Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцдог. Энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ. Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгээд байна. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.