Физик математикийн ахмад багш Батын Лодойдамбатай ярилцлаа. Тэрээр багшийн хөдөлмөрийн амаргүй албанд жаран хоёр жил буюу нэгэн жарны туршид зүтгэж явна. Эдүгээ наян зургаан настай энэ буурлаар 7500 гаруй хүүхэд хичээл заалгажээ. Бас л аварга сонсогдох нь мэдээж. Одоогоос хагас зуун жилийн өмнө буюу 1965, 1966 онд болсон олон улсын матетатикийн олимпиадад түүний шавь нар Монгол Улсыг төлөөлж амжилттай оролцож байсан түүхтэй. “Би чинь зууны манлай уртын дуучин Норовбанзад, төрийн шагналт дуурийн нэрт дуучин Уртнасан, ардын зураач Чуваамэд, улсын аварга Бээжин гээд алдар суутай хүмүүст багшилж явлаа” хэмээн ярих нь домог түүх шиг. Гучин хэдэн жил гандангаар орсонгүй. Шашин, мухар сүсэгт огт итгэдэггүй гэсэн нь яалт ч үгүй физик, математикийн шинжлэх ухаанд нэвчсэн хүний үг байх. Мянга мянган шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм л эрхмийг “Багш” булангийнхаа зочноор урьсан юм.
-Замнал түүхээс тань харахад, та чинь багшийн сургуулийн бараг л анхны төгсөгчдийн нэг юм билээ. Яриагаа эндээс эхэлье?
-Би гэдэг хүн 1942 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бага сургуульд орсон. Дараа нь 1945 онд Алтанбулагийн сургуульд шилжиж очсон. Бага ангийн багш маань Цэдэндамба гэж тус сургуулийн захирал хүн байлаа. Багш бид хоёр нэг гэрт байсан. Мөн нэгдүгээр сургуулийн захирлаар хорь шахам жил ажилласан, Монгол Улсын гавьяат багш Гомбосүрэн 17 настай залуу, дөнгөж сургууль төгсөж очоод бидэнд багшилж байлаа. Алтанбулагийн сургууль хэзээнээсээ онцлогтой. Багш нар математикийн хичээлийг орос хэлээр заана. Наймдугаар ангиас гадаадын уран зохиол ороход бас л оросоор заана. Энэ нь бусад сургуулиудын хүүхдүүдээс орос хэлний мэдлэгээрээ давуу болчихож байгаа. Ингээд тавин хоёр онд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирлээ. Багшийн дээд сургууль “Багшийн институт” нэртэйгээр дөнгөж нээгдэж байсан. Тус сургуулийн физик математикийн ангид элсэн орж 1955 онд төгссөн.
-Багшийн ажлын гараагаа хаанаас эхлэв дээ?
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэг жил математикийн багшаар ажилласан юм. Тэгээд Зүүнхараагийн бага сургуульд очсон. Долоон жилийн сургууль болоход нь багшилсан. Ардын уран зохиолч С.Дашдооров мөн тэнд багшилж байв. Бид дотны сайхан найзууд байсан. Харин Боловсролын яамны шалгалтаар “сайн ажилласан” гэх үнэлгээгээр хот руу шилжсэн. Зургадугаар сургуулийн захирал байсан Хангай өөрийнхөө сургуульд авч ажиллуулсан. Өдөр нь сурагчдад багшлаад орой нь ажилчны сургуульд багшилна. Ажилчны сургуульд ардын зураач, уран сийлбэрч Лэгшидийн Чуваамэд, улсын аварга Чойжилын Бээжин, зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад нар сурч байсан гээд бодохгүй юу. Норовбанзад, Бээжин бид гурав чинь 1932 оны чацуутнууд юм. Хичээлээ зааж дуусчихаад орой нь наргиж наадна. Залуу ч байж дээ. Норовбанзад Банзрагчтай суугаад Дундговиос ирээд байсан, ид мандаж байсан үе нь юм. Бээжин мөн л уран барилдаант бөх гээд алдартай. Алиа хошин зантай нөхөрсөг сайхан хүн байлаа. Уг сургуулийн долдугаар ангид төрийн шагналт, зууны манлай Хорлоогийн Уртнасан сурч байсан. Уртын дуучин Дорждэрэм, гавьяат Сүглэгмаа гээд бүгд оройн сургуулийн миний шавь нар юм. Зургадугаар сургуулийн байранд одоо 45 дугаар сургууль баригдсан. 1962 онд Улаанбаатар хотын математикийн олимпиад гэж анх удаа болсон юм. Тэрхүү олимпиадад манай шавь нар түрүүлээд, багш нарын төрөлд нь би өөрөө түрүүлээд сүрхий юм боллоо. Зургийн аппаратаар шагнуулав. Төрийн төв хэвлэл сонины сурвалжлагч л зургийн аппараттай байсан цаг.
-“Оюуны олимп” гэж хэлж болох олон улсын математикийн олимпиадад таны хоёр ч шавь эх орноо төлөөлж оролцсон байдаг. Тэр тухай сонирхуулахгүй юу?
-Хуримын ордны тэнд хуучин гуравдугаар сургуулийн байранд 24 дүгээр сургууль анх байгуулагдахад миний бие Уртнасан захирлын хүсэлтийн дагуу багшаар очсон. Өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжийн дагуу багшилна. Үндсэндээ өглөө долоон цагт гэрээс гараад шөнө 10 цаг өнгөрч байхад сая нэг гэрийн бараа харна. Аргагүй залуу ч байж, одоо санах нь ээ, ид оргилж байсан үе маань юм. Өдөржин тоо бодоод л хажуугаар нь физикээ заана. Багш ховор учир ахлах ангийнханд альгебр, геометр, шугам зураг, машин судлал, цахилгаан техник, астрономи гээд заахгүй хичээл гэж ховор. Жаран дөрвөн онд аравдугаар анги төгсгөлөө. 32 хүүхдийн 17 нь гадаадад сургуульд явж байлаа. Тэр жил Монгол Улс анх удаа математикийн олимпиадад оролцох болсон. 10 шилдэг сурагчийг улсын хэмжээнд шалгаруулж бэлдэхэд Хатанбаатар, Алтангэрэл гэсэн миний хоёр шавь шалгарч байсан. Гэхдээ тэр хоёр оролцох эрх авч чадаагүй. Тухайн үед надад нэг бодол төрсөн. Үнэхээр л би математикийн шилдэг багш мөн юм бол олон улсын олимпиадад шавиа оролцуулах ёстой гэж бодсон л доо. Ингээд бүтэн жил хүүхдүүдээ бэлдэхэд 1965 онд Польшид болсон олимпиадад Яргай гэсэн шавь минь шалгарч оролцсон. Сүүлд Техникийн их сургуулийн багш байсан хүн. Дэлхийн олон орны шилдэг сурагчидтай өрсөлдөөд есдүгээр байрт шалгарсан. Энэ бол том амжилт. Дараа жил нь буюу жаран зургаан онд Наваан-Юндэн гуайн хүү Арвисбаатар гэж залууг бас бэлдээд 11 дүгээр байрт орж байсан. Боловсролын яам миний хөдөлмөр зүтгэлийг тэр жил үнэлж хоёр өрөө байраар шагнаж байсан түүхтэй.
-Багш бүр өөрийн арга барил, заах ур чадвартай байдаг. Таны хувьд?
-Математикийн шинжлэх ухаан хүүхдийн оюуныг эмх цэгцтэй болгож, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлдэг. Дэс дараалал, логик сэтгэлгээ сайтай болгодог. Физикийн хичээлийг би дандаа үзүүлэнтэй заана. Консвектоо бэлдчихээд тэр орой нь сургууль дээрээ очиж кабинеттай хичээлээ яаж заах уу, лаборатори туршилтын ажлаа яаж явуулах уу гэж бодоод хоосон ангид ганцаараа ярьж, бэлтгэлээ хийдэг заншилтай. Тэгж бэлдсэнийхээ маргааш нь хичээлээ заадаг байсан. Чин сэтгэлээсээ ханддаг байсны илэрхийлэл юм даа. Матетатикийн бодлогыг хүүхдүүдэд өгөхөөс өмнө заавал өөрөө бодож хариуг нь гаргана. Ангийн хүүхдүүдийг би дотор нь гурав хувааж хяналтын ажил буюу тоо бодуулна. Тоонд сайн хүүхдүүдэд улам хэцүү бодлого өгнө. Дунд зэргийн хүүхдүүдэд бас таарсан, тааруухан нэгэнд нь мөн хэмжээнд нь таарсан тийм бодлого өгч бодуулдаг байлаа. Хүүхдүүдэд сэдэв өгч даалгавар хийлгэнэ. Биеийг нь даалгах гэж янз бүрээр оролддог байсан. Миний шавь нараас барилгын, дулааны, цахилгааны, уул уурхайн гээд ихэвчлэн инженерүүд төрсөнд өвгөн би баярладаг. Хатанбаатар маань сүүлд төрийн шагнал авсан. Мөн “Монгол газар”-ын алтны уурхайн инженер байсан Гомбосүрэн маань бас төрийн шагнал авсан. Энэ улс орны хөгжлийг чинь математик сэтгэлгээтэй инженер хүмүүс л авч явна шүү дээ. Хими, физик, математик буюу байгалийн шинжлэх ухааныг эзэмшээгүйгээр хүн цаашаа явахгүй, улс орон хөгжихгүй. Уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуй энэ бүгдэд байгалийн шинжлэх ухааны суурь гол нөлөө болдог. Нийгмийн шинжлэх ухааны зарим хүмүүс өөрсдийгөө сүрхий өндөр өргөж байгаа харагдах юм. Урлаг, гоо сайхан ертөнцийг аварна, улс орны хөгжлийн гол зүйл ч гэх шиг. Би үүнд нэг их үнэмшдэггүй. Гоо сайхан авардаг бол аврахаар боллоо. Дуучид дуулаад энэ улсыг хөгжүүлдэг бол энэ олон гавьяат дуучид чинь хөгжүүлэхээр нэг боллоо. Гэвч тийм зүйл байхгүй л дээ. “Танай улсад хэл, түүхийн эрдэмтэд хичнээн зуун мянга байгаад ч инженер текникийн эрдэмтэд байхгүй бол хөгжлийн тухай яриад хэрэггүй” гэж нэг эрдэмтний хэлсэн үгийг би гучаад жилийн өмнө уншиж байсан. Энэ үг их үнэн санагддаг юм. Өнөөдөр Монголын нийгмийг харахад бүгд л дуулсан, хуурдсан, барилдсан, ноцолдсон хүмүүс байна. Дуу хуур, цэнгээн наадаан үнэндээ хэтэрч байна. Уул уурхай, барилгын юм хийдэг бүтээдэг инженерүүд байна л даа. Гэвч тэднийг ажиллуулах бааз суурь, ажлын байр байхгүй байгаа нь харамсалтай.
-Та бол Чингэлтэйн 72 дугаар сургуулийн нэрийн хуудас болсон багш. Саяхан тус сургуулийг төгссөн таны шавь нартай уулзсан юм. Их хурлын гишүүн Д.Ганболд, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч М.Эрдэнэтуяа, уул уурхайн компаний захирал инженер Хандын Ган-Очир, гавьяат жүжигчин дуучин М.Болд гээд нэг үеийн төгсөлтийнхнөөс олон мундаг хүүхдүүд гарчээ. Бүгд л “Лодой багшийн маань буян. Биднийг өдий зэрэгтээ болгосон” гэж дуу нэгтэй хэлж байна лээ?
-Сэлэнгийн Ерөөд Техник мэргэжлийн тусгай сургууль гэж төрөөс байгуулсан сургуульд таван жил багшилсны дараа Чингэлтэйн 72 дугаар сургуультай хувь заяагаа холбосон хүн юм, би. Гомбосүрэн багш маань “Би шавиа авна” гэж намайг нэгдүгээр сургуульд авах гэж их үзсэн. Гэвч би 72-ын босго алхаад 17 жил тасралтгүй багшилжээ. Шулуун шударга зантай, багш сурагчдыг хичээлээс хоцрох, хичээл таслахыг тэвчдэггүй, ааш аягаа ил гаргадаг учир том жижигтэйгээ надаас жийрхдэг байсан. Нэг хэсэг хүмүүжлийн эрхлэгчээр ажилласан. Өглөө долоон цаг өнгөрөөгөөд л сургууль дээрээ ирнэ, үүдэнд хонх цохиод зогсож байна. Намайг хараад бүгд л гүйлдэн ирнэ. Банди нарыг тамхи татах, буруу хэрэг үйлдэх үед хатуу арга хэмжээ авна. Урьдчилан тохиролцож, гар барилцаж байгаад дараа нь арга хэмжээгээ авна. Тэр нь амар байдаг юм. Хүүхдийг загнаж зэмлэхдээ хэзээ ч хэл амаар доромжилж байсангүй. Дандаа ухааруулж, ой тойнд нь буутал үг хэлнэ. Тоо физикийн үнэхээр шилдэг сурагчид 72-ыг төгссөн юм. Миний нөлөө байсан байх, бүгд л тэгдэг юм. Гэхдээ тоонд гаргуун сайн хүүхдүүд байсан юм шүү. Ган-Очир нарыг нэрлэх байна. Тэр төгсөлтийнхөн мундаг байсан, тэр хэрээрээ өнөөдөр сайн сайхан явж байна. Төрийн түшээд, түмэн олны итгэл даасан сайхан хүмүүс болжээ, миний шавь нар. Техникийн их сургуульд Арвисбаатар, Жадамба, Батсүх, Данигай, Оюун гээд олон шавь маань багшилж байна. Их сургууль, багшийн дээд буюу Боловсролын их сургуульд багшилж байна. Матетатикийн шинжлэх ухаан өнөөдөр улам хөгжиж байна. Шинэ нээлтүүд ч их гарах болж. Сэтгэхүйн талын бодлогууд давамгайлах болсон. Бидний үед их сургуульд үздэг байсан хичээлийг одоо дунд сургуулийн ахлах ангийнхан үзэж байна.
Техникийн их сургуулийн ректор, академич С.Батмөнх гэж миний шавь бий. Нэг удаа надад “Багшаа 12 дугаар анги төгсөөд ирж байгаа хүүхэд үржүүлэхийн хүрдээ мэдэхгүй байх юм, ямар хэцүү юм бэ” гэж хэлсэн. За манай хүн ч арай л дэндүүлж байна даа гэж тухайн үед бодож байв. Гэтэл над дээр Их сургуулийн математикийн ангид орсон нэг хүүхэд гэрээр хичээллэж байсан юм. Тэр нөхөр үржүүлэхийн хүрдээ мэдэхгүй байгаа. Тэгээд их сургуулийн математикийн ангийн оюутан гээд байгаа.
-Та одоо хэр нь гэрээрээ багшилдаг гэсэн үү?
-2001 онд тэтгэвэртээ сууснаас хойш 17 жил гэрээрээ багшилж байна. Үндсэндээ би чинь 62 жил амьтны үрд тоо зааж байгаа хүн. Жил бүр 10-25 хүүхэд авдаг. Гуравдугаар сараас эхлэн хаврын шалгалтад нь бэлдүүлнэ. Дунд сургуулийн төгсөх ангийнхан ихэвчлэн ирнэ. Булган, Төв аймгаас ирж байсан. Мөн Баян-Өлгийгөөс нэг казах охин зорьж ирсэн. Сургуулиасаа нэг сарын чөлөө авч ирээд хичээл заалгасан. Хятадад сурч байгаа хүүхдүүд хүртэл ирдэг. Жаран хэдэн жил багшилна гэдэг амаргүй даваа юм байна. Намайг оюутан байхад нэгдүгээр сургуульд сурч байсан сурагч Шилээгарди сая ардын багш боллоо. Надаас хоёр насаар дүү, физикийн сайн багш хүн дээ.
-Сүүлд танаас нэг зүйлийг асуумаар байна. Физикийн шинжлэх ухааныг мэдэхгүй, огт үзээгүй лам банди нар хүний хувь заяаг нь шийдээд байх юм. Та ингэхэд хэр сүсэг бишрэлтэй хүн бэ?
-Шуудхан хэлэхэд би ямар ч шашин шүтлэггүй хүн. Гандан оролгүй гучин хэдэн жил болж байна. Лам нарыг харахаар уур хүрээд байдаг. Мэргэ төлгөөр нь сайн болдог бол өнөөдөр монголчууд бүгд мундаг хүмүүс болох байлаа. Шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй хүнээр хувь заяагаа тодорхойлуулаад, мухар сүсгийн цуурхалд яасан их итгэдэг юм. Үнэхээр л наад шашин сүсэг бишрэл чинь нөлөөлдөг юм бол та хэд ингэж зовж, сургууль соёл тоо физик гэхийн оронд мундаг лам дээрээ очоод том хүн болчихгүй юу гэж хэлчихмээр санагдах юм. Тарнидуулаад л, шившүүлээд л болоо юм байгаа биз. Надтай хамт ажиллаж байсан зураг хөдөлмөрийн багш хүн 1990 онд Дамбадаржаад лам болоод айлаар яваад байна гэнэ. Нэг айлд очоод “Лам дээлтэй айл хунараар орох амар юм. Наад зах нь үнэгүй хоол, цай идээд гэдэс өлсөхгүй юм” гэж ярьжээ. Түүнийг нь сонссон хүн надад ирж хэлээд “Тэр багш чинь ингэж хэлээд явж байх юм” гэхэд нь би үнэндээ хэлэх үг олдоогүй дээ.
One reply on “Математикийн ахмад багш Б.Лодойдамба: Багшийн албанд зүтгэсэн жаран жилийн хугацаанд олон мянган инженер төрүүлсэндээ баяртай байна”
Багшдаа эрүүл энхийг хүсье