Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дүүргүүд болон дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээнээ хийх юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилтын давтамжийг энэ хугацаанд 2 дахин нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж байгаа Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани, бусад хувийн хэвшлийн нийт 16 компаниудад зам замын байгууламжийн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож ажиллахыг үүрэг болгов.
Эрчимжүүлсэн их цэвэрлэгээний өдрүүдээр дүүргүүдийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хог хаягдал, хот тохижилтын олон нийтийн байцаагч нар аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хог ачилтын байдалд хяналт шалгалт хийж ажиллах бөгөөд цэвэрлэгээний үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах юм. Цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон, хог хаягдлаа бүрэн ачуулаагүй, орчны бохирдолтой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүд орчин тойрны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хороо, дүүргээс зохион байгуулж байгаа цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж УЛААНБААТАР ХОТЫНЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАнаас мэдээллээ.