АХБ, БСШУСЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн Ерөнхий ажлын хэсгийн III хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулах (БСХМТ) 2018 оны 5 дугаар сараас 12 дугаар сард авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус ажлын хэсгийн гишүүд санал, бодлоо солилцлоо. 2019 оны нэгдүгээр сараас гуравдугаар сард хийгдэх боловсролын салбарын түүвэр судалгаа (БСТС) – ны ажлын удирдамжийн төслийг оролцогчдод танилцууллаа. Мөн “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл” (GPE) байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлэх төслийн саналыг танилцууллаа.
Хуралдаанд ерөнхий ажлын хэсгийн гишүүдээс гадна дэд ажлын хэсгүүдийн удирдлага, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Жайка, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Японы хүүхдийг ивээх сан зэрэг боловсролын салбарын олон улсын хандивчлагч байгууллагууд болон иргэний нийгмийн зарим төлөөлөл болох “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Монголын ахмад багш нарын холбоо”, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” оролцож санал, бодлоо илэрхийлэв.
Дэлхийн Банкны зүгээс БСТС хийх болон БСХМТ боловсруулахад “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл” (GPE) – байгууллагын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад хамтран ажиллах, ЮНИСЕФ болон ЮНЕСКО байгууллагын зүгээс 2019 оны эхний улиралд багтаан БСХМТ боловсруулах ажилд арга зүй, аргачлалын талаар сургалт, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүүлэх, Жайка байгууллагын “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төсөлд ажилласан судлаач боловсролын салбарын түүвэр судалгаа хийх, БСХМТ боловсруулах ажилд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.