Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Машинтайгаа замын урсгал сөрж явсан цагдаа хүүхдийн аминд хүрэв

 “Ээжээ өнөөдөр ангийн хуралтай гэнэ. Бас дугуйландаа явна. Оройтож л ирэх нь дээ” хэмээн хэрсүүхэн өгүүлээд сургуульдаа яарсан зургадугаар ангийн охин харамсалтайгаар амиа алдлаа. Түүнийг Ц гэх бөгөөд нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг байжээ. Хэргийг товч сийрүүлэхэд сурагч Ц нь өчигдөр өглөө 07:45 цагийн орчимд явган хүний гарцан дээр Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн Hyundai
Elentra маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан юм.

Болсон явдлыг харсан иргэдийн өгүүлснээр талийгаач охин “Дэнжийн мянга” талаасаа зам нэвтрэхээр явган хүний гарцаар алхсан байна. Энэ үед Долоон буудал талаас төв рүү чиглэсэн зам түгжрэлтэй байсан бөгөөд 00-23 СЭҮ улсын дугаартай цагдаагийн машин жолоодож байсан албан хаагч урсгал сөрөн хурдалж байж. Талийгаач охин ч замын талыг туулаад машины дундаас гэнэт гарч ирэхэд хурдтай явсан цагдаагийн албан хаагч машинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүй ажээ. Охин мөргүүлэхдээ буферт нь цохигдон урд салхины шилийг нь мөргөжээ. Шил арчигчинд нь үс нь орооцолдон үлдэж хол шидэгдсэн байна. Охин зам дээр ойчоод төд удалгүй амьсгал хураажээ. Цүнх, дэвтэр ном, хоолны сав нь мөргүүлсэн даруйд тэр хавиар цацагдсаны дараа осол гарсныг зарим хүн мэдсэн тухайгаа ч өгүүлж байлаа. “Ээжээ” гэж чанга хашгирах дууг сонсоод хүмүүс тусламж үзүүлэхээр дөхөх үед охин хэд хэдэн удаа эвгүй хөдлөөд амь тавьсан байна.

Ээжээ би оройтож ирэх байх шүү. Ангийн хурал өнөөдөр хийнэгэж хэлээд гарсан охин

Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн Hyundai
Elentra маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч цагдаагийн ахлах ахлагч Н.Ууганбаяр албан ажлаар нийслэлд ирсэн байна. Тэрбээр ослын дараа дуудлагаар ирсэн цагдаа нарт “Яарч яваад л охиныг мөргөчихлөө. Охин гэнэт гараад ирсэн” гэж хэлжээ. Харин албаны эх сурвалжуудын хэлж буйгаар “Хөтөлийн цементийн үйлдвэр нээлтээ хийсэн. Тэгээд нийслэлээс олон тооны машин гарах гэж байсан. Эдгээр машиныг буферлэж явахаар ирсэн юм билээ. Тохирсон цагаасаа оройтчихоод яарч хурд хэтрүүлэн давхиж яваад осол гаргасан байна” хэмээн хэлж байв. Осол өчигдөр 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 17-р сургууль руу явах замд буюу Таван буудлын зам дээр гарсан. Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар биднийг очих үед ослыг харсан иргэдээс тайлбар авч байв. Мөн осол гаргасан Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Н.Ууганбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Чингэлтэй дүүргийн замын цагдаа нар осол гарсан даруйд талийгаач охины ар гэрийнхэнтэй нь холбогдсон байна. Мөн Яаралтай түргэн тусламж дуудсан боловч охин хэдийнэ амиа алдсан байсныг өгүүлж байв. Харамсалтайгаар амиа алдсан охины ар гэрийнхэн, ээж, аав нь сэтгэл санааны цочролд орж эмнэлэгт мөн хүргэгдсэн байв. Охины ээж “Ээжээ би оройтож ирэх байх шүү. Ангийн хурал өнөөдөр хийнэ гэсэн. Бас дугуйлантай гэж хэлээд гэрээсээ гарсан. Хичээлдээ явахын урьд орой хоол хийсэн. Тэгээд саванд хийгээд байсан. Өдөржин яваад өлсөх байх. Хоол авч явахгүй бол өлсөнө гэж хэлж байсан. Өнгөрсөн жилээс эхлэн ганцаараа хичээлдээ явдаг болсон. Миний охин чинь байнга явган хүний гарцтай газраар зам хөндлөн гардаг юм. Төрийн хувцас өмсч машиныг нь унахаараа цагдаа нар хууль журам зөрчдөг. Хэрэв тэр цагдаа урсгал сөрөөгүй байсан бол өдийд миний охин амьд байх байсан” гэжээ.

Үнэхээр л Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Н.Ууганбаяр зам түгжрэлтэй байх үед тусгаарлах хашаатай замаар урсгал сөрж хурдтай давхиагүй байсан бол охин амиа алдахгүй байсан юм. Охиныг зам хөндлөн гараад гүйх үед нь араас нь мөргөсөн. Охиныг мөргөх үедээ 80 гаруй километр цагийн хурдтай давхиж явсан гэж ослын газарт ажилласан цагдаа нар онцлон хэлж байсан юм. Охиныг мөргөсөн цагдаагийн машины урд салхины шил охины толгой хүчтэй мөргөсөн хэсгээр хонхойж цааш орсон байна лээ. Мөн машины хамар охины биеийн хэсгээр дотогш чихэгдэж орсон, урд талын буфер хагарсан байдлаас харахад ахлах ахлагч Н.Ууганбаяр өндөр хурдтай давхиж явсан нь тодорхой байгаа юм.

Цагдаа нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргадаг

Сүүлийнх үед цагдаагийн алба хаагч нар автомашин унаж яваад осол гаргах явдал хэрээс хэтэрсэн. Бүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан тохиолдол ч байдаг. Саяхан гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордноос Цайз зах руу өгсөх замд зам хөндлөн гарч явсан иргэнийг автомашин мөргөж, бэртээсэн хэрэг гарсан. Машинд ЦЕГ-ын ажилчид сууж явсан байдаг. Хоёр жилийн өмнө Хандгайт чиглэлийн зуслангийн парк шинэчлэлээр олгогдсон замын цагдаагийн шинэ автомашин осолдсон байна. Замын цагдаа хурд хэтрүүлэн давхиж яваад онхолдсон байдаг. Мөн Дарханаас Эрдэнэт хүрэх замд 52-06 УБУ улсын дугаартай микро автобус осолдож байсан. Хан-Уул болон Баянзүрх дүүргийн 47-49 насны С. А хэмээх хоёр цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдсон юм. Ослын улмаас арван настай охин амиа алдаж байсан. Мөн өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн цагдаа Алтанбулаг хилийн боомтын ойролцоо нэгэн иргэнийг дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтаасан хэрэг гарч байсан. Энэ мэт цагдаа нартай холбоотой осол аваар олон удаа гарах болсон. Мөн өдөр бүр цагдаа нар түгжрэлтэй зам дээр дохиогоо хангинуулан замын урсгал сөрж давхиж яваатай тааралддаг. Тэд хотын төвөөр дүрэм зөрчин давхиж осол аваар хийдэг. Саяхан гэхэд Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчид шөнөжин архидаад нэг машиндаа чихэлдэж явсан байдаг. Тэднийг эргүүлээр явж байсан цагдаа зогсоогоод өөрийгөө удирдах чадваргүй болтлоо архи уусан замын цагдаа машин барьж явахад нь тааралдсан боловч юу ч хэлэлгүй явуулсан байдаг. Цагдаа цагдаагаа шалгадаггүй болохоор замын цагдаа нар согтуу цагдаа явж байсан ч нүдээ аниад явуулчихдаг юм билээ. Энэ мэт хууль журмыг хэрэгжүүлэх ёстой цагдаа нарын даварсан хэрээс хэтэрсэн үйлдэл олон байдаг. Өчигдөр амиа алдсан 12 настай охин ч гэсэн хуулийг уландаа гишгэсэн цагдаагийн урсгал сөрж явсан машинд дайруулсан. Хэрэв ахлах ахлагч Н.Ууганбаяр цагдаагийн машин унаж, төрийн хувцас өмсөөгүй байсан бол бусадтай адилхан яарсан ч гэсэн түгжрээд явж байх байсан.

Өнгөрсөн жил 37 хүүхэд автомашины ослоор амиа алдсан

Сүүлийн үед бага насны хүүхдүүд автомашинд мөргүүлж амиа алдах болсон. Амиа алдсан хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд 2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэний дотор хүүхэд өртсөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэрийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэх тоог Нийслэлийн замын цагдаагийн газраас гаргасан байдаг. Мөн энэ оны найман сарын байдлаар 100 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Харин хичээлийн шинэ жил эхлээд арав гаруй хоногийн дотор 24 хүүхэд машинд мөргүүлж нэг хүүхэд амиа алдаж 16 хүүхэд хүнд бэртэл авсан байна.

Э.Хүрэлбаатар

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *