Categories
мэдээ нийгэм

“МАТЕМАТИКЧ ХҮҮХДҮҮД” гэдэг онц сонирхолтой цуврал номын тухай

Эцэг эхчүүд, хүүхдүүдэд нэг гоёхон номыг заавал аваарай гэж санал болгоё. Одоогоор дөрвөн цуврал нь хэвлэгдээд буй, цаашид таван цуврал нэмж гарах “МАТЕМАТИКЧ ХҮҮХДҮҮД” адал явдалт, уран зохиолын цувралын гоё ном байна гэхээр нь бас ч өөрийнхөө хэмжээнд математикт дуртайн хувьд сонирхож үзсэн юм. Долоогоос дээш насны хүүхдийн ном болохоор дөрвөн ном зузаан биш, 122-166 хуудастай аж. Хөгжилтэй математикч ч бил үү, хөгжилтэй бодлого ч бил үү нэг тиймэрхүү, тоо бодлого л гараад байх болов уу гэж бодсон чинь үгүй байна шүү. Математикийн түгээмэл ойлголт (анхны тоо, пи тоо, код, шифр, факториал тоо гэх мэт), зарим нэг таавар, сэтгэхгүйн бодлого (Тагтааны үүр, Кёнигсбергийн гүүр, ижил орноор эхэлсэн хоёр оронтой хоёр тоог хурдан үржүүлэх аргачлал гэх мэт)-ыг дөрвөн найзын адал явдалд оруулснаар зохиол маш сонирхолтой болсны дээр математик бидний амьдралын суурь шинжлэх ухаан болдог, амьдралаас салангид зүйл биш, эргэн тойронд маань оршин байдаг гэдгийг ойлгуулжээ. Дээрхээс гадна тус цуврал хүүхдэд багаар ажиллах гэж юу болох, багаар ажиллахын ач тус, мөн багаар ажиллахын тулд биенээ хэрхэн хүндлэхийг, бусдыг ойлгож, туслах, эерүү зөөлөн байх гээд л ёс зүй, хүмүүжлийн зүйлсийг үйл явдалдаа оруулж өгснөөр хүүхдэд зөв үлгэр дуурайл болсон ном болжээ. Төсөөлж байснаас минь давсан бүтээл байсан учир дор нь уншаад дууслаа. Цуврал дөрвөн номын тухай товч дурдвал, Жастин, Жордан, Стефани гурав нэг ангийн найзууд, математикт дуртай, ангидаа математикт толгой цохидог хүүхдүүд. Математикийн хэцүү бодлого бодож, өөрсдийгөө сорих зорилготойгоор Жордан “МАТЕМАТИКЧ ХҮҮХДҮҮД” клуб байгуулах санал гаргахад хоёр найз нь ч дуртай зөвшөөрнө. Ийм клуб байгуулах нь Жорданы санаа болохоор гурван гишүүнтэй тус клубийн ерөнхийлөгчөөр түүнийг сонгох нь хоёр найзынх нь санал байв.

Нэгдүгээр дэвтэр болох “ОРГИЛ ЦАГИЙН ХУЛГАЙ”-д клубийн сурагчид санамсаргүй тохиолдлоор цагдаа нарын ч илрүүлж чадахгүй байсан, хотод гараад буй айл дээрэмддэг хулгайн цуврал хэргийг математик ашиглан, ангийнхаа дэггүй сурагч Роббигийн цагдаа аавтай нь хамтран илрүүлж буй тухай гардаг. Тэд хулгайчийг барихдаа “Анхны тоо” ашиглаж байгаа нь тун чиг сонирхолтой юм. Мундаг байна шүү. Уншаад үзээрэй.

Хоёрдугаар дэвтэр болох “ҮЙЛ ЯВДЛЫН ДАРААЛАЛ”-д клубийн шинэ гишүүн болох манай гурвын ангийн охин Кэтриний аавыг хүн барьцаалагчид барьцаална. Математикч хүүхдүүд найзынхаа аавын илгээсэн нууц зурвасыг математик ашиглан тайлж, аавыг нь авран найздаа тусалж буй тухай гарах болно. Зурвасыг тайлахдаа тэд факториал тоо, тооны загвар зэргийг ашиглана.

Гуравдугаар дэвтэр нь “ЕР БУСЫН ЗАГВАР” гэдэг нэртэй. 15 жилийн өмнө гарсан банк дээрэмдсэн, хаагдаагүй хэрэг дээр математикийн чадвараа ашиглан сайн дураараа туслахыг Холбооны Мөрдөх Товчоо хүүхдүүдээс хүссэнээр тэд ажиллаж эхэлнэ. Банк дээрэмдсэн хоёр хүний нэг нь нас барахынхаа өмнө нөгөө хамтрагчаа олоход туслах нууцлаг нэгэн шүлгийг Холбооны Мөрдөх Товчоонд үлдээснийг тоочин хүүхдүүд мөр тус бүрээр пи тоо зэргийг ашиглан тайлна. Мөн шударга бусаар ажлаасаа халагдсан, найрсаг зантай сургуулийн жижүүртээ тооны загвар ашиглан тусална.

Цувралын дөрөвдүгээр ном болох “ШИФРЛЭГДСЭН СЭЖҮҮР”-т хүүхдүүд номын сангийн нэгэн хуучны номын захаас гараар бичсэн нууц тэмдэгтүүд олсноор шифр, кодын тухай судалж мэдэн, улмаар тайлж чаддаг. Тайлсан шифр нь тэднийг хотынхны сүнстэй гэлцдэг толгодын хуучны харш тийш хөтөлснөөр хүүхдүүд нууцыг тайлаад зогсохгүй хотдоо тус болох үйл хэрэг бүтээдэг.

Дараагийн цувралд нь яах бол гэж догдолж хүлээхээр, томчууд ч уншчихаар тун давгүй зохиол байлаа. Хүүхдэд дэргэд нь байдаг, нийгэмд гараад шууд хэрэг болохоор зүйлсийн талаар бичсэн, ёс зүй хүмүүжлийн зөв үлгэр дуурайлтай ийм л номыг одоо цагт хүүхдүүддээ уншуулах хэрэгтэй гэж бодогддог шүү, эцэг эхчүүд ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *