9000 ЖИЛИЙН НАСТАЙ МАСК ХАМГИЙН ЭРТНИЙХЭД ТООЦОГДОЖ БАЙНА
Маск буюу амны хаалтыг хүмүүс хэдэн мянган жилийн тэртээгээс хэрэглэж иржээ. Анхны гарал үүсэл нь 30000-40000 жилийн өмнө маск хийж зүүдэг байсан байх магадлалтай хэмээн судлаачид үздэг. Гэвч энэ нь баттай баримт биш бөгөөд зөвхөн агуйн сүг зурган дээр байх дүрснээс л ийнхүү таамаг дэвшүүлсэн аж. Дайн байлдааны үед мод, чулуу, ургамлын навчаар болон будаг ашиглан нүүрээ халхалдаг байсан байж болзошгүй. Францаас 35000 жилийн настай цахиур чулуугаар хийсэн масктай төстэй хүний хүүр хэлбэрийн зүйл олдсон нь маск байх магадлалтай хэмээн археологичид итгэдэг аж. Харин бидэнд мэдэгдэж буй хамгийн эртний маскны хувьд 9000 жилийн настай бөгөөд өдгөө Францын “Библ ба ариун газар” музей болон Ирусалимын “Израйл” музейд тус тус хадгалагддаг юм байна.
Маск буюу багийг эрт дээр үеэс дайн байлдаан юм уу багт наадам, жүжиг шийний үед ихэвчлэн хэрэглэдэг байж. Мөн шашны хэрэглэгдэхүүн болж байсан нь ч бий. Жишээ нь, Хойд Америкийн уугуул болох Ирокуо омгийнхон өтөл дорой болсон хүмүүсийнхээ сүнсийг уламжлалт модон маск өмсгөн дууддаг зан үйлтэй байжээ. Аляскаас баруун өмнө зүгт орших Ёоопик омгийнхон бөө мөргөлдөө ёоопик гэх багаа ашиглана. Энэхүү баг нь хэд хэдэн хүн өргөж явдаг, эсвэл таазнаас өлгөдөг тийм том буюу 10 кг хүртэлх жинтэй нь ч байж. Үүнийг өмссөн хүнийг ангийн тэнгэр ивээнэ гэж ёоопикийнхэн итгэнэ. Мөн шархдаж, зэрэмдэг болсон цэргүүдэд маск хийж зүүлгэдэг байсан сонирхолтой баримт түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Ромын гладиаторууд маск зүүж тулалддаг байсан баримт сэлтүүд байдаг. Мэсчин боолууд янз бүрийн догшин хэрцгий царайтай багийг зүүж өөрийн имижийг бүрдүүлдэг байсан байх ч магадлалтай.
МАСК ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ
Маскны хамгийн чухал хэрэглээ бол хамгаалалт юм. Эрүүл мэндийн шаардлагаар, бусдад нян бактери халдаах буюу гаднаас авахгүй байх хамгийн энгийн, үр дүн сайтай арга бол маск зүүх. Сүүлийн үед дэлхий нийтээр айдаст автуулаад буй коронавирусээс өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй хэмээн ДЭМБ-аас зөвлөж байгаа билээ. Шүүлтүүр бүхий сайн чанарын амны хаалт нь агаарт буй нян бактерийг нэвтрүүлэхгүй. Эмнэлгийн зориулалттай N95 төрлийн маскийг нянгаас хамгийн сайн хамгаалдаг бөгөөд коронавирусээс 95,99 хувийн баталгаатай хамгаалж байгаа нь эмнэл зүйн хувьд батлагджээ. Мөн утаа, бохирдол, тоосонцор зэргээс найдвартай хамгаална.
Эмнэлгийн зориулалттай нэг удаагийн маскийг харин хоёр цагаас дээш хугацаанд зүүвэл бохирдож, эргээд сөргөөр нөлөөлнө гэж байгаа. Нянгаас хамгаалах зориулалттай биш, мэс ажилбарын үеэр амнаас шүлс үсрэх зэрэг замаар элдэв шингэнийг гадагшлуулахгүй байх зориулалттай. Тийм болохоор нянгаас хамгаалах тал дээр сул.
Дараахь хэд хэдэн төрлийн маскийг эрүүл мэндийн зорилгоор ашиглаж байна:
• Хүчилтөрөгчийн маск нь уушгинд хиймэл амьсгал шахах зориулалт бүхий эмнэлгийн орчинд хэрэглэх боломжтой маск юм. Хуванцар, силикон, резинээр хийдэг.
• Түлэнхийн маск нь түлэгдсэн арьсыг бусад гэмтээгүй арьснаас тусгаарлах зориулалттай.
• Мэс заслын маск. Процедурын маск буюу эмнэлгийн маск гэж нэрлэдэг (бидний нэрлэж заншсанаар нэг удаагийн маск) энэхүү маскийг мэс заслын үеэр болон сувилахуйн үеэр өмснө. Энэ төрлийн маск нь бактери, вирусийн тоосонцроос хамгаалах зориулалттай биш бөгөөд N95 эсвэл FFP гэх зэрэг амьсгалын замын халдвараас хамгаалах маскнуудыг бодвол үр дүн маш багатай.
• Халаасны маск гэх энэхүү CPR маск нь зүрхний цохилт удаашрах, амьсгалын зам боогдох үед анхны тусламж болох хэрэгсэл юм.
МАСК НЬ ТЕАТРЫН УРЛАГИЙН ХАМГИЙН ЧАМИН ЭЛЕМЕНТ БАЙСАН
МЭӨ 1268 оноос Венецийн багт наадамд хүн бүр баг зүүдэг байж. Ерөнхийдөө маск нь дэлхийн соёл урлагт нэгэн чухал шигтгээ байсаар ирсэн бөгөөд сонгодог, нууцлаг, загварлаг төрхийг бүрдүүлдэг байсан нь одоо ч хэв шинжээ хадгалсаар байна. Эртний Грекийн театрын жүжигчид Японы Но жүжгийн нэгэн адил маск өмсдөг байсан баримт бий. Дундад зууны Европт нууцлаг хүн болон амьтны дүрийг бүтээхдээ жүжигчдэдээ маск өмсгөдөг байсан аж. Бурхныг төлөөлсөн жүжигчин алтадмал маск өмсөх жишээтэй.
Маск болон хүүхэлдэйг XIX зууны эхэн үеэс Алфред Жерри, Пабло Пикассо, Оскар Шлеммер нарын сюррелист болон дадаист чиглэлийн уран бүтээлчид театрын ажилдаа анх нэвтрүүлж байжээ.
Барууны бус урлагт маск чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Энэтхэгийн Махабхарата, Рамаяана зэрэг туульсд нүүрний баг дүрслэгддэг. Улмаар Энэтхэгийн соёлын хүчтэй нөлөө орсон орнууд болох Камбож, Бирм, Индонез, Тайланд, Лаос зэрэг улсууд Энэтхэгийн уг хэлбэрийг хөгжүүлж, нутгийнхаа домогтой хослуулан өөрсдийн онцлог хэв маягийг хөгжүүлжээ.
Тухайн үед ашиглагдаж байсан маскууд нь ихэвчлэн хэт тансаг, чамин байсан бөгөөд Хинду, Буддын шашны сүм хийдийн зурган чимэглэлийн гол элемент болох аймшигт толгойн сийлбэрийн дүрс давамгайлна. Эдгээр нүүр царай нь хүн төрөлхтнийг бузар булайгаас ангижруулж, бурханлаг ертөнцтэй холбох дээд зорилготой байж.
Хятадад харин маскийг эртний шашны зан үйлээс үүсэлтэй гэж үздэг бөгөөд Ян Зэгийн хаднуудаас масктай хүмүүсийг дүрсэлсэн сүг зургууд олддог. Хожим маск нь бөө мөргөл болон буддын шашны домог, бэлгэдлийг нэгтгэдэг чухал хэрэглүүр болжээ. Бурхдад талархлаа илэрхийлэх бөөгийн зан үйлийн үеэр шигүн бүжгийн маскийг өмсдөг бол хуо бүжгийн маскийг муу зүйлээс хамгаалдаг хэмээн хятадууд итгэдэг. Дуурийн маскийг тайзгүй жүжиг тавих үед ашигладаг байсан ба энэ нь өнөөгийн алдарт Пекин дууриас бидний олж хардаг өнгөлөг дүр төрхийг уламжилж үлдээжээ.
Япончуудын хувьд маск нь маш эртний, боловсронгуй, хээнцэр гэгддэг театрын уламжлалынх нь нэг хэсэг юм. Хамгийн эртний маскууд нь гигаку бөгөөд өдгөө устаж үгүй болжээ. Үүнээс уламжилж бугаку гэх маскийг зохиосон байна. Японы алдарт Но жүжгийн Но маск нь бугаку маскаасаа үүдэлтэй. Урт тоглолтын туршид өмсөх учраас маш хөнгөн, нүүрний хэлбэрт яв цав тааруулж хийхийн тулд нарийн ур дүй шаардана. Үүнийг зөвхөн эрчүүд урлана. Бидний сайн мэдэх Кабуки театр нь Японы орчин үеийн театрын хэлбэр бөгөөд жүжигчид нь маск зүүхийн оронд нүүрээ буддаг болжээ.
СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛД НҮҮРНИЙ ХАМГААЛАЛТ АШИГЛАДАГ
• Америк хөлбөмбөгийн хамгаалалтын хэрэгсэлд дуулга, бээлий, гутал, гуя, өвдөгний дэвсгэр, амны хаалт орно.
• Бэлли буюу цанын маск нь цанын спортынхны өмсдөг гол хувцасны нэг. Энэ нь зөвхөн нүүр, амыг ил гаргадаг малгай хэлбэрийн угладаг даавуун маск бөгөөд нүүр хөлдөхөөс сэргийлдэг.
• Бэйсбол бол хоёр талаас тусгай зориулалтын цохиураар бөмбөг цохиж тоглодог тоглоом. Энэ спортод хамгаалалтын маск бас л зайлшгүй шаардлагатай.
• Шумбалтын маск. Энэ нь усан доогуур шумбаж буй хүн усан доорх орчинг чөлөөтэй харж байх зориулалт бүхий нүдний орчмыг халхалдаг нүдний шил хэлбэрийн маск юм.
• Туялзуур жадны спортод мэдээж хамгийн хэрэгтэй зүйл бол хамгаалалтын дуулга. Мөн Японы уламжлалт спорт болох кендод ч хамгаалалтын маск чухал.
• Хоккейн спортод бас тархи толгойгоо гэмтээхгүйн тулд тамирчид хамгаалалтын маск зүүдэг.
МАСК ЖИЖИГХЭН ХЭДИЙ Ч ӨВӨРМӨЦ “ХУВЦАС” ЮМ
Гоёл, чимэглэлийн зориулалттай маск нь зан үйл, ёслолд чухал үүрэгтэйгээс гадна хувцас болгон өмсөж болно. Барууны урлагт, ялангуяа метал рок хамтлаг, дуучид нүүрний баг өмсөж тайзан дээр гарах нь элбэг байдаг. Slipknot, Mental Creepers and Gwar, гитарчин Buckethead нар тайзан дээр тоглохдоо маск зүүдэг. Тэдний хувьд энэ нь маш өвөрмөц имиж болдог. Түүнчлэн аймшгийн кинонд маск чухал үүрэгтэй. Алуурчин, дээрэмчин аймшгийн маскаа зүүхээрээ улам ч жихүүцэм болдог шүү дээ.
МАСКТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
• Зарим улсад анти-маск буюу маскны эсрэг хууль дүрэм бий. Энэ нь шашны болон улс төрийн зорилгоор жагсаал цуглаанд хамрагдагсад маскны ард нүүрээ нуун гэмт хэрэг өдүүлэхээс урьдчилан сэргийлсэн хууль юм байна.
• Ичгүүрийн маск. Дундад зуунд төмрөөр хийсэн, муухай хийц загвартай, хэрээний хошуутай маскнуудыг хүмүүсийг шийтгэх, ичээх зорилгоор зүүлгэдэг байж. Өөрөө тайлж чадахгүй тул шийтгэлээ дуустал зүүх хэрэг гарна. Тийм маск зүүсэн бол ямар нэг буруу хэрэг хийсэн нь илчлэгдэж, адлуулах болно.
• XIX зууны сүүлээр Австралийн шоронд хоригдлуудыг дуугүй болгохын тулд маск ашигладаг байж. Цагаан даавуугаар хийсэн уг шийтгэлийн маск нь нүүрийг нь битүү бүрхэж зөвхөн нүд нь л харагдана.
А.МӨНХЗУЛ