Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манжийн дарлал гэгчийн тухай

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

-1911 ОНЫ ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСЭН ХУВЬСГАЛЫН ОНЦЛОГИЙН ТУХАЙ БОДРОЛ-

1. Юун түрүүн түүхэн үнэлгээнд өдгөө өөрөөр хандмаар санагддаг. Одоо хэрэглэж байгаа дүгнэлт хандлага болгон нь СССР-ийн Шинжлэх ухааны академиас 1949 онд бичиж 1954 онд монгол хэлнээ орчуулагдсан тэр эхийг баримталж ирсэн юм. Хэт ангич марксист тайлбар хандлага нь түүхийн үнэнтэй нийцэхгүй төдийгүй монгол үндэстнийг гутаасан, түүхийн явцыг нь үндэсний бахархал, эх оронч үзэл санааных нь эсрэг хандуулсан агаад энэхүү зохиомол түүхийн инерци сүүдэр одоо болтол үргэлжилсээр буй.

2. “Манжийн дарлал”, “манжийн колончилол” гэх нэр томьёо 1950-иад оны үеэс буй болсон. Гадаад Монгол нь бүхий л шинжээрээ Манж Чин улстай вассалийн харилцаатай байсан. Феодлын ёст орнуудад ийм харилцаа дундад зууны үед элбэг байв. Тухайлбал, XIII зууны Монгол дахь аймаг угсаатнуудын ихэнх нь тухайн үеийн хүчирхэг Алтан улсын вассал байжээ. Манж Чин улсын үед Солонгос мөн вассал байсан авч өдгөө тэд өөрсдийгөө Манжийн дарлал колончлолд байсан гэдэггүй.

3. Өвөр Монгол, Гадаад Монголын түүхэн хувь заяа XVII зуунаас салсан. 1636 онд Өвөр Монголын 49 хошуу Манжийн төрд албан ёсоор дагаар орж нэг субьект болсон. Амбагай сэцэн хаан Хубилайн хасбуу тамгыг гартаа оруулсан учир нийт Монголыг төдийгүй нийт Хятадыг захирах хааны эрхтэй боллоо гэж зарласныг тэд хүлээн авсан юм. Харин энэ мэхэнд Халх, Ойрад автаагүй тусгаар хэвээр үлдсэн. Халх-Ойрадын дайн болсон учир Занабазар тэргүүтэй халхчууд урагш хөөгдөн очсон боловч 1696 онд Долоннуурт тохиролцоо байгуулан Манжийн вассал болсон. Энэ үеэс Дотоод Монгол буюу хятадаар “нэй монгу”, Гадаад Монгол буюу “вэй монгу” гэсэн нэршил үүссэн. Энэ нь “манай монгол”, “манай биш монгол” гэсэн утгыг илэрхийлж буй. Хууль эрх зүй, тухайн ба өнөөгийн олон улсын гэрээ эрхийн ойлголтоор дагаар орсон, гэрээгээр орсон, эзлэгдсэн зэрэг нь хоорондоо эрс ялгаатай.

4. Жүрчин угсааны нүүдэлчид нэн эртнээс өөрийн төр улсыг байгуулсан. VII зуунд байгуулагдсан Бохай бол тэдний анхны төрт улс. Бохай нь хятангуудад (Кидан) дарагдсан боловч тэд удалгүй ХI зуунд Алтан улсыг (манжаар Анчун гүрүн) байгуулаад зуун жилийн дараа монголчуудад эзлэгдсэн. XVI зуунаас гурав дахь удаагаа дахин сэргэж улсаа мөн л Алтан улс (хятадаар Жинь чао) гэж нэрлэжээ. Нурхач баатарын хүү Амбагай сэцэн жүрчин нарын нэрийг сольж “манж” гэх болсон ба үүнийг зарим эрдэмтэд маньжоу овгийнхны нэр гэж тайлдаг. Гэвч зарим тайлбараар Хубилай хааны хас тамгыг гартаа оруулсан Амбагай хаан монголчуудтай нийлж Хятад гүрнийг захирах эрхтэй боллоо хэмээн 1635 онд “манж”, “монгол” гэсэн хоёр нэрийг нийлүүлж “монжу” гэсэн шинэ нэр зохиосон ч гэдэг.

5. Манж нар 1644 онд Бээжинг эзэлж улмаар бүх Хятадыг захирах болсноор манж, монгол, хань хятад болон Хятадад хамаарч байсан олон үндэстнийг нийлүүлсэн их гүрнээ Чин буюу хятадаар Да Чин го гэх болсон ба үүнийг мөн монгол хэлний “дайчин гүрэн” (байлдаанч, дайнч?) гэсэн гэж үг гэж зарим нь тайлбарладаг. Олон үндэстний энэ улсад манж ба монгол гэсэн хоёр үндэстэн онцгой эрх эдэлж байв. Газар нутаг нь Хятадаас тусгаарлагдсан онцгой бүс, хүн ам нь татвараас гадуур төдийгүй хэргэм зэрэгтнүүд нь пүнлүү хэмээх сул цалин хүртдэг, төрийн ажилтнууд нь өндөр цалинтай, хариуцлага багатай. Цол хэргэм, албан тушаалын дээд эгнээнд зөвхөн энэ хоёр үндэстэн дэвших эрхтэй. Хоорондоо гэрлэж бараалахыг төрөөс дэмжин цол хэргэм олгож пүнлүүгээр тэтгэх мөртөө аль алиныг нь өөр үндэстэнтэй холилдохыг хуулиар хориглоно.

6. Монголчуудын нэгэн адил нүүдэлчин манж нар хүн ам олонтой хятадуудаас алсдаа айдаг байжээ. Иймээс цөөн монголчуудын эрх ашигийг хятадуудаас хамгаалах үүрэг өөртөө авсан. Харин дайн байлдаанд сайн монголчууд Манжийн хааныг аюулд орвол цэрэг цуухаар тусалж байх үүрэг өөртөө оногдуулжээ.

7. Манж хүн биеийн хөдөлмөр хийж болохгүй, зөвхөн удирдах албанд ажиллана гэсэн хуулийн дагуу цөөн хүн ам бүхий манж нар бараг бүгд дарга болсон боловч Хятадын төрийн уламжлалт нүсэр аппаратад тэд ердөө 16 хувь эзэлж байв. Иймээс эрс тэс амьсгалтай хүйтэн Монголын өндөрлөгт ирж ажиллах манж хүн барагтай бол олддоггүй. Тэд томилолт зарлигаар хамгийн их хойшиллоо гэхэд Хаалган, Хөххотод ирж ажиллана, тэрнээс умар тийш хаа нэгтэй шалгалтаар төлөөлөгч ирэх нь бий. Иймээс ялангуяа Гадаад Монголд төрийн алба, амбан төлөөлөгч, цэргийн удирдлагын ажлыг бараг үргэлж монгол хүн гүйцэтгэж байсан. Колончилол гэдэг нь эзэлсэн нутагтаа үй олноороо ирж суурьшихыг хэлдэг, гэтэл Манж Чин улсын үед монголчууд манж хүн нүдээр харсан нь ч бараг үгүй.

8. Манж Чин гүрнээс монголчуудыг дайн байлдаанд үргэлж ашиглаж байсан нь Долоннуурын тохиролцооны биелэл байх. Канси хаан өөрөө биечлэн толгойлж Халхад орж ирэн Галданг дутаасан тулалдаанд цэргийн бүрэлдэхүүн нь бараг дан ганц монголчуудаас бүрдэж байв. Ойрдыг цэрэглэн дарахад Найман тугийн цэргийн туг болгоны дарга нь монголчууд, тэр дундаа Хөх нуурын дөрвөдүүд байсан юм. Оросоос хилээ хамгаалах Хармөрний, Улиастайн, Илтарвагатайн гурван том цэргийн хурангийн хоёрыг нь дан монголчууд хариуцаж байлаа. Хар тамхины дайнд ч, Тайпингийн болон боксэрийн бослогын үед ч, хожим нь өрнөдийн орнууд Бээжинг эзэлсэн тулалдаанд ч монгол дайчид хороо удирдан байлдаж Манжийн хааныг хамгаалж нэр алдраа дуурсгаж явсан.

9. Ойрадыг эзэлсний дараа Халх Ойрад хоёр нэг гэрт орж нийлээд Гадаад Монгол болсон. Үүний дараа Манжийн төрөөс 1762 онд Монголд зориулсан хууль гаргасан нь “Монгол цааз хууль” нэртэй 11 дэвтрээр хэвлэгдсэн. Энд Долоннуурын гэрээг батжуулан хуульчилснаас гадна Гадаад Монголыг хятадуудаас тусгаарлах, хүн амыг нь холилдуулахгүй байх олон нэмэлт заалт оруулжээ.

10. 1907 онд Хятад нь үндсэн хуульт хаант улс болохоор шийдсэн учир урьд мөрдөж байсан Монголын талаарх хуулиудаа хүчингүй болгожээ. Үүнээс болж хятадууд Гадаад Монголд олноор ирж суурьших болсон байна. Мөн татвар төлдөггүй, манжийн хаанаас зөвхөн бэлэг пүнлүү авдаг байсан монголын феодлууд хуучин эрх ямбанаасаа өөрийн эрхгүй салсан байна. Ийм ийм шалтгаанаар ерөөс Манжийн хаанаас салж тусгаар улсаа байгуулах хөдөлгөөн феодал ноёдын дунд үүсчээ.

11. Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг Богд толгойлсон. Түүнээс өөр хүн толгойлох ямар ч бололцоо байгаагүй. Монголчуудыг нэгтгэж байсан хамгийн хүчирхэг хүчин зүйл нь шарын шашин байлаа. Хэдийгээр тусгаар Монголын хаан ширээнд Чингисийн удмынхан гарах ёстой гэсэн хэл ам гарч байсан боловч энэ нь нийт монголчууд байтугай халх дөрвөн аймгийг ч бутаргах аюултай байсан.

12. 1911 оны аравдугаар сард Манж Чин гүрнийг эсэргүүцсэн бослого Учуанд болоход гадаад монголчууд Манж Чингийн хаанд хандан мөнөөх Долоннуурын гэрээгээр цэрэг хөдөлгөх үүрэгтэй учир энэ талаар асуусан бичиг илгээж байсан нь Гадаад Монгол ба Манжийн хааны хооронд вассалын гэрээ байсныг давхар нотолдог. Ер нь аль 1636 онд өвөр монголчууд манжтай нийлэн вассалын тохиролцоонд хүрэхэд Амбагай сэцэн хаанаас “Хэзээ нэгэн цагт Манжийн төр мөхдөг юм гэхэд монголчууд тусгаарлан өөрсдийн бие даасан төр улсаа дахин байгуулах эрхтэй” гэж амлажээ.

13. Цинхай хувьсгалыг өнөөдөр хаант засгийг эсэргүүцэж бүгд найрамдах улс байгуулсан ганцхан талаас нь тайлбарладаг. Гэтэл тухайн үедээ энэ хувьсгалын удирдагч Сун Ятсэн харь Манжийн дарлалаас Хятадыг чөлөөлнө гэж гол зорилгоо томьёолж байсан. Харь Манжийн Чинг унагаж хятадуудын өөрийн Мин династийг байгуулна гэлцэж хувьсгалын ялалтын дараа он тооллоо шинээр эхэлдэг хятад уламжлалаар эртний домгийн хаан Хуандигаас тоолон 4609 оныг зарлаж байв.

14. Манжийн дарлалд байсан, хятадын колони байсан зэрэг тайлбар нь гадаад монголчууд 220 жилийн турш Хятадын нэг хэсэг байсан ба нэгэн өрх гэртээ эргэж нэгдэх тухай элдэв утгагүй хэл ярианы түүхийн баталгаа буй болгох гэсэн том шалтаг юм.

15. 1911 онд байгуулагдсан Монголын төр нь нэг талаас теократ хэмжээлшгүй эрхт хаант төр байсан боловч нөгөө талаас орчин үеийн төрийн тогтолцоог буй болгосон онцлогтой. Наполеоноос эхтэй энэхүү европ хэвшлийн төрийн тогтолцоо нь энэ үед нийт Европ, Хойд Өмнөд Америкт хэвшсэн байсан ба Азийн олон оронд бас нэвтрээд байсан юм. Төрийн яамдуудтай, сайд нарын танхимтай гэх мэт. Өрнө зүгийн хэв маягт сургууль эмнэлгийн хэлбэрүүд тэр үед үүссэн. Нэг үгэндээ бүх юм 1921 оноос эхтэй биш.

2011.12.12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *