Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манила

Энэ сарын эхээр Филиппин улсын нийслэл Манила хотод Азийн Хөгжлийн банкны 51дэх чуулга уулзалтад оролцлоо. Филиппин улс бол гэрийн үйлчлэгч сайтай, англи хэлийг скайп, мессенжер, цахимаар заачихдаг, сүүлийн үед улсын ерөнхийлөгч нь хар тамхичидтайгаа хатуу гараар тэмцэж байгаа гээд манайхан сайн мэддэг болсон. Филиппин улс бол 7,641 арлаас бүрдсэн улс юм. Баруун талдаа Өмнөд Хятадын тэнгис болон Вьетнам улсын далайн хилтэй, хойд талдаа Тайваньтай далайгаар хиллэдэг, зүүн талдаа Палау гэдэг жижиг арлын оронтой далайн хилтэй, урд талдаа Малайз болон Индонез улстай мөн л далайн хилтэй. Газар зүйн хувьд Ази Номхон далайн хамгийн ашигтай байрлалтай, үүнийгээ дагаад Ази Номхон далайг хянах сонирхолтой улс гүрнүүдийн хувьд чухал оронд тооцогддог. Нийслэл Манила хотын төвд Азийн Хөгжлийн банкны төв байр байрлана. Зүүн Азийн орнууд хотын төв нь 20, 30 давхар шилэн орчин үеийн уран барилгууд дүүрэн байдаг ч Азийн Хөгжлийн банкны төв байр тийм биш аж. Өөрийн гэсэн дэгжин өнгө төрхтэй, дэлхийн олон орон үндэстний өвөрмөц соёл ахуйг шингээсэн хийц дизайнтай байр юм.

Азийн Хөгжлийн банк дэлхийн 67 улс оронд үйл ажиллагаа явуулдаг, үүнээс 48 улс нь Азийн хөгжиж буй болон өндөр хөгжсөн орнууд. Тийм учраас төв байрны уран ганган загвар нь Азийн соёлыг түлхүү тусгасан юм уу гэмээр. Жил болгоны энэ өдөр Азийн Хөгжлийн банкны гишүүн орон болгонд суугаа суурин төлөөлөгчид болон тухайн орны сангийн сайд нар, хувийн хэвшлийнхэн ирж бүтэн жилийнхээ ажлын амжилтаа тайлагнаж, мөн дараа жилийн бодлого боловсруулах гэж, Азийн орнуудын тулгараад байгаа бэрхшээлүүдийг ярилцахаар, түүнийгээ даван гарах гарц олохын тулд жилдээ нэг удаа цуглаж хуралддаг юм байна.

Энэ жилийн хувьд Азийн Хөгжлийн банкны чуулганы гол сэдвийн нэг бол аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал эрэн, хиймэл оюун ухаанд суурилсан роботоос ажлын байраа хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг сэдэв их сонирхолтой, өргөн хүрээтэй болсон билээ. Учир нь Ази тивийн орнууд тэр дундаа Филиппин, Индонез, Малайз, Шри Ланка, Энэтхэг, Хятад зэрэг улсууд хүн ам ихтэй учир ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах нь том асуудал байдаг. Гэтэл хурдацтай хөгжиж буй дижитал эринд “роботон ажилчдын” өөдөөс ард түмнээ хэрхэн бэлтгэх вэ гэдэг нь мөн л асуудал болоод байгаа. Энэ бүхнээс гарц шийдэл хайхаар төсөл, судалгаа, шинжилгээ хэрэгжүүлж байгаа орны мэргэжилтнүүд, ахлах зөвлөхүүд цугларч цэц булаалдаж, боловсруулсан материалаараа илтгэл тавьж, мэтгэлцэж гурван хоног чуулсан билээ.

Азийн Хөгжлийн банкны үе үеийн ерөнхийлөгч нар япон хүмүүс байх юм. Учир нь япончууд Азийн Хөгжлийн банкийг тэртээ 1966 онд бий болгосон гол орнуудын нэг аж. Тиймээс Японы пүүс компани, аж ахуйн нэгжүүд илүү үүрэг рольтой оролцох юм билээ.

Өнөө жилийн чуулга уулзалтад 4000 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор ирсэн байлаа. Эхний өдрийн үйл ажиллагааны онцлох сэдэв “Технологийн өөрчлөлт, Даяаршил ба Ази дахь ажлын байр“ сэдвээр хэлэлцүүлэг болов. Япон улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Таро Асо “Технологийн өөрчлөлтөд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд сайн технологич байх албагүй ээ, тухайн технологийг сайн хэрэглэж, ашиглаж сурах, эзэмших л хэрэгтэй” гэлээ. Өөрөөр хэлбэл сайн хэрэглэгч л байхад хангалттай юм байна. Мөн тэрээр “Би 77 настай ч одоо болтол тэтгэвэрт гараагүй, Япон улсын Шадар сайд, Сангийн сайд гэсэн хоёр албан тушаал зэрэг хашиж байна, тэгэхээр ажлын байранд хүн гологдохгүй ээ” гээд инээж суув. Тэрээр Япон Улсын Гадаад хэргийн сайд, Санхүүгийн үйлчилгээний сайд, 59 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан арвин их туршлагатай нэгэн билээ.

Түүний араас 72 настай Филиппин улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Карлос Домингуэз үг хэлэхдээ “Технологийн өөрчлөлт ажлын байрыг булааж байгаа ч бас шинээр ажлын байрыг олноор бий болгож байгаа сайн талууд ч байгаа. Филиппин хүмүүс заавал гадагшаа явахгүйгээр гэрээсээ технологийн давуу талыг ашиглаж англи хэл зааж байна, интернэтээр худалдаа наймаа ч найдвартай түргэн шуурхай хийж чадаж байна“ хэмээн ярьсан юм. Мөн тэрээр “Ажилчдын зүгээс технологийн өөрчлөлтөд дасан зохицохын тулд байнгын ажиллагаатай байх хэрэгтэй” гэсэн юм. Тэрээр Филиппин улсын топ бизнесмэн, мөн Филиппиний иргэний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа тус авиа компанийг Зүүн Өмнөд Азийн гол тоглогч болгож чадсан гавьяатай нэгэн билээ.

Филиппин улс бол гэрийн үйлчлэгч, хүүхдийн асрагчаар дэлхийд тэргүүлдэг. 100 сая хүн амтай, улсын ажлын байрны эрэлт хэрэгцээ асар их байх нь ойлгомжтой. Хиймэл оюун ухаантай роботууд хүн төрөлхтний өдөр тутмын аж амьдралд нэвтэрвэл энэ улс хэцүүдэж таарна. Өөрөөр хэлбэл роботууд гэрийн асрагч үйлчлэгч болоод эхэлвэл яана вэ. Үнэхээр ч XXI зуунд техник технологи хурдацтай хөгжиж, ажлын байруудыг цоо шинээр бий болгож байгаа ч хуучин уламжлалт ажлын байруудад заналхийлж байгаа билээ.

Дараагийн хэлэлцүүлэг мөн л сонирхолтой болов. Азийн Хөгжлийн Банкны жил бүрийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулдаг CNBC телевизийн хэлэлцүүлгийн сэдэв нь “Технологийн өөрчлөлт, технологийн дэвшил, шинэ технологи ба хөгжиж буй хурд, аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалын шинэ технологид хэрхэн дасан зохицох вэ” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг болсон юм. Уг хэлэлцүүлэгт Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч ноён Такихико Накао, Шри Ланкийн Сангийн сайд, Хэвлэл мэдээллийн сайд, Азийн Хөгжлийн Банкны Шри Ланк улс дахь дарга Мангала Самаравера, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) –ын Эрчим Хүч ба Байгалийн Нөөцийн менежмэнтийн газрын захирал хатагтай Нандита Паршад, Кикстарт Вентура компанийн Ерөнхийлөгч, мөн Шинэ Бизнесийн Группийн ахлах дэд ерөнхийлөгч хатагтай Минэтэ Наварит нар оролцсон юм. Уг хэлэлцүүлэгт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь зөвхөн зам, гүүр, далангаас хамаагүй их юм. Технологийн дэвшил ухаалаг хотуудыг байгуулснаар хамгийн сүүлийн үеийн байгаль орчны шинэлэг санаачилгуудаас эхлээд триллион долларын хөрөнгө босгож байна. Дараагийн технологийн дэвшил хаанаас гарах вэ? Энэ нь нийгэмд ямар ашиг тустай байх вэ, хөрөнгө оруулалтын ямар боломж олгох вэ? Эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүрийг шинэлэг болгохын тулд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ? гэх зэргээр олон сонирхолтой сэдвүүдээр ярилцсан юм. Тус телевизийн зохиосон мэтгэлцээнд Нандита Паршад хэмээх энэтхэг гаралтай эмэгтэй Монголыг хөгжиж буй Азийн орны жишээ болгож хэд хэдэн удаа дурдсан юм. Манай улсын хувьд байгалийн баялаг ихтэй ч тухайн салбар нь нийт хүн амынх нь ердөө 0.4 хувьд нь ажлын байр бий болгосон. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт их хийгдэх болсон. Үүнийгээ дагаад хөгжиж буй орны жишээ болохуйц, үлгэрлэх аястай. Хурал болгон дээр шахуу Монголын уул уурай, сэргээгдэх эрчим хүч, хүн амын нягтаршил бага, хөдөө аж ахуй гэх мэтээр жишээ болж яригдсаар байв. Хатагтай Нандита Паршад бол Энэтхэг, Зүүн Европ, хуучин Зөвлөлт Холбоот Улс, Монгол, Турк, Ойрхи Дорнод, Хойд Африк гэх мэт төрөл бүрийн хөгжиж буй эдийн засагтай орнуудын эрчим хүчний салбарт сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгаа туршлагатай юм билээ. Тэрээр “Дараагийн технологийн өөрчлөлт нь робот биш, харин эрдэмтэд байх болно” гэж онцолж хэлсэн нь үнэхээр оновчтой санагдсан. Өөрөөр хэлбэл технологийн дэвшил, хиймэл оюун ухаантай робот гэж ярьж байгаа ч энэ бүхний ард хүн л байгаа шүү дээ.

Уг хэлэлцүүлэгт Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч ноён Такихико Накао хэлэхдээ “Технологийн дэвшлийг Азийн Хөгжлийн Банкны бүх салбарт хэрэглэнэ, жишээ нь газар тариалангийн талбайд хиймэл дагуулын тусламжтайгаар усжуулалтын системд хэрэглэнэ, мөн эрүүл мэндийн салбарын тогтолцоог илүү үр дүнтэй болгоход ашиглах бол боловсролын салбарт хүртэл алсын зайны технологи ашиглана” гэж индэр дээрээс мэдэгдсэн. Чуулганы сүүлчийн өдөр Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дүтэртэ ирж хаалтын арга хэмжээнд оролцсон юм. Тэрээр Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч ноён Такихико Накаотай уулзах үедээ “Би ийм их мөнгөтэй олон хүн таньдаггүй байсан. Та надад илүү их зээл өгч чадах уу? Эдийн засгийн ашигтай байдлын хүрээнд би эерэг бодолтой байна” гэж инээмсэглэн хэлсээр хаалтын үйл ажиллагаа өндөрлөсөн.

Жил болгон уг арга хэмжээг Азийн Хөгжлийн Банкны гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Түүнийхээ дагуу ирэх жилийн уулзалтыг Фижи гэдэг 900 мянган хүн амтай Номхон далайн дунд байрлах жижигхэн арал улс зохион байгуулахаар болсон юм.

М.БАЯНБУЛАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *