“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас бөхчүүд оролцоно. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болох бөгөөд зочин бөхчүүд бүх барилдаанд оролцож болох юм байна. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгон барилдах аж.
Монгол туургатны бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн өнөөдөр 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, оролцох бөхчүүд тодрох юм байна. Энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас алдартай бөхчүүд оролцохоор болжээ.
2008 онд Монгол туургатны барилдаан үндэсний бөхийн төрлөөр Улаанбаатарт анх удаа болж байсан бол энэ удаа гурван төрлөөр зохиогдохоор болсон байна.