Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг маргааш буюу энэ сарын 30-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгийн үеэр ХНХЯ, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх аж.
Сүхбаатарын талбайд зохион байгуулах нэгдсэн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм байна.
Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгт:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут,
Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв,
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор,
“Өнөр бүл” хүүхдийн төв,
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв,
Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
Өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос нэг цэгээс авах боломжтой. аж. Тухайлбал, ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ уг өдөрлөгийн үеэр болох бөгөөд 60 гаруй томоохон аж ахуйн нэгж ажлын захиалга өгсөн. Харин ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлнэ. Тиймээс өдөрлөгт ирсэнээр ажилд зуучлуулах нээлттэй болж байна гэдгийг ХХҮЕГ дарга Б.Нямдаваа онцоллоо.
Харин бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлнэ. өөрөөр хэлбэл ажил хайж байгаа хүмүүст том боломж олгож байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон арга хэмжээ нэг дор болно.
Дашрамд сонирхуулахад Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх мэдээлэл зөвлөгөө шаардлагатай байгаа бол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ААН, ТББ мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө хэрэгтэй бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд ажиллаж шаардлагатай бүхий л мэдээллийг өгч үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.