Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 11,12-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.