрэхийн тулд бид тухайн үед маш шаргуу хөдөлмөрлөж маш их зүйлийг богино хугацаанд амжуулдаг байсан. Бидний зорилго нэг учраас бид багахан ухаан зараад энэ хүртэл хамтдаа явж ирсэн байх.

-“Люмино”-гийн дуунуудыг урлаг талаас нь харвал сүлэлдүүлэх шинж харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, интертекстийн аргыг ашиглаж дуунуудаа бүтээдэг. Энэ нь танай дуунууд, уран бүтээлийн нэг онцлог болов уу?

-Энэ нэршлийн хувьд сайн мэдэхгүй юм байна. Бидний хэлдгээр бол сэмпл (sam­ple) ашиглах гэж ярьдаг. Энэ нь хуучны буюу өөр дууны хэсгийг дуундаа ашиглана гэсэн үг. Дэлхий дээр хип хоп өөрөө тэгж л үүссэн байдаг. Түрүүн зорилгын тухай ярьсан. “Люмино”-гийн анхнаасаа уран бүтээлдээ тусгасан зорилго бол монгол хип хоп гэж урсгал үүсгэх зорилготой байсан. Үүнийг 2000-аад оны бидний үндэсний хөгжим ашигласан хип хоп дуунуудаас сонсож болно. Ямарваа нэгэн орны урлаг соёл, ер нь бүх зүйл өөрийн оронд үүсээгүй соёлыг үүссэн орны соёлоос нь жишээ татаж суралцаад дараа нь өөрийн зүйлийг шингээж өөрийн юмтай болдог. Бид “Монгол хип хоп”, “Угсаатны хип хоп” гэдэг зүйлийг анх дуугаргаж үүсгэсэн ч түүнийг өмчлөхийг хүсээгүй. Үндэсний хөгжим дуугарч түүн дээр хэмнэл авцалдан дуугарах нь өөрөө “Монгол хип хоп” гэсэн жанрт харьяалагдах болсон. “Люмино”-гийн хийц бол ердөө л энэ. Үндэсний хөгжим ашигласан “Их гүрэн”, “Зам”, “Хайрла”, “Үнсэн хот”, “Ламбагуайн нулимс”, “Кармааны хулгайч”, “Free­style” гэх мэт олон дууг нэрлэж болно. Сонирхуулахад “Намайг дагаад цэнгэ” дуун дээр нийтийн дууны жинхэнэ төрмөл од П.Адарсүрэн агсаны дууны хэсгийг ашигладаг. Энэ тохиолдлын зүйл биш. “Байна аа хө!” гэдэг үгийг сонгож пянз үрсэн байдаг. 2003 оны үед хот руу нүүдэллэх их нүүдлийн цуваа дунд орчин цагийн нийтийн дуу утгаараа газар авч эхэлж байсан. Зарим хүмүүс нийтийн дууг үзэн ядаж байх тэр үед, тэр үеийн нийтийн дуу энэ үеийн нийтийн дуу хоёрын хооронд дэндүү ялгаатай гэдгийг харуулж, ямар ч урсгалын хаан бол хаан хэвээрээ л үлддэг гэсэн санааг харуулсан жишээ гэж бид үзэж байсан. Ер нь бид хэт гадныхныг дуурайж туйлшралгүй, моданд орж байгаа урсгалыг өөрийн юмтайгаа хослуулж өөрийн юмыг хийх нь чухал. Таны хэлдгээр сүлэлдүүлэх гэдэг бол аль ч орны хип хопд өргөн хэрэглэгддэг. Тэдэнд 1950-иад оны дуунуудаас эхлээд цэвэр бичлэгээрээ ухах юм зөндөө байна. Харин бидэнд “Баян-Монгол”, “Соёл-Эрдэнэ” гээд л болчихож байгаа юм. “Люмино”-г байгуулагдаж байх цаг үе энэ цаг үе шиг сайхан байгаагүй. Одоо хүсвэл хэн ч, ямар ч амжилтад хүрч болох сайхан цаг ирсэн. Аав, ээж нарын маань залуу байхдаа хөгжин цэнгэдэг байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Хөдөөгийн сайхан талыг зорино” гэдэг дууг энэ цаг үеийн залуучууд “Люмино-Хөдөө гаръя!” гэдэг дуу гарсны дараа тийм дуу байдаг байсныг олж мэдсэн жишээний. “Люмино”-гийн дуунуудыг сайн мэддэг сонсогчид биднийг хэрхэн дуу бүтээдэг хандлагыг мэдэх байх. Анхнаасаа бид Америк, Европын хип хопыг дуурайж эхэлж байгаад 2000-аад оноос Монголын дээр үеийн болон 1980-1990 оны дуунуудын зарим хэсгийг өөрсдийн дуундаа ашиглаж эхэлсэн байдаг. Анхны цомгоосоо авахуулаад шанз, морин хуур, төмөр хуур зэрэг үндэсний хөгжмийн зэмсгүүдийг “sample” маягаар олон дуунд ашиглаж ирсэн.

-“Намайг дагаад цэнгэ” дуу “Монголын шилдэг 100 дуу”-нд багтдаг гэв үү?

-2014 оны үед байх аа, “Hero entertainment”-ээс яриад хип хопоос ганцхан дууг “Монголын 100 шилдэг дуу”-нд багтаасан. Та бүхэн ирээд бичлэг хийлгэх боломж байна уу гэж байсан. Тэгээд бид очиж уулзахад “Монголд хүн бүхний мэддэг ганцхан хип хоп дуу байдаг нь “Намайг дагаад цэнгэ” дуу юм байна. Тэгээд гарсан цагаасаа хойш караокед бүх цаг үед хамгийн их дуулагддаг “ТОП-5” дууны нэг юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид бичлэг хийлгэсэн. Тэр төсөл хаагдчихаагүй яваа бол цацагдах байх. Үглэдэг дуу мөртлөө ард түмний дунд ардын дуу шиг нэрд гарсан нь яахын аргагүй “Намайг дагаад цэнгэ” дуу мөн. Одоо ч хаана ч дуулсан энэ дууг нас харгалзахгүй бүгдээрээ дагаж дуулдаг. Бүгд мэддэг.

-Wikipedia сайтад тавигдсан танай хамтлагийн хуудсыг сонирхоход хийсэн тоглолт, гаргасан цомгийн бүртгэл гээд нэлээд мэдээлэл багтжээ. 18 тоглолт, 10 цомог, клипүүд болоод авсан шагналууд тань тоогоо алджээ. Танай хамтлагийн анхны тоглолт 1999 оны аравдугаар сард болж байжээ, “Люмино энд гарч ирэв” нэртэйгээр “Top ten”-д?

-Википедиа хуудасны хувьд ямар ч алдаагүй үнэн зөв мэдээлэл байгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тийм их биш ч гэсэн бага биш зүйлийг бид хийсэн байдаг. Монголд хөгжмийн дээд шагнал гардуулах “Пентатоник” хэмээх наадам болдог байсан. “Люмино” Пентатоникийн дөрвөн удаагийн шагналт буюу хамгийн олон Пентатониктой хамтлагийн нэг. “Камертон”, “Хурд”, Т.Ариунаа, Л.Балхжав гэсэн уран бүтээлчид мөн дөрвөн удаагийн шагналт гэж явдаг юм байна билээ. Пентатоникийн дөрвөн удаагийн шагналыг бид тухайн үеийн хурдтай хөдөлмөрийнхөө үр дүнд хүртсэн. Би дээр хэлсэнчлэн идэвхтэй үедээ маш шаргуу хөдөлмөрлөснийхөө ач тусаар бид хип хоп урсгалдаа анхны гэсэн бүгдийг хийсэн байдаг. Тэр ч утгаараа хип хопоос хамгийн түрүүнд олонд танигдсан хамтлаг бол “Люмино” гэж боддог. Анх хүссэнээрээ дуунууд хийж байгаад нэг мэдэхэд овоо хэдэн дуутай болсон байсан. Тэр үед манай хамтлагийн менежерийн ажлыг хөтлөгч Р.Нямбаяр буюу Nba хийдэг байлаа. Нэг өдөр надад санал тавьсан. “Бүгдээрээ тоглолт хийе, цөм авна аа” гээд л. Тэгээд бид хоорондоо ярилцаад анхны тоглолтоо 1999 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Люмино энд гарч ирэв” нэртэйгээр “Top Ten” диско клубт хийхээр болж итгэмээргүй үр дүнг үзсэн. Тэр үед өөрсдийгөө тийм хэмжээнд хүрснийг мэдээгүй байсан. 2000 хүний заал нь пиг дүүрэн, орж чадаагүй хүмүүс гадаа шаагилдаад. Тийм л тоглолтоор эхэлж байлаа. Тэр цагаас хойш юм хийх тусам хариу нь эерэгээр ирдэг юм байна гэдэг ойлголттой болоод өнөөг хүртэл ингээд л шуударсан юм даа гэж (инээв). Тэрнээс хойш тухайн үеийн бүх хип хоп хамтлагууд бүгд ээлж дараалан тоглолтоо хийсэн байдаг. Болно гэдэг салхийг “Люмино” бодитоор хагалсан учраас тэр байх. Түүнээс хойш бид хамтлагуудтай хамтран шоу тоглолт зохион байгуулж орлогынхоо ашгийг яг тэнцүү хуваадаг байсан. Хамтарч тоглосон хамтлагууд маань маргааш нь ганган хувцас өмсөн алхаж байхад, бид олсон орлогоо клипний мөнгөө босгоно хэмээн хадгалдаг байлаа. Энэ зарчмаар ажилласаар олон дуугаа дүрсжүүлэн үзэгчдэд хүргэсэн шүү.

-Ирэх сарын 19-20-нд болох “Lumino Forever 20” жилийн ойн тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу. Өнгөрсөн хугацаанд хийсэн дуунуудаасаа хамгийн шилдэг 30 дуугаар бэлэг барина гэсэн байх аа?

-Бид 20 жилийн ойн баяраа “Crocus event hall”-д аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд үзэгчидтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Энэ бол тасралтгүй хийсэн “Люмино” хамтлагийн бодит 20 жил, Монголд хип хоп хөгжим үүссэний 20 жил юм. Уг тоглолтыг On&Off продакшн зохион байгуулж, С.Ононбат ах найруулах бөгөөд “Люмино” хамтлагийн 20 жилийн хугацаанд гаргасан дуунуудаас шилдгийн шилдэг гэсэн 30-аад дуу дуулагдах юм. 20 жилийн ой учраас уг тоглолтод бид их ач холбогдол өгч байгаа.

-Танай хамтлагийн фенүүд гэхээр одоо ид хийж бүтээж яваа 30, 40 насныхан байх шүү. Одоо бараг тоглолтын тасалбар дуусчихсан уу?

-Яг фен гэх нь ч хаашаа юм. Дээр үед бол фентэй байсан уу гэвэл байсаан. Захидал, бэлэг гээд олон зүйл л хүлээж авдаг байлаа. Тэгсэн фенүүд маань нас нь яваад алсаас сонсдог болоод хувирчихсан байгаа юм (инээв): Тоглолтыг бол 20-37, 38 насны үзэгчид үзэх байх. Ер нь тэгж л үздэг. “Люмино” бол хэт ретро буюу мартагдсан хамтлаг биш болохоор одооны учир мэдэх залуучуудын сонсдог хамтлагуудын нэг хэвээр байгаа байх аа. Тоглолтын тасалбар зарагдаж эхлээд эхний тав хоногийн дотор дээд талын буюу VIP бүх суудлууд дууссан гэсэн. Өнөөгийн нийгэмд юм хөгжөөд биет тасалбар бус QR кодыг цахимаар худалдаж аваад тоглолтоо үздэг болсон байна лээ. www.shoppy.mn, www.ticket.mn хаягаар хандаж доод заалны буюу тайзтай хамгийн ойр үзэх тасалбараа авах боломжтой байгаа шүү.

-Танай хамтлагийнхан зөвхөн урлаг, уран сайхан гэхгүй нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж яваа?

-Манайхан бол ер нь л идэвхтэй шүү. Манай Бажи (Б.Батхишиг) бол улаан сошиалчин. Тэгээд “NBA-talk” гээд нэвтрүүлгийн хөтлөгчдийн нэг. Манай Анхаа (Д.Анхбаатар) бол хамтлагийн арын ажилд сайн туслагч, мөн сайн сурагч. Гурав дахь дээд сургуулиа 2016 онд дүүргэсэн. Манай DJ Золоо “Минт-Улаанбаатар” клубийн ахлах дижи. Харин миний хувьд загасчин (инээв). Олон хүн намайг загасчин болсныг мэддэг болсон байх. Монголд зөв зохистой загасчлал, спортын загасчлал, байгальтайгаа зөв зохистой харьцаж, “Байгаль эх дэлхийгээ хайрлацгаая” уриан дор олон сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ТББ-уудын нэгдлийн тэргүүний ажлыг хийдэг. Бид тус тусынхаа ажил амьдралыг амжуулж “Люмино” хамтлаг гэсэн нэрийн дор урлагийнхаа ажлыг хамтран хийцгээж, зөв амьдралыг эрхэм болгон амьдарч явна даа.

-Бас нэг анзаарагддаг зүйл танай хамтлагийнхан элдэв асуудалд нэр холбогддоггүй, нэлээд ноён нуруутай болов уу гэж харагддаг юм?

-Тэр тухайд бол би дөнгөж сая хэлсэн зөв амьдралыг эрхэм болгодог оо гэж. Ямар амьдралыг зөв амьдрал гээд байна вэ гэсэн асуулт гарч ирэх байх. Тэрэнд би бол ингэж л хариулах байх. “Болохгүй бүтэхгүй юмнаас биеэ татаад авчихдаг чадвартай, найз нөхдийнхөө хүрээллийг өөрөө сонгож бий болгох тэрүүхэндээ нэр нөлөөтэй, тэр нэр нөлөөг өнгө мөнгө биш, харилцаан дээрээс олж авдаг ямарваа нэгэн луйвар, шударга бус зүйлийн эсрэг байр суурьтай, бусдыг хүндлэх гэдэг ёс суртахууныг толгойдоо суулгасан, эцэст нь гэр бүлсэг байх л гэж хариулна даа. Гэр бүлсэг хүн өөрөөсөө гэрэл цацруулж байдаг гэж боддог. Бидний эцэг эхчүүд Монголдоо нэр төртэй, ажил төрөл эрхэлдэг сэхээтнүүд байсан бас байдаг. Гэр бүлийн хүмүүжил маань энэ баримтлаад байгаа амьдралын ёс суртахууныг бидэнд олгосон гэж боддог доо.

Нэг хэсэг Монголд хип хоп хийгчдийн нэр хүнд хэсэг бүлэг хүмүүсээс болоод маш их уналтад орсон үе байсан. Хип хоп гэхээр л бүтэхгүй гарууд “пүү паа” гэх нь холгүй байсан цаг үе саяхан мэт. Цаг хугацаа өнгөрсөөр хип хопдоо биш, тухайн хүнийх нь онцлогтоо юм гэдэг нь ялгараад ирсэн л дээ. Энэ цаг үед хип хопыг зөв хийж яваа, зөв талаа барин гарч ирсэн зөв хэв маягтай репчид олноороо төрөн гарч ирсэн нь сайшаалтай.

Энэ удаагийн тоглолт маань сайхан уур амьсгалтай, хуучны дуунууд маань дурсамж сэдрээсэн гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна. Цаг гарган энэхүү ярилцлагыг уншсан “Өдрийн сонин”-ы уншигчдадаа баярлалаа. Ирэх сарын 19, 20-ны 19 цаг дор “Crocus”-т болох “Люмино”-гийн 20 жилийн баяр дээр уулзацгаая!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *