Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү баяр нь 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг байна. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Ингээд Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг яагаад тэмдэглэдэг болсон тухай товч мэдээллийг хүргэж байна.
Анх Нью-Йорк энэхүү жагсаалын дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна.
Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.
Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Орчин үед Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эл өдрийг тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекистанд “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна.
ЭНЭ ӨДРИЙН ТҮҮХЭН ДАРААЛАЛ:
1857 он – Оёдлын болон гутлын үйлдвэрийн эмэгтэйчүүд үйлдвэрийн удирдлагууддаа зүй ёсны шаардлага тавив
1909 он – АНУ-д социалист намын шийдвэрийн даргаар Эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэх болов.
1910 он – Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаар сонгуульд оролцох эрхийн болон бусад эрхээ хамгаалахаар “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэр гарав.
1911 он – Дэлхий нийтээр анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн жагсаал цуглаан хийв. Тэд эмэгтэйчүүдийн сонгох болон сонгогдох эрх, төрийн алба хаших, бусадтай ажил нөхцлөөр ажил эрхлэх, боловсрол эзэмших, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэв.Гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд ийн нэгдэж тэмдэглэсэн байдаг.
1913-1914 он – 1913 онд ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн Нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдсэн бол, 1914 онд гуравдугаар сарын найман орчимд Европын бусад орны эмэгтэйчүүд энхтайвны төлөө эв санаа нэгдэн жагсав.
1917 он – Дэлхийн нэгдүгээр дайнд хоёр сая гаруй эр цэргээ алдсан ЗХУ-ын эмэгтэйчүүд хоол хүнс, энх тайвныг шаардан хоёрдугаар сарын сүүлд ажил хаялт зарлав. Энэ нь тухайн үеийн Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-н буюу Грегорианы тооллын гуравдугаар сарын 8-ны өдөр байсан гэдэг.
1975 он – НҮБ-ын Ерөнхий Чуулганаас албан ёсоор энэ жилийг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”, энэ өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон зарлажээ. Энэ онд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан байдаг.
2011 он – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалжээ.
Зарим улс оронд “Мартын-8”-ны баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар товч мэдээлэл хүргэж байна.
Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?
Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахстан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагаскар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.
Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээж, эхнэр, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч, баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээж, эмээ нартаа бэлэг өгч баярлуулдаг аж.
Хятад
Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хот бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.
Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж. Дашрамд дурдахад, бүх л эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр зорьдог тул энэ өдөр бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ.
Орос
Манай хойд хөрш мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг байна.
Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг бөгөөд эрчүүд цэцэг, сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ, шоколад, бусад бэлгийн хамт ээж, эхнэр, эмээ, эгч, охиддоо бэлэглэдэг гэнэ.
Харин зарим орос эрчүүд бүхэл өдрийн турш аяга, таваг угаан, хоол хийж, хүүхдээ асарсаар өнгөрүүлдэг бол эхнэрүүд нь найзуудтайгаа наргиж цэнгэж тэмдэглэдэг аж.
Герман
Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийг тэмдэглэдэг байжээ. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байсан гэнэ.
Хоёр Герман нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ болсон бөгөөд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.
Итали
Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй.
Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй үйлчилдэг аж.
Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.
Болгар
Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай.
Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.
Түркменстанд Мартын 8-ны баяр ЗХУ-ын үеэс уламжлал болгон тэмдэглэн ирсэн албан ёсны баяр. Гэвч 2001 онд тухайн үед Түркмен улсын Ерөнхийлөгч байсан Сапармұрат Ниязов Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглосон. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн мусылман шашинтны хаврын баяр Наурызын баярыг Түркменстан улсад “Хаврын баяр эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэж байхаар зарлиг гаргаж байв. Харин 2008 онд Сапармұрат Ниязовын дараа сонгогдсон Түркменстаны одоогийн Ерөнхийлөгч Гурбануглы Бердымухамедов Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Мартын 8-ны баярыг дахин сэргээсэн байна.